Бизнест итгэл үзүүлнэ

Мэдээ


Инфляцыг тогтворжуулах “жор”-той танилц

Монеторист төв банкны тогтолцоонд мөнгөний бодлогын гол зорилго, эрмэлзэл нь инфляцыг удирдах буюу бага түвшинд байлгах явдал гэж тодорхойлдог. Үүнийг аль ч улсын Төв банкны тухай хуульд заасан үүрэг, зорилтоос нь харж болно. Энэхүү хэв шинжийг хадгалсан мөнгөний бодлогын дунд хугацааны үндсэн зорилтоо Монголбанк тодорхойлов. 2018-2020 онд жилийн инфляцыг найман хувь орчимд тогтворжуулахаар үндсэн чиглэлээ боловсруулсан байна. Жилийн өмнө инфляцыг найман хувиас дээшгүй түвшинд байлгана гэж Монголбанк үүрэг, амлалт авч байсан. Харин ирэх жил инфляцыг одоогийн түвшинд хэвээр хадгалах буюу тогтворжуулах зорилт дэвшүүлжээ.

Инфляцыг онилох мөнгөний бодлого уг үзүүлэлтийн хэлбэлзлийг сааруулахад чиглэж байна. Макро эдийн засгийн төлөвийг инфляцын хэлбэлзэл дордуулдаг. Хэлбэлзэл нэмэгдэх тусам эдийн засагт тодорхой бус байдал гаардаг талтай. Энэ нь иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын хувьд бизнесээ төлөвлөх, ирээдүйн орлого, зардлаа тооцоход хүндрэл үүсгэдэг. Үүнээс сэргийлэх үүднээс ирэх жилийн мөнгөний бодлого инфляцыг тогтворжуулах шинэ зорилт гаргаж танилцууллаа. Хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцын хэлбэлзэл өндөр байх нь эдийн засагт сөргөөр нөлөөлдөг гэмтэй. Үүнийг зах зээлийн эдийн засагт шилжсэн сүүлийн 20 жилийн үйл явц маш тодорхой харуулна. Хэдий инфляц нам түвшинд байсан ч хэлбэлзэл багатай байх нь хамгаас чухал.

Ийм нөхцөл бүрдүүлэх зорилгоор төв банк тогтворжуулах бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа нь энэ. Манай улсын хувьд инфляцын хэлбэлзэл 10 жилийн өмнөх үетэй харьцуулахад буурсан. Гэвч сүүлийн долоон жилд төдийлэн буураагүй байгаа юм.

Бизнесийн идэвхжил, ажил эрхлэлтийг дэмжинэ
Хэрэв ирэх онд эдийн засгийн суурь үзүүлэлт эерэг байвал Монголбанкинд бодлогын хүүгээ бага зэрэг чөлөөлөх боломж гарна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, зах зээлийн төлөв, засаглалын тогтвортой байдал мөнгөний бодлогын төсөөллийг давхар тодорхойлох нь. Бодлогын үр нөлөөг хэмждэг инфляц энэ оны наймдугаар сарын байдлаар улсын хэмжээнд 5.1 хувьтай байна. Инфляц өмнөх саруудаас өсөх хандлагатай байгаа юм. Гэхдээ том зургаараа ирэх жил найм орчим хувьд байх төлөвтэй байна. Эдийн засгийн идэвхжил сэргэж, богино хугацаат гадаад өрийн эргэн төлөлтийн дарамт, улсын эрсдэл буурч буй. Ийм үед ирэх оны Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төслийг УИХ-хэлэлцэх гэж байна. Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш ялимгүй тогтворжиж, хадгаламжийн долларжилт буурсан.

Тэрчлэн идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн тоо энэ оны хоёрдугаар хагаст нэмэгдсэн зэрэг эдийн засгийн төлөвийн талаарх нааштай хүлээлт зах зээл дээр жин дарах болов. Саараасаа сайн нь их байна. Гадаад эрэлт, экспортын бүтээгдэхүүний үнэ хүлээж байснаас харьцангуй сайжирч, уул уурхайн салбар дахь бүтээн байгуулалт эрчимжсэн. Ингэснээр эдийн засгийн өсөлт энэ оны эхний хагаст 5.3 хувьд хүрсэн билээ. Гэвч уул уурхайгаас хамаарал багатай салбаруудад идэвхжил сул хэвээр. Тэр тусмаа боловсруулах салбарын чанаргүй зээлийн үзүүлэлт толгой цохьсоор. Ирэх оны мөнгөний бодлого эдийн засгийн өсөлт, бизнесийн идэвхжил, ажил эрхлэлтийг дэмжихэд чиглэж байна.

Азийн хөгжлийн банк болон Дэлхийн банк манай улсын эдийн засгийн өсөлт нэмэгдэхээр байгааг онцолсон. Монголбанк өөрийн алдагдлаа бууруулж, дүрмийн сангаа нэмэгдүүлэхээр болоод байна. Тодруулбал, 2018 онд дүрмийн сангаа 100 тэрбум төгрөг болгохоор үндсэн чиглэлийн төсөлд дурджээ. Төсвийн шинжтэй үйл ажиллагаанаас татгалзаж буй Монголбанк ирэх жил ипотекийн зээлийг Засгийн газарт бүрэн шилжүүлэхээр төлөвлөж буй. Тиймээс ирэх оны мөнгөний бодлогод найман хувийн ипотекийн зээлийн талаар тодорхой заалт нарийн тусгаагүй байна. Ипотекийн зээлээс төв банк гарлаа гэхэд ачаа нь хөнгөрнө гэсэн үг. “Мөнгөн тэмдэгтийг хэвлэх эрхийг эдэлж буй субъект нь тухайн улсынхаа инфляцыг хариуцдаг” хэмээн “Төр төгрөг дээр тогтоно” өгүүлэлд бичсэн байдаг. Дэлхий нийтэд үйлчилдэг энэхүү “алтан зарчим”-аас Монголбанк гажихгүй болов уу. Инфляцыг тогтворжуулах нь ирэх жилийн мөнгөний бодлогыг өмнөх үе үеийн үндсэн чиглэлүүдээс ялгаж байна.
САНАЛ БОЛГОХ