Уяа сойлгогүй Монгол

Нийтлэлчийн булан


Өнгөрсөн 10 жилд Монгол Улсын өрсөлдөх чадвар ахисангүй

Дэлхий дахины өрсөлдөөнд уяа сойлгоо тааруулж чадахгүй давхиж яваа орнуудын нэг нь Монгол Улс. Яаж тааруулах учраа олохгүй байгаадаа биш ерөөсөө уяа сойлго гэгчээ мэдэхгүйгээр мориндоо ташуур өгөөд байх шиг. Дэлхийн эдийн засгийн форумаас жил бүр гаргадаг Дэлхий дахины өрсөлдөх чадварын энэ оны тайлан гарчээ. 137 улсыг хамруулсан тус тайланд манай улс урьд жилийнхээс нэг байр ахиж 101 дүгээрт эрэмбэлэгдлээ. Өнгөрсөн онд эдийн засгийн өсөлтийн эрч сүүлийн зургаан жилийн доод түвшинд хүрсэнтэй харьцуулахад чамлахааргүй үзүүлэлт. Гэхдээ хаахна байгаагаа мэдэхийн тулд хоёр жилийн үзүүлэлт хангалтгүй.

Дэлхийн эдийн засгийн форум улс орнуудын өрсөлдөх чадварыг тодорхойлоход шинэ аргачлал хэрэглээд 10 жил элээж буй аж. Тиймээс Монгол гэдэг улс хаахна явааг харахын тулд сүүлийн 10 жилийн үзүүлэлтийг багцаар нь харах хэрэгтэй болох нь. Бид дунджаар 101-102 дугаар байрт өнгөрсөн 10 жилийг элээжээ. Үндсэндээ байгуулсан гавъяа, цойлсон амжилтгүй сайх бууриндаа л тонгочиж буй аж. Хайрцгаасаа гарч сэтгэх, дэлхийтэй эн зэрэгцэх тухай ярихаас цаашгүй, лоозогнохоос хэтэрсэнгүй. Цаг хугацааны хүчин зүйлээр авч үзвэл магадгүй ухарсан биз.

АХИЦГҮЙ 10 ЖИЛ

Тэгвэл өрсөлдөөн гэж юу вэ. Эрх баригчдын өөрсдийгөө дөвийлгөж, хийснээ сайрхах эдийн засгийн хэдэн үзүүлэлтийг өрсөлдөөний гол индикатор гэж тооцож болох уу. Үнэндээ дэлхийтэй уралдах хүлгийнхээ уяа сойлгыг ДНБ-ий нэг хүнд ногдох хэмжээ, дундаж цалингийн өсөлт, ажлын байр нэмэгдсэн зэргээр ташаа ойлгож, цээжээ дэлдэж явсан түүх бидэнд бий. Дэлхий дахиныг алмайруулж, ДНБ-ий өсөлтөөрөө Хятадын урд гишгэж байсан 2012 он үүний тун ойрын жишээ. Гэхдээ тухайн үед бид 93 дугаар байрнаас урагшилж чадаагүй юм. Энэ туршлагаас гарч болох нэг дүгнэлт: Монгол Улс өнөөг хүртэл мэдлэгт суурилсан эдийн засгийг ойлгохгүйгээр өрсөлдөөнд оролцоод байна. Гэтэл мэдлэгт суурилсан эдийн засгийн чадавхаар нь улс орнуудыг эрэмбэлдэг жишиг 1979 оноос тогтсон байх юм.

Монгол Улс “Тогтвортой хөгжил 2030” үзэл баримтлалдаа бизнес эрхлэлтийн үзүүлэлтээр дэлхийд 40, өрсөлдөх чадвараар эхний 70 орны нэг болно гэж заажээ. Уг нь эл зорилтдоо хүрэхийн тулд иймэрхүү нэгдсэн тайлан, индексүүдэд дүн шинжилгээ хийж, шийдвэр гаргахдаа харгалзаж баймаар. Улс орнууд юун дээр алддаг, ямар салбар нь хоцрогдоод байгааг нэгд нэгэнгүй хэлээд өгчихдөг тул цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэх бэлэн тооцоолол гэж болно. Харамсалтай нь, Монгол Улсад бизнес эрхлэхэд саад болдог хүчин зүйл нь 10 жилийн өмнөхөөс огт өөрчлөгдөөгүй байна. Энэ жилийн хувьд валютын ханш, авлига, бодлогын тогтворгүй байдал, төрийн байгууллагуудын хүнд суртал бизнесийн “эрлэг”- ээр нэрлэгджээ. Эдгээрээс авлига, төрийн байгууллагын хүнд суртал, бодлогын тогтворгүй байдал нь баялаг бүтээгчдийн өмнө хөндөлсдөг том саад гэдгийг аль 10 жилийн өмнө тодорхойлж байж. Энэ сул талаа өнгөрсөн хугацаанд яагаад засаж, сайжруулаагүй юм бол гэх асуултыг нээлттэй орхиё.

Нөгөөтэйгүүр, валютын ханшийн савлагаа бизнес эрхлэхэд хамгийн том саадаар нэрлэгдсэн нь анхаарал татаж байна. Бүхэл бүтэн 10 жилийн турш нэг байрандаа тонгочиж буйн гол шалтгаан нь энэ гэдгийг үгүйсгэх нэгэн үгүй биз. Үндсэндээ импортоос хараат эдийн засгийн бүтэцтэй болж, үйлдвэрлэлийн салбарт шинэчлэл хийж, экспорт дэмжих бодлогоо өнгөрсөн жилүүдэд орхигдуулсны уршиг. Уг нь валютын ханшийн нөлөө арван жилийн өмнө бизнесийн таатай орчинд сөргөөр нөлөөлдөг 15 хүчин зүйлийн 12 дугаарт нэрлэгдэж байв. Эдийн засгийн өрсөлдөх чадвар гэдэг бүтээмжид суурилдаг, бүтээмж нь инновациар хөтлөгддөг гэдгийг Дэлхийн эдийн засгийн форум энэ жил зориуд онцолсон. Өөрөөр хэлбэл, инновацид хөрөнгө оруулна гэдэг эдийн засгийн өсөлт ба орлогын түвшнийг нэмэгдүүлж буй хэрэг. Харин орлогын түвшин гэдэг сэтгэл хангалуун, сайхан амьдрахтай салшгүй холбоотой. Тиймээс инновацийг эдийн засгийн гинжин хэлхээнд оруулж байж монгол хүний сайхан амьдрах эхлэл тавигдах нь. Өөрөөр хэлбэл, уяа сойлгыг нь тааруулж чадсан хүлэгтэй уралдаанд оролцоно гэдэг угтаа инновацид суурилсан бүтээмжээрээ улс орнуудтай өрсөлдөнө гэсэн үг.

ОЙРЫН ӨРСӨЛДӨГЧ ЯМАЙКА

“Тогтвортой хөгжил 2030” үзэл баримтлалын дагуу бидний хамгийн ойрын өрсөлдөгч бол Ямайка улс. Карибын тэнгис дэх энэ улс 10 жилийн дотор 16 байр ахиж энэ жил 70 дугаарт оржээ. Зах зээлийн багтаамж болон эрүүл мэнд, бага боловсролын хүртээмжээрээ манайхтай ойролцоо үзүүлэлттэй явдаг Ямайка инновацийг эдийн засгийн гинжин хэлхээнд оруулснаар өдгөө бүс нутагтаа тэргүүлж эхлэв. Манайхтай адил эдийн засгийн макро орчны нөлөөнд автамтгай хэдий ч бизнест ээлтэй орчноор 25 хувь илүү, инновацийн хөгжүүлэлтээр хол тасарсан байна.

Өрсөлдөх чадвар бүтээмжид суурилж, бүтээмж нь инновациар хөтлөгддөг
Их сургуулиудыг бүтээлч үйлдвэрлэлтэй амжилттай холбосон, судалгаа шинжилгээний хөрөнгө оруулалтад гар татдаггүй, төрийн худалдан авалтаар инновациа тэтгэдэг зэрэг үзүүлэлтийн нөлөөллөөр эдийн засгийн өрсөлдөөнд бүс нутагтаа цойлж буй. Манайх бол эсрэгээрээ, бүс нутагтаа сүүл мушгисан. Тэгэхдээ Ямайкад татварын хувь хэмжээ өндөр, алагчлалтай ханддаг, хулгай дээрэм, төрийн хүнд суртал их гээд бизнес эрхлэхэд таагүй олон хүчин зүйл бий.

Харин энэ бүх зөрүүг төрийн тогтвортой байдал, инноваци нэвтрүүлэх чадвар нь нөхөж авч явдаг байна. Тэгвэл Монгол Улсын хувьд их сургуулиудыг бүтээлч үйлдвэрлэлтэй холбосон эсэх үзүүлэлт нь бүр 10 жилийн өмнөхөөс 31, Засгийн газар нь худалдан авалтаараа дэмждэг эсэх нь 41, инженер, судлаачдын чадавхаар 18 байр тус тус ухарчээ. Тэрчлэн судалгаа шинжилгээний чанар нь 2008 онтой харьцуулахад төдий л сайжраагүй боловч компаниудын судалгаа шинжилгээндээ зарцуулах хөрөнгийн хэмжээ нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Уг нь манай улсын хувьд өрсөлдөөний харьцангуй давуу тал нь уул уурхайн салбар гэдгийг амтай бүхэн хэлдэг. Гэтэл инновацид зарцуулах ДНБ-ий хэмжээг дэлхийн жишигтэй харьцуулахад 10 хувьд нь хүрдэггүй Монголд эдийн засгийн өсөлт ярина гэдэг “харахад хальс, үзэхэд үнс” мэт бололтой.

САНАЛ БОЛГОХ