П.Наранбаяр: Манлайлал мэндлэх, хүндлэх ёсноос эхэлдэг

ЗГМ: Зочин


Багш хүний хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэх хэрэгтэй

Олон улсын багш нарын баярыг тохиолдуулан “Шинэ Монгол” сургуулийн захирал П.Наранбаярыг “Зочин” буландаа урилаа. Болзсон ёсоор 09.00 цагт албан тасалгаанд нь очтол боловсролын салбарын халуун сэдвээр бидний яриа эхэлсэн юм. Тэрбээр цонхны цаанаас гялбах нарны хурц туяаг халхлахаар хөшгөө тохируулангаа “Багш нарын ажил хаялт юу болж байна” хэмээв. “Сануулах ажил хаялт зохион байгуулна гэсэн” гэхэд “Хохирч үлдэх нь сурагчид л юм даа” хэмээгээд биднийг ширээнд урив. Багш нарын ажил хаялтыг хэр зэрэг дэмжиж байгааг нь сонирхоход “Зарчмын хувьд багш хүний хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх нь зөв шүү дээ. Харамсалтай нь, улс орны санхүүгийн чадавх сайнгүй байна. Багш нар маань төсвөөс санхүүждэгийн хувьд энэ нөөц бололцоонд нь тааруулж шаардлага тавих нь зөв байсан болов уу” гэлээ.

Хүүхдийн өв тэгш боловсрол гэж юуг хэлээд байна вэ?
-Боловсрол бол хүний оюун ухаан, зүрх сэтгэл, бие бялдрын шүтэлцээнд оршдог. Оюун ухаан талаас нь хөгжүүлбэл мэдлэг давамгайлна. Маш том толгойтой ч жижигхэн биетэй, бяцхан зүрхтэй байвал хүүхэд амьдарч чадахгүй. Харин зүрх сэтгэлийг нь сайхан болгоё гээд л хөгжүүлээд байвал жижигхэн толгойтой хүн дэлхийтэй нийлж алхахад хэцүү. Бие бялдрыг нь хүчтэй болгоё гэвэл бас өрөөсгөл. Тиймээс энэ гурвын шүтэлцээ бол боловсрол юм гэсэн үзэл санааг бид хэрэгжүүлдэг. Үүнээс гадна манай сургууль төгсөгчидтэйгөө байнга харилцаатай байдаг нь нүдэнд үл үзэгдэх баялаг бий болгодог.

- Та Монгол Улсын шинэ иргэд ямар байгаасай гэж хүсдэг вэ?
-Сайхан асуулт байна. Аз жаргалыг эрхэмлэдэг байгаасай. Бусдад туслах, талархах сэтгэлээс аз жаргал бий болдог гэдгийг сайн ойлгох ёстой. Монголчууд бусдад туслах, талархах нийгмийн их капиталтай байсан хүмүүс. Гэвч одоо талархаж чадахаа больсон байна. Хийж буй нэгэндээ туслахгүй атлаа шүүмжлэх нь их. Үүний зэрэгцээ хариуцлагатай, эрх чөлөөтэй байх хэрэгтэй.

-“Шинэ Монгол”-ын төгсөгчид манлайлал сайтай нь аль ч салбарт харагддаг. Манлайлагч гэж хэн бэ?
-Бүхнийг чаддаг хүнийг манлайлагч гэдэггүй. Англиар ярьдаг хүнийг манлайлагч гэж буруу ойлгодог. Уг нь аливааг сайн тал руу нь өөрчилдөг нэгэн байх ёстой гэж ойлгодог. Орчин үеийн боловсрол, гадаад хэлний мэдлэг бол манлайллын өчүүхэн хэсэг. Улс орны удирдагчид англи хэлтэйдээ тэргүүн болсон байна уу. Үгүй шүү дээ. Харин эх хэлээ сайн мэддэг, байгаль орчин, соёл уламжлалдаа хайртай, хүмүүсийн жаргал зовлонг мэдэрдэг хүмүүс л манлайлагч болох ёстой. Уран илтгэлийн дугуйлан, ой тогтоолтын хүнд дасгалуудаар манлайлагч бэлдэнэ гэж байхгүй. Харин хүнийг сонсох, мэндэлж хүндлэх ёсноос манлайлал эхэлдэг.

-Харамсалтай нь эх хэл, соёл уламжлалаа дээдлэх, бие даах чадвар нь чамлалттай санагдаж байгааг илтгэх жишээ олон болсон юм шиг байна?
-Орчин үеийн хүүхдүүд бараг газар гишгэхээ болих нь. Гэрээс нь өргөж гаргаад л машинд суулгаж, сургуульд нь хүргэдэг. Бид бага ангийн сурагчдадаа “Ээж ээ, аав аа би том болсон” гэдэг хөтөлбөр хэрэгжүүлдэг. Хүүхдүүд гэр, эцэг, эхээсээ хол зусланд байх хугацаандаа хувцсаа эвхэхээс эхлээд хөнжил гудсаа өөрсдөө хурааж, хийх ажлаа төлөвлөж сурдаг. Дунд ангид ороход нь Төв аймгийн Баяндэлгэр суманд очиж чулуугаар тоглох, гэр барих, үнээ мал саах гээд долоо хоногийг малчны амьдралаар өнгөрүүлдэг. Сургуулиуд уламжлалын танхимтай байх ёстой гэж ярьдаг.

Багшид урам өгч, хурцалдаг хүмүүс бол эцэг, эхчүүд
Гэхдээ энэ бол үр дүнгүй. Монгол хүн бол монгол гэрт амьдарч, үнээ мал сааж үзэх хэрэгтэй. Хэрэгцээгээ болгож байж л соёл нэвтэрдэг. Түүнээс биш үзүүлэнгийн соёл байж болохгүй. Ахлах ангийн сурагчдаа бол хичээл ормогц нь байгалийн сайхныг мэдрүүлж, үндэсний зан заншилтай нь ойртуулах үүднээс говь руу аялуулдаг. Хүүхэд насандаа Монгол орныхоо гайхамшгийг мэдэхгүй, зөвхөн танхимын хичээл үзнэ гэдэг харамсалтай шүү дээ. Энэ бүх аяллыг Төрийн соёрхолт, зохиолч Д.Батбаяр гуай удирдаж авч явдаг.

-Монголын том сэтгэгчдийн сургаалыг хойч үедээ түгээсэн сайхан уламжлал байна?
-Яг үнэн. Том сэхээтэн гэдэг улс орны тусгаар тогтнолын баталгаа болдог. Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, Д.Нацагдорж, Д.Намдаг зэрэг бичгийн том сэхээтнүүд гарч ирснээр Монголын бичиг соёл яаж хөгжсөн билээ. Энэ мундаг хүмүүст нийтлэг тал бий. Юуны өмнө сайн багш, сайн номтой учирсан байдаг. Мөн сайхан байгальтай газар төрсөн. Энэ бүх гайхамшиг дунд өсөж, төлөвшсөн учраас агуу болсон байдаг. Сурагчид маань ч энэ сайхныг үзээсэй гэж бид хүсдэг.

-Сайн багшийн ач холбогдлыг та гайхалтай тайлбарлалаа. Танай сургууль ер нь багш нараа яаж бэлддэг вэ?
-Сайн багш сайн шавь төрүүлнэ гэсэн зарчмыг мөрддөг. Түүнээс биш мундаг шавьтай газар сайн багш төрнө гэсэн ойлголт байхгүй. Тиймээс сайн багшийг өсгөж хүмүүжүүлэхэд багадаа таван жил зарцуулдаг. Чин сэтгэл буюу хүүхдэд хайртай, хүн чанартай байх нь багш хүнд тавих ёстой хамгийн эхний шалгуур. Мөн мэргэжилдээ хайртай, багшлах дур сонирхолтой хүнийг бид авч, үе шаттай бэлдэж, мэргэжил дээшлүүлдэг.

-Хүүхэд насыг юу чимдэг бол?
-Аз жаргал чимдэг. Хүүхэд аз жаргалтай амьдрах эрхтэй. Харин энэ аз жаргалыг бид л өгөх учиртай. Сургуульд ирээд аз жаргалгүй болчихдог бол муухай шүү дээ. 

-Хэт их хичээлээр дарах нь хүүхэд насыг хулгайлж байна гэх шүүмжлэл байдаг?
-Хүүхдэд нас гэдэг чухал. Хүүхдийн насыг үл тоож хэрхэвч болохгүй. Нас нь бага үед хүүхдийг хичээлээр дарах сайн биш. Харин хүн болж төлөвших, хамт олны дунд биеэ авч явах чадварыг нь гүнзгий суулгах хэрэгтэй. Энэ үед нь хүүхдийг янз бүрийн мэдлэгээр дүүргэх нь тохиромжтой бус. Сониуч зан ихтэй, хичээлдээ болон ном унших дуртай байхад л болно шүү дээ. Ийм хүүхэд л аяндаа хөгждөг. Финланд гэхэд өдөрт 2-3 цаг хичээллээд, үлдсэн хугацааг нь тоглож өнгөрүүлдэг. Харин анги дээшлэх тусам бие даах чадварыг нь дэмждэг. Манай ахлах ангийнхны хичээл 15.00 цаг өнгөрөөгөөд тарна. Дараа нь сонгон болон дугуйлангийн хичээл ордог. Ер нь төгсөх ангийнхан маш их ачаалалтай байдаг.

-Хүүхдийнхээ авьяас, дур сонирхлыг нээхийн тулд 4-5 дугуйланд явуулах тохиолдол их байна. Үүний сөрөг тал гэж бий юу?
-Би хувьдаа үүнийг хүүхдийн төлөвшилд сайнаар нөлөөлдөг гэж хэлж чадахгүй. 3-4 гэдэг арай л хэтэрч байна. Хүүхэд ээж аав, гэр бүл, найз нөхөдтэйгөө цуг байж аз жаргалтай болдог. Мэдээж авьяасыг нь хөгжүүлэхээр дугуйланд явуулж болно. Бид бол хоёрдугаар ангиас нь сонирхолд нь нийцүүлээд ганц нэг дугуйланд явуулдаг. Харин дунд ангид бол дугуйланд илүү их анхаарал хандуулдаг. Ер нь танхимын гадуурх сургалтаас гадна сурагчдын өөрөө удирдах зөвлөл, дугуйлан, клубүүдийг маш сайн дэмжих ёстой гэсэн бодлого барьдаг.

-“Шинэ Монгол” 16 төгсөлт хийсэн байна. Тэр үеийн сурагчдын хандлагыг одоо үеийнхтэй харьцуулахад хэр зэрэг өөрчлөгдсөн бол?
-Би энэ сургуулийн захирлаар ажиллаад таван жил болж байна. Тиймээс 16 жилийн өмнөхийг нарийн хэлж мэдэхгүй. Гэхдээ “Шинэ Монгол” сургуулийн төгсөгчидтэй тэр үеэс харилцаж эхэлсэн. Үе үеийн төгсөгчдийн хэлж буй нэг зүйл бол манай нийгэм эд материалын хувьд баян болжээ гэж тэд ярьдаг. Үнэхээр ч тийм. Дэвтэр гэхэд л өчнөөн олон төрөл байна. Харин 16 жилийн өмнө хүүхдийн сэтгэл илүү дэврүүн, хийж бүтээх хүсэл эрмэлзлээр дүүрэн, сэтгэлгээний хувьд баялаг байсан болов уу. Одоо бол нийгмээ дагаад хүүхдүүд сэтгэлийн хувьд дөрвөн хананаасаа гараагүй, фейсбүүкээр ертөнцийг хараад байна уу даа гэж хардаг. Гэхдээ одоогийн хүүхдүүд маш сайн хүмүүжилтэй болсныг хэлэх хэрэгтэй. 1990-2000 онд бол гудамжинд хаа сайгүй зодоон. Хоорондоо чулуугаар байлддаг хүүхдүүд одоо харагдахгүй байна. Мэдээж сэтгэл зүрхний хүмүүжлийг бид сайн олгох ёстой.

-Багш нар хүүхдийн сурлагад эцэг эхийн оролцоо сургуулиас нь илүү чухал гэж ярьдаг. Та үүнтэй санал нийлдэг үү?
-Мэдээж маш чухал. Эцэг эхчүүдэд нэг нийтлэг алдаа бий. Бага ангид нь хичээлд нь маш их оролцдог атлаа дунд, ахлах ангид нь орхичихдог. Уг нь эсрэгээрээ байх ёстой. Гэтэл одоо бага ангид хэтэрхий их оролцоод байна. Аль болох биеийг нь даалгаад, томрох тусам нь анхаарах хэрэгтэй.

-Монголд ойрын жилүүдэд ямар мэргэжил эрэлттэй байх вэ?
-М анай төгсөгчдийн 70 хувь нь байгалийн ухаан, инженер чиглэлээр бэлтгэгдэг. Гэхдээ зах зээл өөрөө маш мэдрэг шүү дээ. Хэдхэн жилийн өмнө уул уурхайн мэргэжилтнүүдийг олноор бэлтгэсэн. Эрэлт ч өндөр байсан.

Гэтэл 2012 оноос салбар нь өөрөө хэцүү байдалд орсон. Одоо бол зам гүүр, барилга, микробиологийн чиглэлээр суралцах хүсэлтэй хүүхдийн тоо нэмэгдэж байна. Төр засгаас хувийн хэвшлээ сайн дэмжээсэй гэж хүсэж байна. Үндэсний нийт бүтээгдэхүүнд хувийн хэвшлийн оролцоо 70 хувиас дээш байх ёстой. Ингэж байж ажлын байр олноор бий болно. Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал ирээд буй энэ эрин үед мэдээлэл технологи, хиймэл оюун ухаан, биотехнологи, робот судлалын маш олон инженер Монголд хэрэг болно шүү. Энэ салбарууд манайд хөгжих боломж өндөр байна.

Хэрэгцээгээ болгож байж соёл нэвтэрдэг
-Та сурагчдадаа ямар зөвлөгөө өгөх дуртай вэ?
-Аз жаргалыг мэдэрч сур гэж хэлэх дуртай. Зовлон гэж харвал зовлон л байна. Ирээдүйд хүрэх гүүр, гишгүүр гэж харвал өөр шүү дээ. Тухайлбал, Японы Ерөнхий сайдаар 1948-1954 онд ажиллаж байсан Ёшида Шигэрүг гадаад харилцаагаар мундаг суралцаад ирэхэд нь Консулын газарт хамгийн доод албан тушаал буюу бичиг хариуцсан атташегаар томилсон.
Түүнд ажил нь огт таалагдаагүй. Гэтэл хадам эцэг нь “Чи ямар азтай хүн бэ. Япон улсын нарийн нууц мэдээллийг консулаасаа өмнө харж байна шүү дээ” гэснээс хойш ажилдаа хандах хандлага нь эрс өөрчлөгдсөн. Улмаар шифрээр ирсэн мэдээллээ тайллын хамт консулдаа өргөн барьдаг болсноор албандаа дэвших зам нь нээгдсэн гэж үздэг. Тиймээс аливааг зөв өнцгөөс нь, болох бүтэх талаас нь харж бай гэж захидаг. Энэ бол шинэ үеийн монголчуудын зүрх сэтгэлд төлөвших ёстой нэг хандлага.

-Хүүхдээ онц сураасай гэж хүсэж байвал багшийг нь хэзээ ч дэргэд нь муулж болохгүй гэж эцэг, эхчүүдэд захидаг. Сурагчдад багшаа гэсэн хүндлэлийг яаж бий болгодог вэ?
-Тийм ээ. Их зөв захиас. Хүүхдийн дэргэд бусдыг муулах шиг муухай зүйл байхгүй. Нэг хүний дэргэд гуравдагч хүнийг муулна гэдэг ёс суртахуунгүй хэрэг. Эцэг, эхүүд үүнийг анхаарах хэрэгтэй. Багш нь буруу зүйл хийвэл өөрт нь эсвэл менежерт нь хэлэх хэрэгтэй. Энэ бол ёс суртахууны наад захын хэмжүүр. Багш хүнд хамгийн их урам өгч, хурцалж байдаг хүмүүс бол эцэг, эхчүүд. Урмыг нь хугалахаар ууцыг нь хугал гэж монгол үг бий. Эцэг, эхчүүдэд би энэ үгийг л хэлмээр байна.

САНАЛ БОЛГОХ