Ломбардуудын бараа, эргэлтийн хэмжээ жилд 32 орчим тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна

Мэдээ

Наймдугаар сарын байдлаар банкуудын төгрөгийн зээлийн жигнэсэн дундаж хүү жилийн 20.1 хувь, сарын 1.7 хувь байгаа талаар Монголбанк мэдээлсэн. Харин нийт 480 банк бус санхүүгийн байгууллагын сарын жигнэсэн дундаж хүү 3.5 хувь байна. Тэгвэл барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгч байгууллага буюу ломбардны хувьд зээлийн хүү хоногоосоо хамаарч 3.5-15 хувь байгааг Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбооны тэргүүн мэдээлсэн юм. Түүнчлэн банкуудын зээлийн хүүг бууруулах боломж байгааг холбогдох газрууд онцолж, энэ талаар судалгаа хийж буй. Тухайлбал “Голомт” банк зээлийн хүүг бууруулах үндэсний стратеги боловсруулж УИХ, Засгийн газар, Монголбанкинд хүргүүлсэн юм. Энэ хүрээнд одоо 20 хувьтай байгаа зээлийн хүү долоон жилийн дараа 10 хувиар буурах боломжтой гэж үзжээ. Харин эдийн засагчдын хувьд, банкны хүүг бууруулах нөхцөл байдал бүрдсэн болохыг хэлж байгаа юм. Инфляци нэг оронтой тоонд багтаж байвал дотоодын зах зээлээ дэмжсэн бодлогын шинэ алхмуудыг хэрэгжүүлэх нөхцөл үүсдэг. Энэ тохиолдолд Монголбанкны бодлогын хүүг нэг оронтой тоонд хүртэл буулгавал зээлийн хүү буурах боломжтой гэж шинжээчид үзэж байна.

Үүнээс гадна Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар “Зээлийн хүүг бууруулах стратегийн баримт бичгийн төсөл боловсруулах” ажлын хэсгийг байгуулжээ. Харин барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгч байгууллага буюу ломбардуудын зээлийн хүү харьцангуй өндөр байгаа талаар иргэд шүүмжлэлтэй ханддаг. Улсын хэмжээнд 1500 гаруй ломбард үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 593 нь нийслэлд үйлчилгээ эрхэлдэг ба жилд 32 орчим тэрбум төгрөгийн бараа, эргэлт явагддаг байна. Мөн энэ салбарт бүртгэлийн нэгдсэн систем нэвтрүүлж, заавал мөрдөх стандарт тогтоох шаардлагатай гэж Нийслэлийн Цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын хэлтсийн дарга Б.Даваажав мэдээлсэн юм.



САНАЛ БОЛГОХ