Худалдааг тэтгэх түншлэл

Мэдээ


Монголын экспорт буурч, Японых өсчээ

Талаас арлыг чиглэсэн худал дааны урсгал урамгүй үзүүлэлтээр угтаж эхэллээ. Монголоос Японд нийлүүлсэн бараа, бүтээгдэхүүний экспорт улирал бүр уруудаж, сар тутам саарсаар. Үнэндээ энэ бүүдгэр дүн бидний хүлээсэн үр дүн биш. Хоёр улсын хооронд эдийн засгийн түншлэл биежсэнээр худалдааны урсгал эрчээ авна гэж хэн, хэн нь найдаж байв.

Гэвч уг хэлэлцээр урагшилсан хагас жилийн хугацаанд Монголын экспорт буурч, Японых өсчээ. Гаалийн ерөнхий газрын мэдээллээр 2016 онд манай улсаас Японыг чиглэсэн экспорт 6.3 сая ам.доллараар буурч, 14 сая ам.доллартай тэнцжээ. Харин арлын орноос Монголыг чиглэсэн худалдаа мэдэгдэхүйц өссөн. Ер нь тус улс Монголтой хийсэн худалдаанаас тогтмол ашиг хүртсээр ирснийг албан мэдээллээс харж болно. Өнгөрсөн онд арлын орноос Монголд 330 гаруй сая ам.долларын бараа, бүтээгдэхүүн нийлүүлсэн.

Энэ нь манай экспортоос 23 дахин өндөр дүн. Ингэснээр Монгол Улс Японтой хийсэн гадаад худалдаанаас өнгөрсөн онд л гэхэд 316 орчим сая ам.долларын алдагдал хүлээжээ. Энэ оны наймдугаар сарын байдлаар Монгол Улс Япон руу 16 сая ам.долларын борлуулалт хийсэн бол буцаагаад 257 сая ам.долларын бүтээгдэхүүн худалдан авчээ. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр урагшилсан үеэс эхлээд манай экспорт төдийлэн өсөөгүй, бүр энэ оноос буурч эхэлсэн. Харин Японы худалдаа тогтмол өссөөр байгаа юм. Өөрөөр хэлбэл, бид ухарч, тэд ахижээ.

Ийм урамгүй дүнг уг нь монголчууд хүсээгүй. Гэлээ гээд хэдхэн сарын үзүүлэлтээр Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн эцсийн үр дүнг хэмжиж болохгүй. Судлаачдын тооцоогоор энэ хэлэлцээрийн үр дүн 3-4 жилийн дараа тодорхой болдог нийтлэг жишиг бий. Тиймээс өдгөө өлгөөд авчих өөдтэй үр дүнгүй ч Эдийн засгийн түншлэлийн өгөөжийг хүлээхээс өөр гарцгүй.


Монгол, БНСУ-ын эдийн засаг өрсөлдөх бус бие биеэ нөхөх шинж чанартай
“Бие биенээ нөхөх шинж чанартай улсууд яг зөв цагтаа түншлэл байгуулаагүй бол тийм ч амархан өгөөж хүртэхгүй” гэж МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Худалдаа” хөтөлбөрийн ахлах багш Ц.Цолмон хэлж байна. “Японы техник технологи, үйлдвэрлэл өндөр хөгжсөн. Тиймээс тэр түвшинд нь хүрэхийн тулд бидэнд хугацаа хэрэгтэй. Түншлэлийн хэлэлцээр бидэнд үр ашиггүй юм шиг харагдаж гол буйн гол шалтгаан нь Монгол Улс үүнд бэлэн биш байсныг харуулж байна” хэмээн тэрбээр тайлбарлав. Өөрөөр хэлбэл, Японы ноу хау Монголд нэвтэрч, бодитоор хэрэгжиж, бид тус улсын стандартад нийцэж байж, худалдаа эрчимжинэ гэдгийг судлаачид хэлэв.

Гэхдээ бэлэн биш байна гээд гараа хумхиад суух бус алдаж, оноод ч болов урагшилсан нь Эдийн засгийн түншлэлийн гол үр дүн, Монголын хүртэж буй өгөөж болохыг ч эрдэмтэн, судлаачид онцолсон юм. Тиймээс Монгол анхныхаа, Японы 11 дэх түншлэлийн хэлэлцээрээс монголчуудын сурах зүйл их болохыг тодотголоо. Одоогоор Монгол Улсаас Япон руу ноос ноолуур, хүнс зэрэг бүтээгдэхүүн нийлүүлж байгаа. Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын мэдээлснээр манай 40 орчим аж ахуйн нэгж гарал үүслийн гэрчилгээ авч, Япон руу хөнгөлөлт эдлэн, экспорт хийж байгаа аж.

Түүнчлэн Монгол Улс түншлэлийн түүхээ зузаатгахаар БНСУ-тай Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах анхан шатны судалгаа хийсэн. Эхний тооцоогоор Монгол, БНСУ-ын эдийн засаг өрсөлдөх бус бие биеэ нөхөх шинж чанартай бөгөөд манайд тус хэлэлцээр үр дүнтэй гэсэн дүгнэлт гарчээ. Мөн БНСУ-ын гадаад худалдаанд баримталдаг бодлого ч манай судлаачдын анхаарлыг татсан байна. Эдийн засгийнхаа 80 хувийг аж үйлдвэрээс бүрдүүлдэг энэ улс өрсөлдөх чадвараа дээшлүүлж, дэлхийг чиглэсэн худалдааны бодлогоо тэлж буй. БНСУ энэ нээлттэй бодлогоо хэрэгжүүлэхэд Монгол Улс хамтарч, ашиг олох боломж бий ажээ. 2016 онд БНСУ-ын Ерөнхийлөгч Монгол Улсад албан ёсны айлчлал хийх үеэр Чөлөөт худалдааны хэлэлцээрийн талаар тохирч, судалж эхэлсэн. Энэ хүрээнд Гадаад харилцааны яам, МҮХАҮТ, судлаачид БНСУ-ын талтай Улаанбаатар болон Сөүлд дөрвөн удаагийн уулзалт, хэлэлцүүлэг хийсэн байна.

Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал В.Энхболд “Анхан шатны судалгааны үр дүн нааштай гарсан. Үүнийг одоо хоёр улсын Засгийн газарт танилцуулна” гэж мэдэгдлээ. Өмнөд Солонгос хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд өндөр татвар буюу дунджаар 55 хувийн гаалийн татвар ногдуулдаг байна. Харин Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулснаар тарифын хэлэлцээр хийнэ. Энэ хүрээнд хоёр улсын худалдааны бараа, бүтээгдэхүүний 90 хувийн татвар, тарифыг тэглэх учиртай. Ингэснээр Монголын хөдөө аж ахуйн, органик бараа бүтээгдэхүүний гаалийн татварыг тэглэх боломжтой гэсэн урьдчилсан хүлээлт бий болжээ. Түншлэлээс үүдэн дотоодын бизнес эрхлэгчдэд ч хүлээлт үүсээд байна. Өдгөө хэрэгжиж буй болон биежүүлэхээр судалж буй хэлэлцээрүүд ноос, ноолууран бүтээгдэхүүний экспортод томоохон дэмжлэг болно гэж үзэж буйгаа “Гоёо” компанийн гүйцэтгэх захирал мэдээлсэн юм.

• Монгол Улс Японтой хийсэн гадаад худалдаанаас өнгөрсөн онд л гэхэд 316 орчим сая ам.долларын алдагдал хүлээжээ.

• Хэдхэн сарын үзүүлэлтээр Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн эцсийн үр дүнг хэмжиж болохгүй

• “Бие биенээ нөхөх шинж чанартай улсууд яг зөв цагтаа түншлэл байгуулаагүй бол тийм ч амархан өгөөж хүртэхгүй”.

Ийнхүү Япон, БНСУ-аас гадна Монгол Улс Евразийн Эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахаар санал солилцож байгаа. Албан мэдээллээр уг хэлэлцээрт нэгдсэнээр манай хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспорт тарифын хөнгөлөлт эдлэх боломж бүрдэх аж. Зөвхөн Монгол гэлтгүй дэлхий даяар чөлөөт худалдааны хэлэлцээр эрчээ авч байгаа. Энэ нь ч учиртай. Дэлхийн худалдааны байгууллага сүүлийн жилүүдэд цэнхэр гарагийн чөлөөт худалдааг интеграцчилах бодлого баримталж буй. Гэвч бүх дэлхийг хамарсан энэ бодлого нь улс орнуудын эрх ашгаас хамааран гацаанд орчихоод байгаа аж. Тиймээс улс орнууд гацаанаас гарахыг хүлээх бус ганц, хоёроороо яриа хэлэлцээ байгуулан, худалдааны эргэлтээ эрчимжүүлж буй нь энэ аж.

Уг давалгаа ч Монголыг тойрох бус дайрч, худалдааг тэтгэх яриа, хэлэлцээрүүд идэвжиж байна. Хамгийн гол нь, энэ төрлийн хэлэлцээр нь харилцан үр ашигтай байснаар урт, удаан урагшилдаг байна. Гэхдээ чамгүй цаг хугацаа шаарддаг аж. Тиймээс ч үр дүнг шүүн тунгаах бус олон жилийн турш хөндөөгүй худалдааны бодлогодоо салхи оруулж, алдаа, оноотой урагшилсан нь хамгийн том ахиц болохыг шинжээчид онцолж байгаа. Чөлөөт зах зээлээр замнаж, худалдааны хаалгаа нээгээд 30 орчим жил болж буй Монгол Улс худалдааны тэгш бус талбарт өрсөлдөж ирсэн. Энэ ч биднийг нийт экспортын 90 хувиа зөвхөн нэг улсад (БНХАУ) нийлүүлдэг, ашигт малтмалаа экспортолж, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнээ импортлохоос өөр юу ч хийж чадахгүй улс болчихоод байна. Тиймээс хоцорч яваа бид цаг хожихоос гадна ухаанаа уралдуулахаас өөр гарцгүй байна.
САНАЛ БОЛГОХ