Үүцээ задлах Баялгийн сангийн балаг

Нийтлэлчийн булан

2020 он гартал төсвөөс санхүүжилт аваад эргүүлж зардаг данс шиг ажиллах нь

Хориод хоногийн өмнө Норвегийн баялгийн сангийн хөрөнгө анх удаа нэг их наяд ам.долларт хүрсэн тухай Америкийн “Блүүмберг” телевиз мэдээлсэн. Энэ бол Мексикийн ДНБ-тэй тэнцэхүйц хэмжээний мөнгө аж. Харин энэ мөнгөөрөө хөрөнгө оруулах том зах зээл олохоос эхлээд олон сорилттой тулж байгаагаа Норвегийн баялгийн сангийн захирал хэвлэлд ярив.

Хөрөнгө мөнгөөрөө энэ сантай дөхөхүйц гэвэл Японы Засгийн газрын Тэтгэвэр тэтгэмжийн хөрөнгө оруулалтын сан, Хятадын Гадаад валютын нөөцийн санг “Блүүмберг” онцлон нэрлэсэн юм.

Харин дэлхий дахинд 40 орчим хуримтлалын сан үйл ажиллагаа явуулдаг. Норвегийн баялгийн сангийн хөрөнгийг гүйцэхгүй ч, тодорхой хэмжээний хуримтлалтай.

Харин Монгол Улсын хувьд энэ төрлийн сан байгуулахаар баталсан Ирээдүйн өв сангийн тухай хууль он гарангуут хэрэгжиж эхлэх гэж байна. Гэхдээ тус санд мөнгө байна уу. Даанч үгүй. Харин ч өглөгтэй. Норвегийн баялгийн сан нэг тэрбум ам.долларын хөрөнгөө багтааж ядаж байхад манай Ирээдүйн өв сан 1.7 их наяд гаруй төгрөгийн өртэй үйл ажиллагаагаа эхлүүлэх гэж байгаа нь эмгэнэл гэлтэй.

Тус санг Хүний хөгжил сангийн суурин дээр байгуулсан. Арай боловсронгуй болгож сайжруулсан гэсэн үг. Хүний хөгжил сан байгуулагдсан цагаасаа хойш 13 тэрбум төгрөгийн орлоготой ажилласан ч, тараасан мөнгө нь 1.7 их наяд төгрөг. Үүнийг бонд гаргаж санхүүжүүлсэн. Товчхондоо өр тавьж гэсэн үг. Хэдийгээр Хүний хөгжил сангийн хуулийг энэ оны эхний өдрөөс хүчингүй болгосон ч, өр нь уламжлагдан ирсэн юм. Өөрөөр хэлбэл, 1,071.9 тэрбум төгрөгийн өр улсын төсөвт шилжиж, Ирээдүйн өв сангаас авах авлагаар бүртгэгдсэн.

УИХ-аас буцаан татсан 2018 оны улсын төсвийг боловсруулахдаа Засгийн газар эрдэс баялгийн орлогоос энэ жил 525.7 тэрбум төгрөгийг Ирээдүйн өв санд хуваарилахаар тооцоолжээ. Гэхдээ Хүний хөгжил сангийн өвлүүлж үлдээсэн өрөндөө эхний ээлжинд 425.7 тэрбум төгрөгийг нь авах ба үүгээрээ улсын төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд ашиглах гэж байна.

Уг нь энэ сан нөхөн сэргээгдэхгүй баялгийн олборлолтоос орж байгаа орлогын тодорхой хэсгийг ирээдүй үедээ өвлүүлэх ёстой. Тиймээс “Орлогын үндсэн эх үүсвэр нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 65 хувь, ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй компанийн төрийн өмчийн хувьцааны ногдолоос бүрдэнэ” гэж Ирээдүйн өв сангийн тухай хуульд заасан байдаг. Гэвч орж ирсэн орлогоороо Хүний хөгжил сангийн өрийг дарсаар ойрын хэдэн жилдээ хуримтлал бий болгож чадахгүй нь тодорхой байна. “Хэрэв гадаад зах зээлд уул, уурхайн бүтээгдэхүүний үнэ өсөж, төсөвт төвлөрөх эрдэс баялгийн орлого нэмэгдсэн тохиолдолд Ирээдүйн өв санд хуримтлал 2020 оноос өмнө үүсэх боломжийг нэмэгдүүлнэ” гэж Засгийн газар ирэх оны төсвийн төсөлдөө тусгажээ. Тэгэхээр 2020 он гартал Ирээдүйн өв сан төсвөөс санхүүжилт аваад түүнийгээ эргүүлж зардаг данс төдий ажиллаж таарах нь. Үүнээс үзэхэд, бид баялгийн сантай болсон ч тэр нь чухам хэзээнээс бусад орны сайн туршлагын жишгээр жинхэнэ хуримтлалтай болж, түүнийгээ өсгөж, арвижуулах нь тодорхойгүй хэвээр байна.

БАЯЛГИЙН САНГ ХЭНЭЭР “МАНУУЛАХ” УУ

Баялгийн сантай байх нь гарцаагүй гэдгийг бид ойлгосон, байгуулсан. Алсдаа ашгаа үзүүлэх л байх. Гэхдээ сангийн үйл ажиллагааг улс төр болон хэсэг бүлэг хүний нөлөөнөөс хамааралгүй байлгаж чадах уу. Өмнө нь бид алдсан нь үнэн. Монгол улсыг хөгжүүлэх сан, Хүний хөгжил сан хоёр хоёулаа л хүсэн хүлээж байсан үр дүнд хүрээгүй. Яагаад гэхээр улс төрийн нөлөөгөөр энэ хоёр сангийн зарцуулалтыг хийсэн. Ялангуяа, Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгийг сонгуулийн өмнө их ажил хийсэн мэт харагдах гээд үрэн таран хийж байлаа. Тиймээс байгуулагдахаасаа эхлээд л улс төрийн нөлөөгөөр явсан. Орлого бүрдүүлж амжаагүй байж зарлага гаргаж эхэлсний гэрч нь Ирээдүйн өв санд өвлүүлж үлдээсэн 1.9 их наяд гаруй төгрөгийн өр байна.


Тэгвэл энэ оноос үйл ажиллагаа нь эхлэх Ирээдүйн өв санг ч мөн ийм замаар явуулахгүй байх баталгаа байна уу. Уг хуулийн төслийн Ажлын хэсгийн ахлагчаар ажилласан УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал “Энэ хуулийг гаргахын тулд Монгол Улс Норвегийн сангийн хүмүүстэй хамтарч ажилласан. Бусад улсын баялгийн сангийн хуулийг нэлээд судалсан. Гэхдээ миний дотроо шаналж явдаг нэг л зүйл бий. Асар их хэмжээний мөнгийг захиран зарцуулах эрхийг эдэлж байгаа хүн нь хэн байх вэ гэж. Сангийн Удирдах зөвлөлөөс Гүйцэтгэх захирлыг томилно. Тэр томилгоон дээр улс төрийн нам, Засгийн газар оролцохгүй гэх мэт хязгаарлалтуудыг хийж өгсөн ч манай төр засгийн байж байгаа байдлаас харахад бас нэг шуналтай “дурак” ирээд суучих вий гэсэн айдас байна. Бусад бүх улсын санд дээрх зохицуулалт байдаг. Өөрөөр хэлбэл, Сангийн сайд нь утасдаад “Алив наад сангаасаа улсын төсөвт тэдийг шилжүүлээдэх” гэж хэлэх л юм бол маргааш нь шууд огцордог зохицуулалттай” хэмээн хориод хоногийн өмнө санаа зовинонгүй ярив.


• 2018 оны улсын төсвийг боловсруулахдаа Засгийн газар эрдэс баялгийн орлогоос энэ жил 525.7 тэрбум төгрөгийг Ирээдүйн өв санд хуваарилахаар тооцоолжээ.

• Кувейтийн хөрөнгө оруулалтын сангийн орлого Монгол Улсын энэ жилийн төсвийг 180 нийлүүлсэнтэй тэнцэнэ.

• Норвегийн баялгийн сан нэг тэрбум ам.долларын хөрөнгөө багтааж ядаж байгаа бол манай Ирээдүйн өв сан 1.7 их наяд гаруй төгрөгийн өглөгтэйгөөр үйл ажиллагаагаа эхлүүлэх гэж байна.

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХҮЧИРХЭГ ТОГЛОГЧИД

Эрдэс баялгийн орлогоо зүй зохистой удирдаж, ирээдүй хойч үедээ өвлүүлж, үлдээсэн орнуудын сайн туршлага олон. Дэлхийн анхны баялгийн санг 1953 онд Кувейт улс газрын тосны орлогоосоо хуримтлал үүсгэн бүрдүүлжээ. Эдүгээ “Kuwait Investment Authority” буюу Кувейтийн хөрөнгө оруулалтын сан 600 тэрбум орчим ам.долларын хуримтлалтай болж чадав. Энэ нь Монгол Улсын энэ жилийн төсвийг 180 дахин нугалсантай тэнцэх хэмжээний их мөнгөн дүн юм. Тэгвэл өнөөгийн хамгийн том баялгийн сан болох “Government Pension Fund-Global” буюу дээр өгүүлсэн Норвегийн баялгийн сан нэг их наяд ам.долларын хөрөнгөтэй. 1990 онд анх Норвегийн газрын тосны сан гэдэг нэрээр бий болсон тус сан эдүгээ “Apple”, “Microsoft”, “Nestle” зэрэг томоохон компанийн хувьцааг эзэмшиж буй.

Хамгийн сүүлд тус сан Японы үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийгээд байна. Харин Чад, Нигер зэрэг улс эрдэс баялгаа үр ашиггүй зарцуулснаас хүний хөгжлийн индексээр хамгийн доогуур үзүүлэлттэй орны тоонд багтаж буй.

Баялгийн сан нь ихэвчлэн ашигт малтмалын орлого, валютын арилжаанаас олсон ашгаас эх үүсвэрээ бүрдүүлдэг. Харин ажиллах зарчим нь төрийн өмчит хөрөнгө оруулалтын сан хэлбэрээр олон улсын зах зээлд санхүүгийн хөрөнгө оруулалт хийх. Олон улсын баялгийн сангийн институтын мэдээлснээр тэдгээр сангийн нийт хөрөнгө долоон их наяд ам.долларыг хэдийнэ давсан. Энэ нь тус сангууд дэлхийн хөрөнгийн зах зээлийн хамгийн том тоглогчид болж байдаг. Ийм сантай улс орнууд эдийн засгаа төрөлжүүлэх зорилгоор эрдэс баялгийн бус салбарт хөрөнгө оруулах нь элбэг.

САНАЛ БОЛГОХ