Зоог мэт болсон зохисгүй хэрэглээ

ЗГМ: Сэдэв


Улаанбаатарт 1000 орчим эмийн сан үйл ажиллагаа явуулж байна

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн судалгаагаар өвчин нь хүндэрч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн 60 гаруй хувь нь эмийн зохисгүй хэрэглээнээс болсон байдаг. Хамгийн наад зах нь толгой өвдөх, хамрын ханиад хүрэх төдийд эмийн сан руу очиж, өвчний шинж тэмдгээ хэлэн эм авдаг. Эмчээс асуу гэвэл загнаад ч хамаагүй эм авч байж л гардаг. Хүнсний мухлаг мэт олшроод байгаа эмийн сангууд оршин тогтноод, бүр ашигтай ажилладгийн гол хөшүүрэг нь монголчуудын эмийн хэт хэрэглээ юм.

Гэвч эцсийн мөчид эмийн буруу хэрэглээнээс хохирогч нь иргэд өөрсдөө болдог тул гарах муу үр дагавраас бид л өөрийгөө хамгаалах ёстой. 2016 оны байдлаар Улаанбаатар хотод 894 эмийн санд тусгай зөвшөөрөл олгосон бол энэ оны аравдугаар сарын байдлаар 1000 орчим эмийн сан үйл ажиллагаа явуулж байна гэсэн мэдээллийг НЭМГ өглөө. Тэгэхээр 1.3 сая хүн амтай хотод нэг эмийн санд 1300 хүн ногдож байна гэсэн үг. Гэхдээ байршлын хувьд 1000 гаруй эмийн сангийн дийлэнх нь хотын төвд байрлалтай. Нэг жилийн хугацаанд Улаанбаатарт 100 гаруй эмийн сан нээгдэж буйг харахад эмийн бизнес ямар ашигтай байгааг харж болохоор. Тэгвэл эмийн сангуудад хаанаас хяналт тавьж, ямар шалгуураар зөвшөөрөл олгодог вэ. НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн мэргэжилтэн Б.Батцоож “Өмнө нь 500 ам метр тутамд нэг эмийн сан байна гэсэн заалт байсан. Гэсэн ч ШӨХТГ өрсөлдөөнийг хязгаарлаж байна гэж дүгнэсэн.

Мэдээж хэрэг, эмийн сангийн тоонд анхаарал хандуулах ёстой. Ялангуяа, хотын төвд маш олон эмийн сан үйл ажиллагаа явуулж байгаа. Тиймээс манайх тусгай зөвшөөрөл олгохдоо төвийн байршилд өгөхгүй, аль болох гэр хороолол, алслагдсан бүс, шинээр барьсан байшин хороолол гэх мэт эмнэлгийн тусламж хүртээмж муу газарт байгуулах чиглэлтэй байна” гэв. Өнгөрсөн зургадугаар сард ОХУ-д 3-12 насны 12 хүүхэд эмэнд хордож, амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Хүүхдүүд эмэнд маш хүчтэй хордсон бөгөөд хэн нь ч анхан шатны тусламж авч чадалгүй, гэртээ болон эмнэлэг хүрэх замдаа нас баржээ.

• Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн 60 хувь нь эмийн зохисгүй хэрэглээнээс болсон байдаг.

• Нэг жилийн хугацаанд Улаанбаатарт 100 гаруй эмийн сан нээгдэж байна.

• Өнгөрсөн зургадугаар сард ОХУ-д 3-12 насны 12 хүүхэд эмэнд хордож, амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Тус улсын эмийн бүртгэлд байхгүй, гадаадаас авчирсан гэх хуурамч эмнээс хүүхдүүд хордсон болохыг ОХУ-ын холбогдох албаныхан тогтоосон байна. Defacto.cc цахим хуудсанд мэдээлснээр хордсон эмийн жагсаалтад манайд өргөн хэрэглэдэг амоксациллин, капесула, ибупрофен, суспензия, алклофенак, сумамед, ингалипт, панадол, сансол зэрэг эм байжээ.

Амоксациллин, ибупрофен, панадол зэрэг эмийг хуурамчаар үйлдвэрлэжээ


Хоёр хөршийнхний хяналтаас гадуурх уг эм манайд орж ирснийг үгүйсгэх аргагүй. Тэгвэл Монгол Улс хуурамч эм хилээр орж ирэхээс хэрхэн сэргийлж байгааг НЭМГ, МХЕГ-аас лавлахад “Энэ талаар сонсоогүй. Манайд мэдээлэл ирээгүй” гэв. Харин ЭМЯ “Манай яам бодлого боловсруулдаг болохоос хяналт тавьдаггүй. Мэргэжлийн хяналтын газартай бид холбоотой ажилладаг. Хилээр хуурамч эм орж ирсэн тохиолдол байхгүй” гэсэн тайлбар өглөө. Хуурамч эмийн жагсаалтад бид өдөр тутам хүүхдэдээ өгдөг, өөрсдөө ч мөн хэрэглэдэг амоксациллин, ибупрофен, ингалипт, панадол, сансол зэрэг эм байна. Эмийн зохисгүй хэрэглээг хянаж чадахгүй байгаа өнөө цагт гаднаас хуурамч эм орж ирвэл бид яах вэ. Манайхан гаднаас ирсэн эм гэхээр л сайн мэт ойлгож, бараг л үйлдвэрлэсэн он сар, өдрийг нь нягтлалгүй худалдан авдаг.

Сүүлийн жилүүдэд ОХУ-тай харилцан визгүй болсны улмаас Улаан-Үдээс их хэмжээний эм, био бэлдмэл, дархлаа сэргээх лаа зэрэг бүтээгдэхүүн олноор оруулж ирэх болжээ. Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн Ё.Лхагвасүрэн “Сэлэнгийн боомтоор хуурамч эм, бэлдмэл оруулахыг завдсан 10 тохиолдол илэрсэн. Харин Замын-Үүдээр таван хэрэг гарч, холбогдох газрууд нь шалгаж байна” гэв. Эм ханган нийлүүлэх байгууллагууд яамнаас зөвшөөрөлтэй, лицензтэй эм оруулж ирдэг. Харин ганзага буюу гараар оруулж ирж байгаа эмүүдэд ямар ч баталгаа байдаггүй. Хамгийн аюултай нь иргэд хувь хүмүүсээс эм худалдаж авсаар байгаа явдал. Тиймээс хувь хүмүүсээс эм худалдаж авахгүй байхыг дор бүрнээ анхаарах шаардлагатай болоод байгааг анхаарууллаа.

САНАЛ БОЛГОХ