Албан тушаалтны бурууг татвар төлөгчид хүлээсээр байна

Мэдээ


1786 улс төрийн албан хаагч ажлаас халагдсаны тэтгэмж авна

Шүүхийн шийдвэрийн дагуу төрийн байгууллага, албан хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас иргэд, аж ахуйн нэгжид олгох нөхөн төлбөрийн мөнгөн дүн 25.7 тэрбум төгрөгт хүрчээ. Үүний 8.8 тэрбум төгрөгийг энэ оны төсвийн тодотголд суулгасан байна. Бүр задалбал нийт төлбөрийн 14.5 хувь нь үндэслэлгүйгээр ажлаас халагдсан төрийн албан хаагчдын нөхөн төлбөрт зориулахаар байгаа юм. Харин 50 орчим хувь нь төрийн албан хаагч бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад алдаа гаргасны улмаас мөн л бусдад учруулсан хохирлыг барагдуулна. Хохирлын хэмжээг мөнгөн дүнгээр авч үзвэл 30.4 хувь нь иргэд, 60.4 хувь нь хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, 9.2 хувь нь төсвийн байгууллага, орон нутгийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагууд байна. Түүнээс гадна 2016 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр ажлаасаа халагдсан улс төрийн албан хаагчдад олгох мөнгөн тэтгэмжийг төсвийн тодотголоор оруулж ирсэн байна. Ээлжит сонгуулийн үр дүнгээр ажлаасаа халагдсан улстөрийн албан хаагчдад зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгох ёстой. Үүнд зургаан тэрбум 790 сая төгрөг шаардлагатай. 2016 оны орон нутгийн сонгуулийн дараа нийт 1786 улс төрийн албан хаагч ажлаасаа халагдаж, тус бүртээ зургаан сарын цалинтайгаа тэнцэх хэмжээний тэтгэмжийг авахаар болжээ. Аймгаар нь задалбал Увс аймагт хамгийн олон буюу 140 улс төрийн албан хаагч ажлаасаа халагдсан байна. Харин хамгийн бага нь 11 хүн ажлаасаа халагдсан нь Орхон аймаг.

6.7 тэрбум төгрөгийг 1786 улс төрийн албан хаагчид олгоно
“Халагдаж, томилогдож байдаг л алба шүү дээ” хэмээн бодож болох юм. Харамсалтай нь халсан, халагдсан хоёр хүний хоорондын маргаан мэт харагдах үзэгдлээс болж их хэмжээний мөнгийг төсвөөс үргүй зарцуулж байгааг дээрх тоонууд харуулж байна. Хамгийн их хүн халдаг, тэр нь хөдөлмөрийн маргаан болдог субъект нь сайд, эсвэл яам агентлагийн дарга нар. Уг нь төрийн албан хаагч гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр нотлогдвол, Монгол Улсын харьяатаас гарвал, хоёр ба түүнээс дээш удаа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн тохиолдолд халагддаг. Үүнээс өөрөөр төрийн албан хаагчийг халах үндэслэл хуульд байдаггүй аж. Тэгвэл эрх үүргээ хуулиар хамгаалуулсан төрийн албан хаагчдад дарамт, шахалт үзүүлдэг хүмүүс нь улстөрчид аж. Уг нь энэ мэт буруутай шийдвэрийн улмаас учирсан хохирлыг төр биш тухайн шийдвэрийг гаргасан албан тушаалтнаар төлүүлэх хуулийг энэ удаагийн парламент баталсан.

Гэвч хууль хөрсөн дээрээ үйлчилж чадахгүй байгааг төсвийн тодотголыг боловсруулсан Сангийн яамныхан дүгнэжээ. Тиймээс “төрийн албан хаагч ажлын хариуцлага алдсан, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр ажлаас үндэслэлгүй халагдсаны улмаас шүүхийн шийдвэрийн дагуу олгох нөхөн олговрын зохих хэсгийг тухай албан тушаалтнаар төлүүлдэг байх процесст оролцох чиг үүргийг нь тодорхой болгох” саналыг төсвийн тодотголын төсөлд оруулж өгсөн байлаа. Угтаа бол халаа сэлгээ, томилгоог төр хийгээгүй. Харин төрийн өндөр албан тушаалд улс төрийн томилгоогоор очсон хүмүүс л намын болон хувийн эрх ашгийн үүднээс хийдэг. Тиймээс нөхөн төлбөрийн хохирлыг тэднээр төлүүлбэл зүйд нийцнэ. Тийм ч үүднээс хуулийг нь баталсан. Харамсалтай хохирлыг барагдуулах үйл явцад тэдгээр албан тушаалтан ямар байдлаар оролцох нь тодорхой бус байгаа аж. Ингээд л төсвөөс гаргахаар болсон нь энэ. 

ТӨРӨЛТ БУУРЧ, АЖИЛГҮЙДЭЛ НЭМЭГДЖЭЭ

Нийгмийн даатгалын сангийн санхүүгийн жилийн эцсийн тайлан, сарын мэдээ, судалгаа зэргээс сүүлийн хоёр жилд ажилгүйдлийн тэтгэмж авах даатгуулагчид харьцангуй өсчээ. Тухайлбал, тэтгэмж авагчдын тоо 2015 онд 18.7 мянга байсан бол 2016 онд 23.2 мянгад хүрч өссөн. Тэгвэл энэ жил 24.3 мянгад хүрэх төлөвтэй болжээ. Энэ нь эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл, байдалтай холбоотой аж.

Ажилгүйдлийн тэтгэмжийн зардлыг 2017 онд 5.7 тэрбум төгрөгөөр нэмнэ
Иймд ажилгүйдлийн тэтгэмжийн зардлын 2017 оны төсвийг 5.7 тэрбум төгрөгөөр нэмж тодотгож байна. Ажилгүйдэл ийн нэмэгдсэн бол төрөлт харин багассан статистик байна. Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаанаас үзэхэд төрсөн эхчүүдийн тоо 2014 онд 80 мянга, 2015 онд 80.4 мянга байсан аж. Харин 2016 онд 77.6 мянга болж буурсан бол 2017 онд үүнээс ч буурна гэж тооцож байгаа юм. Энэ оны эхний хагас жилийн байдлаар 40.8 тэрбум төгрөгийг амаржсаны тэтгэлэгт олгохоор төлөвлөж байсан. Гэвч төрөлт буурсантай холбогдуулан найман тэрбум төгрөгийн хэмнэлт гарсан байна. Тиймээс энэ оны төсвийн тодотголд амаржсаны тэтгэмжийн зардлын төсвийг 7.3 тэрбум төгрөгөөр бууруулах аж. Харин эсрэгээрээ ажилгүйдлийн тэтгэмжийн зардлын төсвийг 5.7 тэрбум төгрөгөөр нэмэхээр төсвийн тодотголд тусгасан байна.

САНАЛ БОЛГОХ