Тэлж буй номын худалдаа

Мэдээ


Гурван өдөр үргэлжилсэн хямдралаар 11 сая төгрөгийн орлоготой

В.Инжаннашийн “Хөх судар" номын гурван боть 45 мянган төгрөгөөс 12600, Л.Сарантуяагийн “Өнгөрснөөс ирсэн захидал” 9900-аас 2772, Д.Төрбатын “Маршалын нууц товчоо” нэг, хоёрдугаар боть 38 мянгаас 10640, “Хаан төрийн нууц”, “Хатан төрийн нууц” 24 мянган төгрөгөөс 12 мянган төгрөг болж, “Аз хур” номын их дэлгүүрийн 72 цагийн худалдаагаар 70 хувь хямдарчээ. Энэхүү худалдаанаас эгч маань дээрх найман ширхэг номыг нийт 38 мянган төгрөгөөр худалдан авчээ. Өнгөрсөн долоо хоногт болсон 10-72 хувийн хямдралтай худалдаанд хамгийн багадаа 300 гаруй хүн оролцож, нэг хүн доод тал нь 30 мянган төгрөгийн худалдаа хийсэн гэж тооцвол гурван өдрийн турш үргэлжилсэн хямдралаар тус номын их дэлгүүр 11 сая төгрөгийн орлого олсон байна. Эндээс харахад, сүүлийн үед ном унших хүсэлтэй хүмүүсийн тоо огцом өсөж, номын зах зээл хүрээгээ тэлж байгаа нь ажиглагдаж байгаа юм.

Ингээд номын худалдаа хямдралаас бусад цагт ямар байгааг сонирхохоор баасан гарагийн бага үдэд “Интерном”-ыг зорилоо. Тус дэлгүүрийн номын тавиур бүрийн урд 2-3 хүн шинэхэн номын хуудас эргүүлж, зарим нь сандал дээр тухлан суугаад уншиж байгаа харагдана. Тэндээс хоосон гарах хүн бараг байхгүй гэхэд болно. Бүгд л 1-5 ширхэг ном худалдаж авч байлаа. Голдуу амжилтад хүрэх нууц, бизнесээ хөгжүүлэх арга гэх мэт бизнес, эдийн засгийн чиглэлийн номуудыг залуус түлхүү сонирхож байсан бол ахимаг насныхан уран зохиол, түүхийн номыг илүүд үзэж байгаа нь харагдсан. Дараа нь “Аз хур” номын их дэлгүүрээр оров. Тус дэлгүүр номнуудаа намтар, дурсамж дурдатгал, хоол хүнс, хөдөө аж ахуй, хэл шинжлэл, түүх, уран зохиол, эдийн засаг гэхчилэн тасаг тасгаар нь эмх цэгцтэй ангилжээ. Хямдрал болоод өнгөрсөн, ажлын өдөр гэхэд тус номын дэлгүүр хөл хөдөлгөөн ихтэй байлаа.

Түүнчлэн хүүхдийг бага наснаас нь номонд дуртай, номтой нөхөрлөгч, номоос суралцагч байлгах зорилгоор тус дэлгүүрийн хамт олон ирээдүйн уншигчдадаа зориулан ням гараг бүр “Үлгэрийн цаг” хөтөлбөр зохион байгуулдаг аж. Энэ өдөр бяцхан хүүхдүүд үлгэрч багшийн хамт ид шидийн ертөнц, оюуны их далайгаар аялана. Энэ бол өнөөгийн залуус ном уншдаггүй болсон гэх шүүмжлэл ирээдүйд гарахгүй байх, нөгөө талаар хүүхэд ахуй наснаасаа номтой нөхөрлөх сэдэл төрүүлж буй хамгийн зөв маркетинг гэдгийг онцлох нь зүйтэй болов уу. Зургаан настай З.Маралын аав Э.Зоригт “Эхнэр бид хоёр охиноо төрөөд өнгө, дүрс ялгаж чаддаг болсон үеэс нь буюу зургаан сартайгаас нь л ном авч өгч эхэлсэн. Тэр үед охиноосоо шувуу аль нь вэ гэж асуухад хэлж чадахгүй ч гэсэн гараараа зааж байгаа нь их хөөрхөн санагдаж, энэ төрлийн ном авч өгөх дуртай болсон.

• Монголын маркетингийн холбооноос гаргасан судалгаагаар ном худалдан авагчдын дийлэнх нь 15-30 насныхан эзэлж байна.

• Аль ч цаг үед уран зохиолын болон хүүхдийн номын борлуулалт хамгийн өндөр байдаг.

• Паблишингийн газрууд номоо хот дотор үнэгүй хүргэж өгч байгаа бол зарим дэлгүүр дэргэдээ цахим худалдааг хөгжүүлж буй.

Харин одоо хүүхэдтэйгээ хамт үлгэрийн ном унших, утга агуулгынх нь талаар ярилцдаг. Хүүхэд маань номонд дуртай болж, унших номоо өөрөө сонгодог болсон. Одоо охин маань 100 гаруй номтой” гэв. Сүүлийн гурван жилд ном сонирхогчдын тоо эрс өсөж байгааг тус дэлгүүрийн худалдагч хэлсэн юм. Тэрбээр “Манайх номын худалдаа эрхлээд 10 гаруй жил боллоо. Эндээс харахад, сүүлийн үед залуучууд, тэр дундаа ахлах ангийнхан,оюутан, ажлын талбарт гараад удаагүй байгаа хүмүүс номонд дуртай болсон нь илт ажиглагдах болсон” гэлээ. Монголын маркетингийн холбооноос гаргасан судалгаагаар ном худалдан авагчдын дийлэнх нь 15-30 насныхан эзэлж байгааг сонирхууллаа.

Тиймээс өнгөрсөн гурван жилд номын дэлгүүрийн борлуулалтын хэмжээ хоёр дахин өсжээ. Үүнийг батлах нэг жишээ бол саяхан болж өнгөрсөн “Аз хур” номын дэлгүүрийн 72 хувийн хямдралтай худалдааны үеэр дэлгүүрийн гадаа ном худалдаж авах хүсэлтэй хүмүүсийн урт оочер, дараалал үүссэн байсан нь бататгаж буй. Номын зах зээл дээр ямар ном илүү борлуулалт сайтай байгааг сонирхож үзэв. Аль ч цаг үед уран зохиолын болон хүүхдийн номын борлуулалт хамгийн өндөр байдгийг энэ салбарынхан хэлж байна. Харин үүний дараагаар нийгэм, улс төр, эдийн засгийн байр байдлаас шалтгаалан чиг хандлага тогтдог аж. Нэг чиг хандлага ойролцоогоор 4-5 жилд шинэчлэгддэг. Тухайлбал, улс орны эдийн засгийн өсөлт удааширвал богино хугацаанд их мөнгө олох, бизнесийн гараагаа хэрхэн зөв тавих тухай ном эрэлттэй болдог. Харин эдийн засгийн өсөлт ажиглагдвал хувь хүний хөгжил, шашин, гүн ухааны ном түлхүү борлогддог байна. Товчхондоо, номын эрэлт хэрэгцээ эдийн засгийн өсөлттэй уялддаг болжээ.

Харин уран зохиолын ном дундаа гадаадын, орчуулгын бүтээлүүд залуусын дунд эрэлт ихтэй. Гадаадын уран зохиолын ном эрэлттэй байгаагийн бас нэг шалтгаан нь гадаад харилцаа хөгжсөнд оршиж буй. Дотоодын хэвлэх үйлдвэрүүд гадаадын зохиолч, хэвлэлийн компаниудтай хамтран ажиллаж, албан ёсны эрхтэй бүтээлүүдийг цаг алдалгүй гаргах болсон. Жишээлбэл, “Тагтаа” паблишингээс Орхан Памукын “Цас” роман, Янн Мартелын “Пигийн амьдрал”, Шарлотт Чэндлерийн “Зүүд бол цорын ганц бодит зүйл” зэрэг дэлхийд борлуулалтаараа тэргүүлж буй бүтээлийг цаг алдалгүй монгол хэлнээ хөрвүүлэн гаргаж байна. Энэ бол уншигчдын эрэлтийг дагасан номын зах зээлийн хөгжлийн бодит жишээ. Энэ хөгжлийг дагаад сүүлийн үед паблишингүүд ч олноор байгуулагдаж, маркетингийн шинэ шийдлүүдийг гарган ирж байна. Тухайлбал, зарим паблишингийн газрууд номоо хот дотор үнэгүй хүргэж өгч байгаа бол зарим дэлгүүр дэргэдээ цахим худалдааг хөгжүүлэх болов. Манай уншигчид ч олон улсын бэстселлерүүдийг цаг алдалгүй унших хүсэлтэй болсон нь энэ бүхнээс харагдаж буй. Хамгийн чухал нь бэстселлер номуудыг унших сонирхолтой залуучууд нэмэгдсээр байгаа нь номын зах зээл хөгжиж буйн тод жишээ юм.



САНАЛ БОЛГОХ