"Натурал Эссэншлс" компани цагийн дотор 100 сая төгрөгийн бонд босгов

Мэдээ

“Lhamour” брэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч "Натурал Эссэншлс" компани нэг цагийн дотор хувь хүмүүсээс 100 сая төгрөгийн бонд босгосон байна. Хувь хүмүүсээс татсан энэхүү санхүүжилтээ шинэ бүтээгдэхүүн гаргахад зарцуулахаар төлөвлөжээ. “Lhamour”-ийг бонд гаргахад “Монре Даатгал” эрсдэлийн үнэлгээг хийж, даатгах үйлчилгээ үзүүлжээ. Зээлдэгч зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг төлж чадахгүй эрсдэл үүсвэл Даатгагч үл маргах журмаар төлбөрийг 100 хувь барагдуулах юм байна. Мөн дээрх зээлийн санхүүжилтийн зөвлөх компаниар “Монголын Санхүүгийн Удирдлагын Бирж” ХХК ажиллажээ. Тус компанийн үүсгэн байгуулагч Д.Хулангийн мэдээлснээр “Үйлдвэрлэл нь нэмэгдэж байгаа учраас ийнхүү бонд босгох шаардлагатай болсон” байна. Түүнчлэн жижиг, дунд үйлдвэрлэлд зээл авахад хүндрэлтэй, банкнуудын шаардлага өндөр байдаг талаар дурджээ.

“Натурал Эссэншлс” ХХК 2014 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Монголын байгалийн цэвэр түүхий эдийг ашиглан чанартай, баталгаатай, шинэлэг гоо сайхны төрөл бүрийн бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэж байна.




САНАЛ БОЛГОХ