Төсөрхөн төсөв салаагаар урсах нь

ЗГМ: Сэдэв

Зураг төсөл хэтэрхий үрэлгэн болсныг хэлж байжээ

200 ортой, зориулалтын мэс заслын өрөөтэй, агааржуулалтыг олон улсын стандартын дагуу хийсэн, найман баллын газар хөдлөлтөд тэсвэртэй зэрэг манай эмнэлгүүдэд байдаггүй давуу тал олон. Барилгын ажлыг Австрийн “Вамед Инженеринг” компани европ стандартын дагуу тун чанартай барьж байгаа хэмээн албаны хүмүүс магтаж байна. Бараг найман жил дуншиж байж нүдэнд үзэгдэж, гарт баригдахуйц ажил болж буй тул эмнэлгийнхэн, холбогдох албаны хүмүүс ашиглалтад орохыг нь хоног тоолон хүлээж буйг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн дарга Б.Галсанцэрэн хэллээ.

Гэвч энэ барилга ашиглалтад орох өдрөөсөө эхлэн улсын төсвөөс багагүй мөнгийг хий дэмий зарлагдах гэж байгаа нь харамсалтай. Тус дөрвөн давхар барилгын нийт талбай буюу шалны хэмжээ 17,667 ам метр. Хонгил нь гэхэд хоёр эгнээ авто замтай дүйцэхүйц долоон метрийн өргөнтэй. Хэрэв энэ зайг багасгавал хэд хэдэн эмчилгээ, үйлчилгээний өрөө нэмж болохоор. Энэ мэт хонгил, агуулахын ашиггүй талбай их тул үүнийг дагаад дулаан, цахилгааны мөнгө ч талийж өгөх нь ойлгомжтой.

Олон давхар барьсан бол ашиглалтын зардал нь харьцангуй хумигдах байлаа
Сонгинохайрхан дүүргийн жишиг эмнэлгийн барилгын зураг төслийн даалгаврыг 2014 онд Нидерландын “Симед Интернэйшнл” компани хийсэн байна. Тухайн үед монгол инженерүүд зураг төсөлтэй нь танилцаад хэтэрхий үрэлгэн төсөл болсныг нь анхааруулж, учирлаж, бүр аргаа ядаад гуйх шахам хэлж байжээ. Гэвч нэгэнт батлагдсан зураг учраас өөрчлөх боломжгүй гэсэн хариултаар албаныхан амыг нь тагласан байна.

Монгол Улсын зөвлөх архитектор Д.Цогт “Аливаа барилгад, ялангуяа олон жил ашигладаг эмнэлгийн барилгад ашиглалтын зардлыг хэмнэх талаар маш сайн анхаарах ёстой. Эрүүл мэндийн яамныхан эмнэлэг барихдаа эмч, эмчилгээний асуудалд нь түлхүү анхаарч, харин ашиглалтын зардлыг орхигдуулаад байдаг. Эсвэл гаднынхан л бол сайн гээд юу хэлснийг нь дагаад байдаг нь буруу. Сонгууль болохоор хариуцсан ажилтан нь солигдчихдог тул хариуцлага гэдэг нүдний гэм болчихоод байна” хэмээн бухимдангуй өгүүлэв. Тэрбээр Сонгинохайрхан дүүрэгт баригдаж буй шинэ эмнэлгийн барилгыг хамгийн үрэлгэн зураг төслийн жишээ гэдгийг тодотгоод “Энэ эмнэлгийн барилгыг дээш өндөрлөж, олон давхар барьсан бол ашиглалтын зардал нь харьцангуй хумигдах байлаа.

Гэтэл талын нэг тарсан бүтэцтэй барьж байгаа нь даанч харамсалтай” гэсэн юм. Сонгинохайрхан дүүргийн шинэ эмнэлгийн барилгын ашиглалтын зардлыг 2019 оны төсөвт суулгахаар болжээ. Гэхдээ жилд хэдий хэрийг зарцуулахыг нь тодруулах гэсэн ч албаны хүн хариулахаас татгалзсан юм. 200 ортой тус эмнэлгийн барилгад 37 сая ам.доллар буюу 91 тэрбум гаруй төгрөг зарцуулж буй. Энэ нь Хан-Уул дүүрэгт барьж буй 18 тэрбум төгрөгийн өртөгтэй шинэ төрөх эмнэлэгийн зардалтай харьцуулахад тав дахин өндөр дүн юм. Үүнтэй адил ашиглалтын зардалд үрэлгэн хандсан жишээ цөөнгүй. Манай улсын эмнэлгүүдийн ихэнх нь 40- 45 жилийн насжилттай болж хуучирсан.

• Чингэлтэй, Баянзүрх зэрэг бусад дүүрэгт ч мөн яг энэ зураг төслөөр эмнэлэг барихаар ярьж байна.

• Олон жил ашигладаг эмнэлгийн барилгын ашиглалтын зардлыг яаж хэмнэх вэ гэдэгт маш сайн анхаарах ёстой.

• Эмнэлгийн хонгил нь авто замтай дүйцэхүйц долоон метр өргөн байна.

Тиймээс сүүлийн жилүүдэд хүн амын тоо багагүй өссөн тул шинэ эмнэлэг цөөнгүй барьж байна. Гэхдээ ашиглалтын зардлыг хэмнэх талаар төдийлэн анхаарч санаа тавьдаггүйн жишээ олон. Тухайлбал, Хан-Уул дүүрэг дэх 300 ортой төрөх эмнэлгийн барилга гэхэд 2.5 тоннын даацтай дөрвөн цахилгаан шаттай. Том худалдааны төвд болон 25-30 давхар барилгад байхаар ийм цахилгаан шатыг ажиллуулахад эрчим хүчнээс эхлээд багагүй зардал гарна. Манай улсын эмнэлгийн барилгуудын ихэнх нь хагас зуу шахам жилийн насжилттай, ашиглалтын хугацаа нь дууссан тул ийм том эмнэлэгтэй болно гэдэг уг нь бидний хувьд аманд орсон шар тос гэсэн үг.

Гэхдээ эмнэлгийн барилгыг өөрсдийнхөө нөхцөл байдал, улсынхаа нимгэн хэтэвчинд тохируулах нь чухал байна. Нэг эмнэлгийн барилгыг 35, түүнээс ч илүү жил ашиглана гэж тооцвол дулаан, цахилгааны мөнгийг хий дэмий зарцуулдаг энэ мэт байдлаас болж татвар төлөгчдийн мөнгө үргүй зардалд өчнөөн жил урсах нь даанч харамсалтай. Түүнчлэн, Сонгинохайрхан дүүргийн шинэ эмнэлгийн төслийг амжилттай болсон гэж үзвэл дараа нь Чингэлтэй, Баянзүрх гээд бусад дүүрэгт ч мөн яг энэ зураг төслийн дагуу барихаар төлөвлөж байгаа. Хэрэв зураг төслийг нь өөрчлөлгүй, энэ хэвээр нь хуулбарлавал улсын төсвөөс гарах үргүй зардал бүр хэд дахин нэмэгдэх аюул тулгараад байна.

САНАЛ БОЛГОХ