Хууль тогтоомжуудад “их цэвэрлэгээ” үгүйлэгдэж байна

ЗГМ: Сэдэв


Олон удаагийн өөрчлөлтөөс үүдэн хуулиудын давхардал үүсдэг

Тооцоо судалгаагүй хуулийн төслийг дуртай нэгэн нь санаачилж, батлуулдаг байдал Монголын хөрсөнд суурьшсаар удлаа. Амбийц, аль эсвэл ашиг сонирхлын зөрчилтэй бодлого тодорхой логчийн зүтгүүлж, батлуулсан, төсөв санхүүгийн боломж, хүн амын ойлголт зэргийг үл харгалзсан ийм хууль бодит байдал дээр хэрэгждэггүй. Ингэснээр өнөөх “но”той хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсвэл хүчингүй болгох гэ сэн хоёр сонголттой тулгардаг юм. Жишээ нь, Аж ахуйн үйлчилгээний тусгай зөвшөөрлийн тухай хуулийг баталснаас хойш нийт 57 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан гэдгийг 2016 онд болсон “Хууль бүтээх үйл ажиллагааны шинжлэх ухааны үндэс” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын үеэр онцолж байсан удаатай. Өөр нэгэн жишээ татъя. 1993-1999 онд Монгол Улсын хууль тогтоох засаглал 191 хууль баталснаас 99 нь хүчин төгөлдөр үйлчилж, 92 хууль хүчингүй болжээ.

Харин 2000-2006 онд 217 хууль батлагдсан ч 144 нь хүчин төгөлдөр, 73 нь хүчингүй болсон байна. Мөн 2007-2013 онд 187 хууль баталсны 154 нь хүчин төгөлдөр мөрдөгдөж, 33 хууль хүчингүй болсон гэх судалгаа бий. Уг нь хууль нийтийн эрх ашгийг дээдэлсэн, шударга үнэнд нийцсэн, басхүү бодит амьдрал дээр буусан байх нь чухал. Энэ хуулийг нийгмийн харилцаа үүсгэгч иргэн, хуулийн этгээд дагаж мөрдөн нийгэмд эмх цэгц эрэмбэлэгдэх ёстой гэж иргэд ойлгож ирсэн. Нийгмийн өөрчлөлтийг дагаад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зөв. Гэвч хэн нэгний эрх ашгийн үүднээс өөрчлөлт оруулах гэсэн башир арга нуугдаж байдгийг мэргэжилтнүүд үгүйсгэхгүй байна.

Нөгөөтэйгүүр, олон удаагийн нэмэлт, өөрчлөлтөөс үүдэн хуулиудын давхардал, өөр хоорондын зөрчил ихэсдэг байна. Ийм хуулиудаас болж төрийн байгууллагуудын ажил үүрэг давхардах, өөр хоорондоо зөрчилдөхөд хүрдэг аж. Товчхондоо, хууль тогтоох дээд байгууллага “төрүүлсэн” хуулиа бөөцийлөх шаардлагатай байгаа юм. Тухайлбал, Хандуны их сургуулийн профессор Дэвид Коллер “АНУ батлагдсан хуульдаа эргээд заавал дүн шинжилгээ хийж байна. Ингэхдээ зөвхөн хуульчид биш хуулийн нөлөөнд автдаг бүх хэсгийн төлөөллөөс байлцуулж, тухайн хууль амьдралд хэрэгжих боломжтой байна уу, үгүй юу гэдгийг асуудаг. Үнэхээр ашиггүй хууль байвал өөрчлөх эсвэл эргүүлэн татдаг” гэсэн юм.

Тэгвэл Монголын шилдэг доктор, профессор, хууль батлах, хэлэлцэхэд оролцдог албан тушаалтнуудаас бүрдсэн баг байгуулагдаж, 1998 онд батлагдсан Эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөрт хоёр жил орчим хяналт-шинжилгээ, мониторинг хийж, дүгнэлт гаргажээ. 2008 онд хэвлэгдсэн энэхүү багийн тайланд “Монгол Улсад шаардлагатай бүх хууль батлагдсан байна. Харин эдгээр хууль нь хоорондоо уялдаагүй, зөрчил, давхардал, хийдэл ихтэй байгаа тул цаашид энэ байдлыг арилгаж, хуулиудаа сайжруулах шаардлагатай” гэсэн дүгнэлт гарчээ. Хууль зүй, дотоод хэргийн яам 2008 оноос эхлэн Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран ажиллаж, хуулийн давхардал, зөрчил, хийдлийг тогтоох, уялдаа холбоог сайжруулах аргачлал боловсруулан батлуулсан юм.

Энэ дагуу хуулийн давхардал, зөрчил, хийдлийг тогтоох, уялдаа холбоог сайжруулах ажлыг эхлүүлсэн  байдаг. Үүний дараа иргэн, эдийн засгийн холбогдолтой 81 хуульд “их цэвэрлэгээ” хийжээ. Жишээ нь, Төрийн бус байгууллагын тухай хууль байлаа гэхэд энэ хуультай холбоотой бүх олон улсын гэрээ конвенц, Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, хуулийн этгээдтэй холбогдолтой бүх хууль, Засгийн газрын тогтоол, Дээд шүүхийн тайлбар зэргийг цуглуулж байгаад болохгүй байгаа зүйлийг нь тодорхойлсон юм. “Их цэвэрлэгээ”-ний үеэр 29 хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгахын тулд түүнтэй холбоотой 63 хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай болсон гэдэг.

Хууль тогтоох дээд байгууллага “төрүүлсэн” хуулиа бөөцийлөх шаардлагатай
Тэгвэл хууль тогтоомжид хийсэн ийм “их цэвэрлэгээ”-г дахиулах шаардлага байгааг хуульчид онцолж байна. Хэдийгээр Хууль тогтоомжийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр хуулийн төсөл боловсруулах босго нэмэгдсэн ч хэрэгжиж буй хуулиудынхаа давхардал, хийдлийг арилгахад төдийлэн дэмжлэг болохгүй байгаа аж. Алийг нь дагаж мөрдөх нь тодорхойгүй, нэг нь нөгөөгөө үгүйсгэн зөрчилтэй хуулиудыг эмхэлж, “их цэвэрлэгээ” дахин хийх шаардлага үүсээд байгааг нийгэмд өдөр тутамд өрнөж буй зарим үйл явдал, хууль, шүүхийн танхимд өрнөж буй маргаан, мэргэжилтнүүдийн үгс батлан харуулсаар байна.


САНАЛ БОЛГОХ