Цахим мөнгөний эрин айсуй

ЗГМ: Сэдэв


Монголын цахим валютын бирж 250 сая төгрөгийн биткойн арилжлаа


Арав гаруй жилийн өмнө гараагаа эхэлсэн цахим мөнгө буюу криптовалютын хэрэглээ сүүлийн хоёр жилд огцом өслөө. Канад, Орос, Япон зэрэг томоохон орнуудад дижитал валютын хэрэглээ өргөжиж байна. Герман, Нидерланд, Австрали, Шинэ Зеланд, Сингапур зэрэг улс, зарим оффшор бүс, АНУ-ын зарим муж улс криптовалютын хэрэглээг идэвхтэй дэмжиж эхлэв. Ихэнх монголчуудын хувьд цахим мөнгө, биткойн, криптовалют, дижитал мөнгө зэрэг ойлголт шинэ ч гэлээ зарим хэсэг нь үүнийг аль хэдийнэ ашиглаж, цахим мөнгөний зэх зээлд тун идэвхтэй оролцож байна. Өнгөрсөн долоо хоногт Монголд анхны криптовалют арилжаалдаг цахим бирж байгуулагдаж, долоо хоногийн хугацаанд 250 сая төгрөгийн биткойн арилжсан нь сонирхол татлаа. Англиар coin буюу зоос үндсэн нэгж нь болдог дижитал виртуал валютыг криптовалют хэмээн нэрлэж буй. Энэхүү валют нь мөн чанартаа шифрлэж нууцалсан өгөгдөл юм.

Cryptography буюу өгөгдлийг шифрлэн нууцалдаг технологи ашигладаг тул дижитал мөнгөний нэрний урд “крипто” гэсэн угтвар оруулжээ. Зохиогчид нь мөнгөө анх e-cash буюу цахим мөнгө хэмээн нэрлэж байлаа. Хожим нь Forbes сэтгүүл 2011 онд биткойны тухай “Cryptocurrency” хэмээх материал нийтэлсэн нь хожмоо дижитал валютын дэлхий нийтийн нэршил болж хувирчээ. Өдгөө 4456 ам.доллартай тэнцэж буй биткойны ханш 2030 онд 25 мянган ам.доллар, 2050 онд 500 сая ам.долларт хүрнэ гэсэн таамаг ч бий.


Криптовалютыг тухайн сүлжээнд хамаарч буй дурын хэрэглэгч үүсгэх боломжтой. Виртуал мөнгөний эх код нь гүйлгээ хийгдэх бүрд дараалсан алгоритмаар хувирч явдаг тул гүйлгээг хянаж, ажиглахаас бус, хөндлөнгөөс оролцох, өөрчлөх аргагүй. Уг цахим систем дэх гүйлгээ бүр ил тод хийгдэж, сүлжээний дурын хэрэглэгч мэдээлэлд нь чөлөөтэй хандах бололцоотой. Криптовалютын гүйлгээний үндэс нь блокчэйн (blockchain) технологи. Шинээр зоос гаргах, гүйлгээ хийх зэрэг бүх ажиллагаа уг төлбөрийн системийн дансны архивын үүрэгтэй тасралтгүй гинжин хэлхээ үүсгэдэг. Архив тодорхой нэг газарт бус, криптовалютын сүлжээнд оролцож буй бүх хэрэглэгчид хадгалагддаг учир эвдэх, өөрчлөх аргагүй. Өөрөөр хэлбэл, сүлжээнд үүсэж буй валют ямар нэгэн төв банкинд бус, бүх хэрэглэгчийн түрийвчинд хадгалагддаг гэсэн үг.

Өдгөө биткойн, этериум, лайткойн зэрэг 1000 гаруй төрлийн криптовалют бий болсон. Эдгээрийг тусгай төхөөрөмж ашиглан олборлодог бөгөөд их хэмжээний цахилгаан шаарддаг байна. Хэрэв хоёроос илүү төхөөрөмж ажиллуулах тохиолдолд өндөр хүчдэлийн буюу 380 Квт-ын цахилгаан хэрэгтэй болдог аж. “Найман сарын өмнөөс криптовалют олборлож эхэлсэн.

Анх хоёр төхөөрөмж угсрахад 10 сая гаруй төгрөг зарцуулж байлаа. Үүнийгээ өнгөрсөн хугацаанд хангалттай нөхсөн. Би мэдээлэл технологийн чиглэлээр ажилладаг учраас мөнгө олох гэхээс илүү үүний техник, технологийг нарийвчлан судлах зорилготой байгаа” гэж этериум, лайткойн олборлодог Б.Батпүрэв хэлэв. Тэрбээр 20 GPU карт бүхий зургаан процессор болон acid гэдэг тусгай төхөөрөмж ашигладаг бөгөөд өнгөрсөн хоёрдугаар сараас хойш 30 ширхэг этериум олборложээ. Б.Батпүрэв “Нэг төхөөрөмжид дунджаар зургаан GPU карт байдаг. Үүнийг ажиллуулахад сард 78 мянган төгрөгийн зардал гардаг. Гэрийн нөхцөлд дуу чимээ ихтэй. Тиймээс заримыг нь тусгай түрээсийн газар буюу фармд байршуулсан. Сүүлийн үед криптовалют олборлодог монголчууд олширч байгаа. Сарын 100 мянган төгрөгийн түрээстэй тусгай фармууд ч цөөнгүй бий” гэв.

Дижитал валют нүдэнд харагдаж, гарт баригддаггүй. Гэхдээ олборлоход цаасан мөнгөнөөс илүү зардал, цаг хугацаа шаарддаг. Тухайлбал, нэг биткойн олборлоход 1000 ам.долларын зардал гардаг гэсэн тооцоо бий. Харин манайд олборлолтын гол “тэжээл” болох цахилгааны төлбөр ихэнх орноос харьцангуй хямд. Нэг биткойн олборлоход 800 ам.доллар зарцуулдаг тул багагүй ашигтай байдаг аж. Дижитал валютыг олборлож, зарахаас гадна арилжиж ашиг олох боломжтой. Цахим валютын бирж trade.mn дээр өчигдөр гэхэд 11,7 сая төгрөгийн арилжаа хийжээ. Уг бирж дээр өдгөө зөвхөн биткойн арилжиж байгаа бол энэ долоо хоногт багтан этериум нэмэгдэх юм байна. Харин энэ онд багтаж лайткойн, неокойн зэрэг криптовалютуудыг арилжааны жагсаалтад оруулах аж. Одоогоор тус биржид 1500 хүн бүртгэлтэй байгаа бөгөөд 500 гаруй нь арилжаа хийх дансаа баталгаажуулсан нь монголчууд уг валютыг багагүй сонирхож буйг илтгэж байна. Арилжаанд оролцогчид эхний үед бага хэмжээний дижитал валют худалдан авч туршиж байгаа ч цаашид арилжааны мөнгөн дүн өсөх хандлагатай байгаа аж.

Монголд нэг биткойн олборлоход 800 ам.доллар зарцуулдаг

Криптовалют ийнхүү эрчээ авч буй нь олон шалтгаантай. Энэхүү мөнгийг хянадаг, удирддаг төвлөрсөн захиргаа байхгүй, мөнгийг сүлжээний хэрэглэгчид өөрсдөө үүсгэдэг онцлогтой. Гүйлгээ нь олон шат, дамжлагагүй, банкны ажлын цагт баригдах албагүй гээд олон давуу талтай. Хэрэв ирээдүйд дэлхий даяар хүлээн зөвшөөрдөг болбол өөр оронд очоод валют солиулах шаардлагагүй болно. Гэвч үүнийг дагасан сул талууд ч цөөнгүй. Хэрэглэгч бүр өөрийн түрийвчээ хариуцдаг. Төвлөрсөн зохицуулалтгүй тул аль нэг газарт санаатай, санаандгүй шилжүүлсэн мөнгийг “буцаах” гэсэн ойлголт байхгүй. Цахим мөнгөнд тусгай “түлхүүр” ашиглаж нэвтэрдэг ба тоон түлхүүрийг гээсэн л бол таны түрийвч байхгүйтэй адил гэсэн үг. Түүнчлэн, криптовалют нь зах зээлийн хэрэгцээ, хүмүүсийн байр суурь, хууль тогтоомжийн өөрчлөлтөд мэдрэг тул ханш нь хувирамтгай байдаг. Хамгийн гол нь энэ цахим валютын хэрэглэгч нь нууц байдаг тул сүүдрийн эдийн засаг цэцэглэх таатай нөхцөл болж магадгүй хэмээн Засгийн газрууд болгоомжилж байгаа юм.

САНАЛ БОЛГОХ