ҮСХ: Инфляци есдүгээр сард өмнөх оны мөн үеэс 5.8 хувиар өссөн

Мэдээ

ҮСХ энэ оны эхний есөн сарын байдлаарх нийгэм, эдийн засгийн гол үзүүлэлтүүдийг танилцууллаа. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ есдүгээр сард улсын хэмжээнд өмнөх сараас 0.2 хувь, өмнөх оны мөн үеэс 5.8 хувиар өссөн байна. Инфляци өмнөх оны мөн үеэс өсөхөд тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 10.4 хувиар өссөн нь гол жин дарсан үзүүлэлт болсон бол хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 7.5 хувь мөн орон сууц, ус цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ 7.4 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Үүнээс гадна ДНБ оны эхний хагаст өмнөх оны мөн үеэс 5.3 хувиар өссөн. Энэ нь аж үйлдвэр, худалдаа үйлчилгээ, ХАА-н салбар өсөлттэй байгаагаар тайлбарлагдаж байна. Эдийн засгийн бодит өсөлт энэ онд 3.3 хувьтай байхаар 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэлд тусгасан байсан. Мөн Дэлхийн банк Монголын ДНБ-ий өсөлт энэ онд 2.8 хувьд хүрнэ гэсэн тооцоолол танилцуулаад байгаа юм. Тэгвэл Азийн хөгжлийн банк 2017 онд дөрвөн хувь, 2018 онд гурван хувир өснө гэж таамаглаад байна. Харин гадаад худалдааны үзүүлэлтээс харахад, нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.9 тэрбум ам.доллараар өсжээ.

Гадаад худалдааны нийт бараа эргэлт оны эхний есөн сард 7.7 тэрбум ам.долларт хүрч нэмэгдсэн байна. Үүнээс экспорт 4.6 тэрбум ам.доллар, импорт 3.1 тэрбум ам.долларыг бүрдүүлж байна. Тэр дундаа нүүрсний экспорт 1.2 тэрбумаар өссөн нь экспортын үзүүлэлтэд гол нөлөө үзүүлсэн болохыг ҮСХ онцолсон юм. Нүүрсний экспортын хувьд энэ өсөлтөө хадгалсаар байх магадлалтай гэж эдийн засагчид үзэж байгаа юм.



САНАЛ БОЛГОХ