Чац бага ч чанар сайн буудайтай жил
Хөдөө аж ахуй
Ургац хураалтын ажил шувтарч байна
Өнгөрсөн өдрүүдэд нийт нутгаар нойтон орж, зарим зам, даваа хаагдлаа. Нойтон цастай зэрэгцээд ургац хураалтын ажил шувтарч байна. Улсын хэмжээнд төмс, хүнсний ногооны хураалт бараг дууссан. Харин улаанбуудайн хураалт үргэлжилж буй бөгөөд дуусах шатандаа орсон гэдгийг албаныхан мэдээлж байна. Тодруулбал, энэ долоо хоногийн байдлаар улаанбуудайн хураалт 80 хувийг давсныг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас онцоллоо. Энэ жил хур бороо оройтож, нийт нутгаар ган нүүрлэсэн. Үүнээс үүдээд төлөвлөж байсан ургацынхаа багагүй хэсгийг алдчихаад байгаа. Гэхдээ үлдсэн үр тариагаа цасанд даруулчихгүй, хураан авах нь амин чухал ажил болчихоод байна. Өчигдрийн байдлаар 204.4 мянган тонн үр тариа хураан авчээ.
Одоогоор улсын хэмжээнд үр тарианы 31.9, төмс, хүнсний ногооны 1.2 мянган га талбайн ургац хураагаагүй байна. Энэ онд хамгийн сайн ургацтай байгаа Сэлэнгэ аймгийн нутгаар цас ороогүй. Үр тарианы голлох сумдын нутгаар бага зэрэг бороо орсон тул ургац хураалтын ажил 1-2 хоногийн дараа жигдрэх төлөвтэй байгаа аж. Харин цас орсон Дархан-Уул, Төв, Булган зэрэг аймагт нийт 7.9 мянган га талбайн ургац цасанд дарагджээ. Тэгвэл гантай жилийн буудайн борлуулалт хэр байна вэ. Одоогийн байдлаар дүн мэдээлэл нэгтгэгдээгүй байгааг салбарын яамнаас мэдээллээ. Энэ зуны ган хэд хэдэн бэрхшээлийг үр тарианы үйлдвэрлэлд авчирчээ. Хэдийгээр энэ жилийн улаанбуудайн чанар, цавуулаг стандартад нийцэж байгаа ч болц нь оройтож, намхан, тачир болсон. Улмаар соёолох, натур жин нь багасах, ногоон масс ургах зэрэг сөрөг тал илэрч байгаа аж.
Ингэснээр ургацын хэмжээ багасаж, ургац хураалт хүндэрч байгааг тариалан эрхлэгчид хэлж байна. Дээрээс нь зарим бүс нутагт өнгөрсөн сард хэд хэдэн удаа хяруу унаснаас норох, чийг авах зэрэг хүндрэл ч гарч байна. Урьдчилсан тооцоогоор энэ онд 260 орчим мянган тонн буудай хураах дүн гарсан. Өнгөрсөн хавар 367 мянган га талбайд буудай тарьснаас 100 орчим мянган га талбайн ургац алджээ. Ер нь нийт нутгаар ургацын гарц тачир сийрэг. Нэгж талбайгаас хураан авах ургацын хэмжээ алаг, цог байна. Тухайлбал, Төв аймгийн тариаланчид гэхэд га талбайгаас дунджаар 3.6 центнер үр тариа авчээ. Тэгвэл Булган аймгийн тариаланчид үүнээс өндөр буюу нэгж талбайгаас 8.1 центнер ургац авсан байна. Судалгаагаар нэг га талбайгаас дунджаар 5-6 центнер буудай хурааж байж, зардлаа нөхдөг. Үүнээс үзэхэд энэ жил дотоодын тариалан эрхлэгчид өнгөрсөн жилийнх шиг хэд нугалсан ашиг олох нь амаргүй байхаас гадна цөөнгүй тариаланч алдагдал хүлээх нь тодорхой болоод байна.
7.9 мянган га талбайн ургац цасанд дарагджээ
Зуны дунд сараас эхлээд ургац алдах нь тодорхой болсон тул салбарын яамнаас хүн амаа хүнсээр хангахын тулд буудайн эрэлд гарсан. Эцэст нь, хойд хөршөөс 200 мянган тонн улаанбуудай импортлохоор тохирсон юм. Ингэхдээ дотоодоос худалдан авсан хэмжээнээс хамаарч гурилын үйлдвэрүүдэд импортын квот олгохоо салбарын яам мэдээлэв. Гэвч Оросын буудайн сургаар гурил үйлдвэрлэгчид дотоодын буудайгаа голж эхэлсэн талаар тариалан эрхлэгчид гомдол гаргасан байна. Буудайн борлуулалт муу байгаа гэх тариаланчдын гомдол, санал салбарын яаманд өнгөрсөн сарын эхээр ирж эхэлжээ. Салбарын яам ч дотоодын улаанбуудайг худалдаж авахыг гурилын үйлдвэрүүдэд хандан уриалж, импортын буудайн квотыг нарийн тооцож өгөхөө мэдэгджээ.
Үүнээс хойш буюу сүүлийн нэг сарын хугацаанд улаанбуудайны борлуулалт идэвхжээд байгааг салбарын яамнаас мэдээллээ. Уг нь болц нь бүрэн бус, соёолж, натур жин бага байгааг эс тооцвол энэ жилийн ургацын чанар сайн байгааг албаныхан хэлж байна. Тариалан эрхлэлтийг дэмжих санд ирсэн буудайг шалгахад хүнсний буудайн нэг болон хоёрдугаар ангилалд тэнцэх хэмжээний, 25-30 хувийн цавуулагтай, маш чанартай байгаа нь тогтоогджээ. Тэгвэл гурилын компаниуд ч өөрсдийн байр сууриа илэрхийлээд байна. Тэдний мэдээлж буйгаар дотоодын тариаланчдаас улаанбуудай худалдан авч байгаа.
Гэхдээ чанарын шаардлага хангасан буудайг худалдан авахыг чухалчилж байгаа ажээ. Одоогоор 1000 тонн улаанбуудай худалдан аваад байна. Энэ жилийн хувьд тариа намхан, чийг ихтэй. Тиймээс натур жин багатай хорчгор байна. Бид малын тэжээл бус хүн амын хүнсний хэрэглээнд зориулсан гурил үйлдвэрлэх гэж байгаа учраас чанар, стандартыг эн тэргүүнд тавина хэмээн “Дорнод гурил” компаниас мэдээллээ. Нөгөө талд ургац тачир сийрэг байгаагаас нийлүүлэлт сайнгүй гэсэн тайлбарыг тус компаниас өгөв. Тодруулбал, Дорнодын тариаланчдын дийлэнх нь ургацаа алдсан тул нийлүүлэлт ч их биш байна.
Тиймээс Сүхбаатар аймгийн зарим сумаас буудай худалдан авч буйгаа ч мэдээлсэн. Харин энэ талаар “Алтан тариа” зэрэг компаниас тодруулах гэсэн боловч мэдээлэл авч чадсангүй. Тонн буудайн үнэ хэлбэлзэж байна. Тухайлбал, Төв аймгийн тариаланчдын мэдээлснээр улаанбуудайн үнэ 500-540 мянган төгрөгт хүрээд байгаа аж. Тэгвэл Дорнодын тариаланчид 490-520 мянган төгрөгөөр буудайгаа борлуулсан байна.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй