Эрчүүдийн тав тухтай хөрөнгө оруулалт

ТАНСАГ ХЭРЭГЛЭЭ

Isaia брэндийн хослол 7-9.5 сая төгрөгийн үнэтэй

Биед таараагүй хувцас өмсөнө гэдэг амаргүй. Хэчнээн өндөр үнэтэй, алдартай брэндийнх байлаа ч товчилж хүрдэггүй эсвэл гараа олигтойхон хөдөлгөж болохооргүй хослол өмсөх нь эрчүүдийг бухимдуулдаг. Хослол бол эрчүүдийн хувцасны шүүгээн дэх хамгийн үнэ цэнэтэй эд. Түүний материалын чанар, хийцийг хараад эзнийг нь дүгнэж болохоор. Хэрэв Италийн эрэгтэй хувцасны Isaia брэнд шүүгээнд нь байвал түүнийг тун мэдрэмжтэй хэрнээ амжилттай яваа гэж ойлгож болно. Учир нь өндөр чанар, өвөрмөц загварыг санал болгодог Isaia тансаг хэрэглээнд тооцогддог юм.

Италийн Наполи хотод үйлдвэрлэж, Монголд худалдаалж буй энэ брэнд 60 гаруй жилийн түүхтэй. 2016 оны судалгаагаар Isaia нь хамгийн хурдацтай өсөж буй тансаг зэрэглэлийн эрэгтэй хувцасны итали брэндээр тодорчээ. Тус компанийн орлого өмнөх жилийнхээс 16.8 хувиар өссөн үзүүлэлттэй өнгөрсөн оныг үдсэн бол ийм төрлийн бусад итали брэндийн орлого ихэвчлэн буурсан дүнтэй гарчээ.

Эрэгтэй хослолын салбарт маш олон брэнд бий. Zegna, Brioni, Kiton зэрэг сонгодгууд ажил хэрэгч байдлыг илэрхийлдэг бол Tom Ford, Prada, Gucci, Empero Armani зэрэг брэнд загварыг илүүд үздэг. Харин Isaia-д энэ бүгд хосолсон байдаг тул контемпорари брэнд гэж нэрлэдэг байна. Товчоор хэлбэл, чанартай хэрнээ загварлаг гэсэн агуулгыг хувцас бүрээс нь харж болно.

Isaia өдгөө Хонконг, Милан, Москва, Нью-Йорк зэрэг 10 гаруй том хотод дэлгүүрээ нээсэн. Сүүлийн жилүүдэд Ази тивийн загварын захыг онилох болсны нэг нь Монгол. Тус брэндийн дэлгүүр манайд нээгдээд нэг жилийн ойтойгоо золгож буй. Энэ хугацаанд байнгын хэрэглэгчидтэй болж амжжээ.

Шангри Ла молл дахь Isaia брэндийн моно дэлгүүрээр бид зочиллоо. Гар аргаар оёсон гэдгийг илтгэх ил оёдлууд нь хослолыг өвөрмөц харагдуулахаас гадна материалын чанар нь гар хүрмэгц мэдрэгдэнэ. Эднийд хар, хөх, саарал зэрэг ажил хэрэгч өнгийн хослолууд байдаг ч загвар хийцийн хувьд тун сонирхолтой. Зах, товчны нүх гээд хувцасны жижиг хэсэг бүрийг итали оёдолчид урладаг. Хослолын захны ар тал, дотор хэсгийг хүртэл олон янзаар хийнэ. Зуун хувь ноос, ноолуураас гадна хөвөн даавуу, торгоны хольцтой гээд материалын сонголт олон.

Isaia-ийн нэрийн хуудас бол тав тухтай байдал. “Зарим хэрэглэгч манай хослолыг өмсөхөд алчуур нөмрөөд явж буй мэт хөнгөн, тухтай санагддаг гэдгээ хэлдэг. Хослол гэхээр биед тухгүй гэж боддог үе улирсан. Италийн гар хийцийн 60 жилийн настай эсгүүрээр бүтсэн ийм хослол өмсөж үзээгүй учраас биед тухгүй гэсэн төсөөлөлтэй байдаг. Isaia бол тансаг хэрэглээнээс таашаал авдаг эрчүүдэд зориулсан брэнд. Бид монголчуудын эдийн засгийн байдалд тохируулж 7-9.5 сая төгрөгийн хослол борлуулдаг. Үүнээс тансаг зэрэглэлийнхийг өмсье гэвэл Италид захиалгаар хийлгэж болно” гэж Isaia брэндийн Монгол дахь салбарын захирал Т.Зориг өгүүлэв.

Тэрбээр “Манай дэлгүүрээр үйлчлүүлэгчдийн ихэнх нь 35-аас дээш насныхан. Гэхдээ тансаг зэрэглэлийн брэнд учраас яах аргагүй нийгэмд эзлэх байр суурь, орлогын хэмжээ нь хэрэглэгчдийг тодорхойлж байдаг. Premier Тailor компани сүүлийн таван жил эрэгтэй хослолын зах зээлд ажилласан. Бид 1.2-4 сая төгрөгийн үнэтэй бүтээгдэхүүнээ дундаас дээш орлоготой хэрэглэгчдэд хүргэж байсан. Харин монголчуудад сайн чанартай хэрнээ худалдаж авахад боломжийн бүтээгдэхүүн гэж Isaia брэндтэй хамт тансаг зах зээлд хөл тавьсан” гэж нэмж хэлэв.

• Эрэгтэй хослол бол монголчуудын хувьд хумигдмал зах зээл.

• Зах, товчны нүх гээд хувцасны жижиг хэсэг бүрийг итали оёдолчид урладаг.

• Ус нэвтрүүлдэггүй ноосон хослолын үнэ 7.5 сая төгрөг

Эднийд бэлэн худалдаж буй хамгийн үнэтэй хослол болох судал нь товойж харагддаг бүкл (boucle) 9.5 сая төгрөг. Өөрөөр хэлбэл 3D материал гэсэн үг. Түүнчлэн нано технологи ашиглан боловсруулсан ус нэвтрүүлдэггүй ноосон хослолын үнэ 7.5 сая төгрөг. Үнэтэй хослол дээрээ уух зүйл асгасан ч нэг сэгсрэхэд л газарт бөнжигнөн унаж, хувцсанд ямар ч “гэмтэл” учруулахгүй. Харин цамцны хувьд мөн л гар хийцийнх бөгөөд үнэ нь 750 мянгаас 1.9 сая төгрөгийн хооронд байна. Түүнчлэн, эндээс тун цөөн тоогоор үйлдвэрлэдэг торгомсог зангиа, арьсан тэлээнээс гадна жинсэн болон даавуун өмд, бомбер хүрэм худалдан авч болно.

Эрэгтэй хослол бол монгол­ чуудын хувьд хумигдмал зах зээл. Хэрэгцээ гарсан тохиолдолд л хослол авахаас биш хүссэн үедээ үүнд мөнгө зарцуулдаггүй. Угтаа хослол бол ажил хэрэгч эрчүүдийн нэрийн хуудас бас тун үнэ цэнэтэй хөрөнгө оруулалт юм. Ажил олгогчид тухайн хүнийг авах эсэхээ эхний хоёр минутад шийддэг гэсэн судалгаа бий. Ажил горилогчийн биеэ авч яваа байдал, хувцас, хоолойны өнгө зэргийг ажиглаж, шийдвэрээ гаргадаг байна. Мөн хослолыг ихэнхдээ чухал уулзалт, баяр ёслолын үеэр өмсдөг тул биед таарсан, тухтай байвал өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлдэг гэж үздэг. Тиймд чанартай, өөртөө төгс таарсан хослол авах нь эрчүүдийн хувьд чухал хөрөнгө оруулалт болох юм. 

САНАЛ БОЛГОХ