4158

Нүхэн гарцанд арчилгаа дутжээ

Сурвалжилга


Түрээсийн жилийн орлого 20 орчим сая төгрөг болдог

Багшийн дээдийн нүхэн гарц олон хүн холхисон их хөлийн газар. Даваа гарагийн 14.00 цагийн орчимд тэнд очиход замын урд талын гарцны орох хэсгийн шатан дээр тулгуур эрхтний бэрхшээлтэй нэгэн хүн хоёр гараа алдлаад хамаг чангаараа орилно. Урдаа 50 төгрөг ч үгүй хоосон хайрцаг тавьснаас нь ажихад саяхан “ажилдаа” гарсан бололтой. Өвөл хаяанд ирж, намрын жихүүн салхи хацар хайрах хэдий ч түүнд саарал өнгийн биеийн тамирын нимгэн хослол, саравчтай малгайнаас өөр дулаан хувцас байхгүй аж. Гэсэн ч дулаан хувцаснаас илүү хоногийн хоол, аяга тагш юмны мөнгө олох нь түүнд юу юунаас илүү чухал. Суга таягнаас өөр “зэвсэггүй” түүнээс тавхан алхмын зайд өвгөн хуурч төрөл бүрийн аяыг донжтой гэгч тоглож, олныг баясгана. Өвгөн хуурч түүнээс насаар ахиу байрын. Барагцаалбал 60 орчим настай болов уу гэмээр. Гарцаар зөрөн өнгөрөх хүмүүс дуулаад зогсож байгаа залуугаас илүүтэй морин хуур тоглож буй өвгөнд хандивын гараа сунгах нь элбэг.

Түүний өмнөх хайрцаганд 50-1000 гээд овоо хэдэн төгрөг цугларчээ. Ажил хийвэл ам тосдоно гэдгийн адилаар өглөөнөөс хойш суусан өвгөн энэ өдрийнхөө орлогыг хийчихэж. Тэрбээр “Өглөөнөөс үдшийн бүрий тасрах хүртэл суугаад өдөрт 10-20 мянган төгрөг олдог” гээд надтай ярилцахаас төвөгшөөж, хөгжмөө үргэлжлүүлэн тоглов. Харин доош буумагц нэгэн бүсгүй нүхэн гарцын хонгилд өвлийн куртка, цамц, хантааз зэрэг хувцас худалдаж байв. Наймаачин бүсгүйгээс “Энд юм зарж болдог юм уу. Түрээсийн төлбөр нь хэд байдаг вэ” хэмээн сонирхож асуутал “Манайх дотор талдаа зөвшөөрөлтэй лангуутай учраас зарж болно. Агуулах чөлөөлөх худалдаа явуулж байгаа юм. Түрээсийн төлбөр сард 500 мянган төгрөг. Үүн дээр цахилгааны төлбөр нэмэгддэг” гэлээ.

Ингээд нүхэн гарцанд байрлаж буй павильонуудад орж үзэв. Хаалгыг нь татах төдийд завсраар нь сийгэх агаарт, арц, хүж, үнэртүүлэгч гээд элдэв янзын зүйл холилдсон эхүүн үнэр хамар цоргино. Тэнд зарахгүй юм гэж алга. Бичиг хэрэг, ээмэг зүүлт, бэлэг дурсгал, ахуйн бараа, түргэн хоолны цэг, бэлэн хувцас гээд нүүд эрээлжлэм бараагаар “баян”. Гарцаар холхих олны хөл ч тэндээс тасрахгүй. Үйлчлүүлэгч нь голдуу оюутан, залуус, хүүхдүүд байдаг бололтой. Бичиг хэргийн павильон түрээслэгчээс сарын түрээс болон орлогын хэмжээг нь сонирхлоо. Тэрбээр “Сарын түрээсийн төлбөр 200 мянга байдаг юм. Үүн дээр цахилгааны төлбөр нэмэгдэнэ. Өвөл тень залгадаг учраас тогны мөнгө 60-100 мянга хүртэл гардаг. Сарын орлого 300-500 мянга байдаг” гэлээ.

Улаанбаатар хотын хэмжээнд явган хүний нүхэн гарц дөрөв, гүүрэн гарц зургаа бий. Эдгээрээс зөвхөн Багшийн дээдийн нүхэн гарцанд л худалдаа, наймаа эрхлэх албан ёсны зөвшөөрөл олгосон юм байна. Сүхбаатар дүүргийн Аж ахуй эрхэлсэн дарга М.Уранзаяа “Багшийн дээдийн нүхэн гарц 2010 онд ашиглалтад орсон. Тэнд нийт 19 павильон байдаг. Бүгд түрээсийнх. Түрээсийн жилийн орлого 20 орчим сая төгрөг болдог. Орлогын 60 хувийг нийслэлийн төсөвт, үлдсэн 40 хувийг Сүхбаатар дүүргийн ЗДТГ-т төвлөрүүлдэг” гэж тайлбарлав. Дараа нь бид Мөнгөн завьяагийн урд талд байрлах нүхэн гарцыг зорилоо. 1982 онд ашиглалтад орсон тус гарц цаанаа л нэг дүнсгэр, харанхуй орчинтой. Салж унах шахсан найман павильоны дөрөв нь л ажиллаж байлаа. Тэдгээр павильоныг ашиглалтад ороход нь худалдсан учир нийслэлд түрээсийн төлбөр төлдөггүй юм байна. Харин эзэмшигч нь дамлаж, бусдад түрээслүүлдэг тухай худалдаачин залуу ярьсан. Тэнд хуучин ном зараад зургаан жил болж буй өвгөн нүхэн гарцын талаарх санал бодлоо бидэнтэй хуваалцсан юм.

Тэрбээр “1982 оноос хойш нэг ч удаа засвар хийгээгүй. Зуны улиралд согтуу хөлчүү хүмүүс бие засах, архи, пивоны шилээ хагалах нь энүүхэнд. Харин өвөл нь орон гэргүй хүмүүсийн хоноглох газар болдог. ТҮК-ийнхан манай гарцыг цэвэрлэдэггүй учраас түрээслэгчид бид өөрсдөө хуваарь гаргаж цэвэрлэдэг. Жилд нэг удаа ханыг нь угаана. Борооны ус зайлуулах шуудуунаас тамхины иш, чихрийн цаас гээд долоо хоногт гурван шуудай хог гарна. Тогтоол ус элдэв төрлийн хогтой нийлж, эхүүн үнэртэй болдог учраас хлорамины уусмал цацдаг.

Улаанбаатар хотын хэмжээнд нүхэн гарц дөрөв, гүүрэн гарц зургаа бий
Жуулчид манай гарцын зургийг их авдаг. Хотын нүүр царай болж байгаа энэ гарцыг засаж, өнгө үзэмжийг нь өөд татах хэрэгтэй байна” хэмээн өгүүлэв. Цагтаа нийслэлд ганцхан байсан энэхүү нүхэн гарцанд засвар хийж тордохгүй бол үнэхээр хуучирчээ. Хэлхээтэй хар төмрөөр хаалга хийж, нурж унасан плитан хананууд нь өнгөө алдаж, дээврээс нь дусаал гоожиж, зуны цагт хөлийн шагай татам ус тогтдог гээд тоочоод байвал зовлон их. Тэгвэл Улаанбаатар зам засвар, арчлал компанийн харьяанд байдаг Сансарын тунелийн нүхэн гарцын дүр төрх эсрэгээрээ.

Худалдаа үйлчилгээний цэггүй учраас элдэв янзын үнэр, орон гэргүй хүмүүсээр дүүрсэн юм тэнд алга. Маш цэвэрхэн орчин биднийг угтлаа. Хүний урманд нэг ширхэг хог ч харагдсангүй. Хонгилд ортол зэргэлдээ таван хаалганы эхнийх нь онгорхой байв. Дотор нь ортол манаач нь камераар орчин тойрныг ажиглаад сууж байлаа. Тэрбээр “Өдрийн цагаар хөл хөдөлгөөн хэвийн байдаг. Харин шөнө л хэцүү дээ. Голдуу шоучин залуус бие засна, хогоо хаяна гээд асуудал мундахгүй их гаргадаг. Тэр болгонд нь хөөж гаргана. Шаардлага тавихаар зарим нь барьж аваад зодох нь холгүй аяглана.Тэдний тарьсан хогийг манаач бид цэвэрлэдэг. Мөн жилдээ нэг удаа их цэвэрлэгээ хийдэг” гэсэн юм. Сүүлийн жилүүдэд нийслэлд томоохон бүтээн байгуулалтын ажил хийж байгаагийн нэг нь явган хүний гүүрэн гарц юм. Хамгийн сүүлд Сансарын шатахуун түгээх станцын автобусны буудал орчимд шинээр барьсан явган хүний гүүрэн гарцыг тооцоод зургаан гарцтай боллоо.

Хан-Уул дүүргийн 120-ын автобусны буудал, 100 айл, Бөмбөгөр худалдааны төв орчимд барьсан гүүрэн гарцууд бүгд хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон ахмад настнуудад зориулан лифттэй байхаар төлөвлөж, барьсан. Гэсэн ч ашиглалтад орсон эхний хэдэн сардаа лифт нь ажиллаж байснаа одоо бүр таг зогсчихсон. Ялангуяа, 100 айлын орчимд хараагүй, сонсголгүй хүүхдүүдийн 29 дүгээр тусгай сургууль байдаг. Хүүхдүүд хичээлээ тараад гүүрэн гарцаар гарах гэж багагүй хүндрэлтэй тулгардаг аж. Лифт нь ажиллахгүй учраас заримдаа тэргэнцэртэй хүүхдээ түрээд шатаар өгсөхөөс өөр аргагүйд хүрдэг хэмээн иргэн н.Тунгалаг ярьсан юм. Тэгвэл шүүмжлэл дагуулаад буй лифттэй гүүрэн гарц “мода”-ноос гарч, олон улсын жишигт нийцсэн шилэн гүүрэн гарцыг Сансарт барьжээ.

Нийслэлд сүндэрлэсэн анхны шилэн гүүрэн гарц гурван метр зорчих хэсэг бүхий 28 метрийн урттай, ус зайлуулалтыг бүрэн шийдсэн, газар хөдлөлтийн найман баллд тэсвэртэй металл гүүр юм. Уг бүтээн байгуулалтад нийт 850 сая төгрөг зарцуулжээ. Нэг сая гаруй хүн амтай метрополис хотод олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалтын ажил хийж байгаа нь сайшаалтай. Харин одоо их хөрөнгө зарцуулсан бүтээн байгуулалтуудаа тордож арчлахгүй бол харахад нүд халтирам болжээ. Гадаадад метро, нүхэн, гүүрэн гарцын доогуур стандартын шаардлага хангасан төрөл бүрийн үйлчилгээ үзүүлэх зөвшөөрлийг хотоос олгож, түрээсийн мөнгөөр нь төсвөө зузаатгадаг жишээ олон. Энэ мэт бэлээхэн туршилгыг олигтойхон хуулбарлаж, хэдэн гарцаа олон улсын жишигт хүргэхсэн.

САНАЛ БОЛГОХ