Баруун бүсийн лиценз нэмэгджээ

Уул уурхай

Мэдээллийн санд шилжсэн долоон орд тутмын нэг нь нүүрс байна

Монгол Улсын хэмжээнд геологийн судалгааны дөрвөн чиг­лэлээр 51 төсөл хэрэгжиж байна. Төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй геологийн судалгааны ажил өнөө жил харьцангуй эрт эхэлсэн. Эдийн засгийн хүндрэлтэй байд­лаас шалтгаалан өнгөрсөн онд уг төлөвлөгөө багагүй хоцорч байсан удаатай. геологийн зураглал, ерөн­хий эрлийн ажлын 33 төсөл байгаа бол сэдэвчилсэн судалгааны 12 төсөл хэрэгжиж байна. Манай улс БНЧУ, ОХУ, БНХАУ, БНСУ­-тай хамтран геологийн төсөл хэрэгжүүлж ирсэн. Одоогоор хамтын ажиллагааны хоёр төсөл үргэлжилж байна. 

Ашигт малтмал, газрын тосны газрын мэдээллээр, нийт нутаг дэвсгэрийн 6.3 хувьд хайгуулын тусгай зөвшөөрөл олгогджээ. Хүчин төгөлдөр хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо 1824-­д хүрсэн. 

Ашигт малтмалын тусгай зөв­шөөрлийг 2015 оноос цахимаар олгох болсон. Улсын хэмжээнд одоогоор 3475 гаруй тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна. Үүнд, хайгуул болон ашиглалтын линценз оржээ. Тусгай зөвшөөрлийн төлбөрийг улс болон орон нутгийн төсөвт төвлөрүүлж буй. Энэ нь сүүлийн гурван жилийн дүнгээр нийт 116.5 тэрбум төгрөгт хүрсэн билээ. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг өргөдөл болон сонгон шалгаруулалтын аргаар олгож байгаа юм. 

• Монгол Улсын хэмжээнд геологийн судалгааны дөрвөн чиглэлээр 51 төсөл хэрэгжиж байна.

• Улсын хэмжээнд одоогоор 3475 гаруй тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна.

• Оюутолгой болон тавантолгойн ордтой эн зэрэгцэх хэмжээний шинэ орд илэрсэнгүй.

Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл ашигт малтмалын ордын хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцдэг. Энэ хүрээнд шинээр 70 ордын нөөцийн нэгд­сэн хэмжээг мэдээллийн санд бүртгэж авсан байна. Өнгөрсөн онд 94 ордын нөөцийг бүртгэх шийдвэр дээрх зөвлөл гаргасан. Шинээр алтны хоёр үндсэн орд бүртгэгдсэн бол төмрийн хүдрийн дөрвөн ордын нөөцийг тодорхойлжээ. Мэдээллийн санд шилжсэн долоон орд тутмын нэг нь нүүрснийх байна. Цаашид төрөөс геоэкологийн нэгдсэн судалгааг эрчимжүүлэх аж. Тодруулбал, геологийн судал­гааны хамрах хүрээг өргөтгөхөөр төлөвлөжээ. Тэрчлэн судалгааны чанарыг сайжруулах юм байна. Улсын төсвийн хөрөнгөөр гүй­цэтгэдэг геологийн шинжлэх ухааны ажил, сэдэвчилсэн су­далгаа, зураглал, эрлийн ажлын хэмжээг жил бүр тогтвортой өсгөх бодлого баримталж байгаа юм. Мөн энэ салбарт хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийг татан оролцуулах, геологи, хайгуулын ажилд хувийн хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам ажиллаж байна.

Хувийн хөрөнгөөр гүйцэтгэж буй хайгуулын ажил өнөө жил нэмэгдэх төлөвтэй. Учир нь, дэлхийн зах зээлийн ашигт малт­малын үнэ тогтвортой төдийгүй өсөлттэй байснаас үүдэн хөрөнгө оруулалт нэмэгдэх хүлээлттэй байна. Хайгуулын ажлын зардлын гүйцэтгэлээс харвал 2012 оноос эхлэн геологи хайгуулын ажлын хэмжээ жил дараалан буурсан үзүүлэлттэй гарах болсон юм. Энэ төрлийн тусгай зөвшөөрөл эзэмшигчид хайгуулын ажилд зарцуулсан зардлын 46.8 хувийг өрөмдлөг эзэлж байна. Түүхий эдийн үнэ унахад хайгуулын үйл ажиллагаа саармагждаг. Харин үнэ өсвөл сэргэдэг. Тэгвэл энэ онд эрдэс баялгийн үнэ тогтвортой байснаар хайгуулын ажлын эрч тодорхой хэмжээгээр нэмэгджээ.

Хайгуулын 1000 лицензээс таван хувь нь л эдийн засгийн үр ашигтай орд байх магадлалтай гэсэн статистик бий. Энэ жишгээр эрх баригчид уул уурхайн салбарт харьцангуй нээлттэй бодлого хэрэгжүүлж байна. Хэдий ийм боловч Оюутолгой болон Таван­ толгойн ордтой эн зэрэгцэх хэмжээний шинэ орд илэрсэнгүй. Ялангуяа, баруун таван аймагт геологийн хайгуулын суурь судалгааны ажил харьцангуй бага хийгдсэн байдаг. Тиймээс бодлого хэрэгжүүлэгч яам, агентлаг уг чиглэлд шинээр тусгай зөвшөөрөл олгох нь нэмэгджээ. Шинэ ордын эрэл баруун бүсэд идэвхжиж байна.

САНАЛ БОЛГОХ