Төрийн ажил түгжигдэв

Мэдээ


Энэ байдал хэдий хугацаанд үргэлжлэх нь эрх баригчдаас хамаарна

УИХ-ын үйл ажиллагаа гацаад багагүй хугацаа өнгөрч байна. Учир нь өнгөрсөн Засгийн газраас боловсруулж, өргөн мэдүүлсэн 2017 оны төсвийн тодотголыг байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэх байсан ч УИХ дахь Ардчилсан намын бүлэг хоёр удаа завсарлага авч, хойшлуулав. Завсарлага авсан шалтгаанаа УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Эдийн засгийн байнгын хорооны өмнөх хуралдааны үеэр шинэ Засгийн газар байгуулагдан, 2017 оны төсвийн тодотголыг үзэж, танилцах нь зүйтэй гэдэг үндэслэлээр гишүүдээс уг асуудлыг хойшлуулах горимын санал гарсан нь дэмжигдсэн.

Өнөөдрийн байдлаар Засгийн газар байгуулагдаагүй тул 2017 оны төсвийн тодотголыг дахин хойшлуулах горимын санал гаргаж байна” хэмээн тайлбарлав. Товчхондоо, шинэ Засгийн газрын бүрэлдэхүүн эцэслэгдэж, Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн танхимын боловсруулсан 2017 оны төсвийн тодотголтой танилцах ёстой гэсэн битүү шалтаг тоочив. Удаа дараа завсарлага авч, УИХ-ын үйл ажиллагааг гацаах болсон нь эрх баригч хүчний гаргасан шийдвэртэй холбоотой аж. Тодруулбал, өнгөрсөн мягмар гарагт Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн асан Р.Бурмааг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох асуудлыг хэлэлцсэн ч МАН-ын бүлэг байр сууриа нэгтгээгүй гэсэн шалтгаанаар завсарлага авсан юм. Ингэснээр парламент дахь МАН, АН гэсэн хоёр хүчин хэлэлцэх асуудлаар бие биеэ “барьцаалав”.

Үүнээс гадна УИХ дахь Ардчилсан намын бүлгийнхэн сөрөг хүчний үүргээ гүйцэтгэх “хатуу” даалгаврыг намын нөхдөөсөө авчээ. Өнгөрсөн даваа гарагт тус намын бүлгийн өргөтгөсөн хуралдаан Төрийн ордонд болж, экс гишүүд нь оролцсон юм. “У.Хүрэлсүхийн танхимыг дэмжиж ажиллана” гэсэн тус бүлгийн байр суурийг орон тооны бус зөвлөх гэсэн статустай экс төрийн түшээд эсэргүүцсэн тул ийнхүү удаа дараа завсарлага авч, эрх баригчдад шахалт үзүүлж эхэлсэн байна. Харин шинэ Засгийн газраа бүрдүүлэхээр өдөр шөнөгүй хуралдаж буй эрх баригчдын хувьд Ардчилсан намаас нэр дэвшиж, ялалт байгуулсан Төрийн тэргүүнийг өөрсдийнх нь дотоод асуудалд оролцож байна хэмээн буруутгажээ. Тодруулбал, өнгөрсөн мягмар гарагт УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан болж, шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнийг хэлэлцсэн. Энэ үеэр У.Хүрэлсүхийн танхимыг байгуулах асуудалд Ерөнхийлөгч оролцож байна хэмээн зарим гишүүн шүүмжлэлтэй хандсан байна.

Иймд УИХ-ын гишүүн асан Р.Бурмааг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох асуудлыг сөргүүлэн тавьж гацаанд оруулжээ. Учир нь Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын гишүүн асан Р.Бурмааг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох албан бичгийг УИХ-ын Тамгын газарт хүргүүлсэн билээ. Эрх баригчдын хувьд экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг мөн л намын дотоод асуудалд оролцож байна хэмээн буруутгаж байсан удаатай.

Ямартай ч, УИХ төдийгүй Засгийн газрын үйл ажиллагаа түр зогсолт хийгээд байна. Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог уламжлалтай. Гэвч шинэ Ерөнхий сайд У.Хүрэлсүх “хуучин баг”-тай хуралдахаас татгалсан уу, эсвэл өөрийн танхимаа байгуулж, үйл ажиллагаагаа эхлүүлэхийг хүлээсэн үү Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болсонгүй. Энэ байдал хэдий хугацаанд үргэлжлэх нь эрх баригчид хэзээ дотоод “зодоон”- оо дуусгахаас хамаарах болж байна.
САНАЛ БОЛГОХ