Дональд Трамп, Жастин Трюдо нар Хойд Америкийн чөлөөт худалдааны хэлэлцээрийн асуудлаар санал солилцоно

Мэдээ

Лхагва гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Канадын Ерөнхий сайд Жастин Трюдог Цагаан ордонд хүлээн авч уулзлаа. Хойд Америкийн хоёр улсын Төр, Засгийн тэргүүн нар NAFTA-ийн хэлэлцээрийн асуудлаар санал солилцох товтой байна. Дональд Трампын хувьд "Энэ хэлэлцээрийн нөхцөлийг сайжруулахгүй бол АНУ-ыг хэлэлцээрээс гарна" гэж мэдэгдээд байгаа юм.

Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "Бид хүндхэн хэлэлцээний өмнө ирээд байна. Цаашид юу болохыг та бүхэн удахгүй олж мэднэ. Бидний хувьд Хойд Америкийн чөлөөт худалдааны хэлэлцээр болон батлан хамгаалахын асуудлаар санал солилцоно. Учир нь эдгээр асуудлууд нь холбоотон улсууд, хоёр талын батлан хамгаалах салбарт чухал нөлөөтэй. Хэрвээ бид хэлэлцээрээс гарахгүй бол нөхцөлийг нь илүү сайжруулж чадахгүй. Хэлэлцээрийн нөхцөлийг сайжруулах нь аль аль талд харилцан ашигтай байх болно" гэж мэдэгдлээ.

Харин Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо "Хойд Америкийн чөлөөт худалдааны хэлэлцээрийн асуудлаар ямар ч арга хэмжээ авахад бэлэн" гэдгээ илэрхийлжээ. Мөн тэрбээр “Канад улс NAFTA-ийн яриа хэлэлцээнд анхаарлаа хандуулсан хэвээр байх болно" гэдгийг дурдаад "Хэлэлцээрт оролцогч талууд санал солилцсоноор үр дүнд хүрнэ гэдэгт найдаж байгаа”-гаа хэлсэн байна.




САНАЛ БОЛГОХ