“Хоёрын даваа”-ны өмнө
Нийтлэл
Н.Цэрэнбат болон Х.Баделхан нар яамаа сольж, У.Хүрэлсүхийн танхимд багтав
Ерөнхийлөгчийн сонгуулийн дараагаас эрх баригч хүчинд эхэлсэн дотоод “зодоон” одоо л намжиж байна. Учир нь өчигдөр тус намын Удирдах зөвлөл болон УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, шинэ Засгийн газарт орж ажиллах сайд нарыг эцэслэн тодрууллаа. Энэ асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгийн хуваагдсан талууд тус тусдаа хэдэнтээ хуралдсаны дараа өнгөрсөн мягмар гарагт нийлж суугаад асуудлаа ярилцсан билээ. Тухайн үед Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайдад горилогчдын дөрвөөс нь татгалзсан учир ийнхүү нэр дэвшигчдийг тодруулах үйл явц хоёр хоногоор сунаж, өчигдөр эцэслэгдэв. Ерөнхий сайдаас татгалзсан хариу авсан ч Н.Цэрэнбат болон Х.Баделхан нар яамаа сольж, У.Хүрэлсүхийн танхимд багтав.
Хуулийн дагуу Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимынхаа гишүүдийн нэрийг Ерөнхийлөгч Х.Баттулгад хүргүүлж, зөвшилцөх үүрэг хүлээж буй. Гэхдээ 2000 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөс хойших Засгийн газрууд “зөвшилцөнө гэдэг нь зөвшөөрөл авна гэсэн үг биш” гэдэг байдлаар байгуулагдсан. Өөрөөр хэлбэл, зөвшилцөх гэдэг үгний утгыг танилцуулах болгон өөрчилсөн учир Ерөнхийлөгчийн хариу төдийлэн жин дарахгүй. Тиймээс эрх баригч хүчин УИХ дээр олонхоороо шийдээд явчихна гэсэн үг.
Харин Авлигатай тэмцэх газрын “босго” өндөр гэдгийг Ж.Эрдэнэбатын танхимыг байгуулахад эрх баригч хүчин хангалттай мэдэрсэн. Тухайн үед МАН-ын Удирдах зөвлөлөөс сайдад нэр дэвшүүлсэн хэд хэдэн нэр дэвшигч ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн буцаагдсан удаатай. Тодруулбал, Барилга, хот байгуулалтын сайдад нэр дэвшигч Д.Өнөрболор, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад нэр дэвшигч Ц.Анандбазар, Эрчим хүчний сайдад нэр дэвшигч Ц.Цэнгэл болон Эрүүл мэндийн сайдад нэр дэвшигч Ж.Цолмон нар “зэрэг нэмэх”-ийн өмнө Авлигатай тэмцэх газрын шалгуураар буцаж байсан гэдгийг нэхэн сануулъя. Тиймээс У.Хүрэлсүхийн танхимд ажиллах сайдад нэр дэвшигчид Авлигатай тэмцэх газрын “босго” давж чадвал Засгийн газрын гишүүнээр сонгогдох бүрэн боломжтой болно. Хуулиар бол Авлигатай тэмцэх газарт У.Хүрэлсүхийн багт ажиллах сайд нарыг ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг хянаж, хариу өгөхөд 10 хоногийн хугацаа бий. Гэхдээ энэ нь арав хоног хүлээнэ гэсэн үг биш.
Шинэ Засгийн газарт орж ажиллахаар намаасаа “виз” авсан нэр дэвшигчдийн ихэнх нь хариуцах салбартаа өмнө нь ямар нэгэн байдлаар холбогдож байсан. Тухайлбал, Хууль зүй, дотоод хэргийн сайдад нэр дэвшигч Ц.Нямдоржийн хувьд өмнө нь тус яамыг тэргүүлж байсан. Гадаад харилцааны сайдад нэр дэвшигч Д.Цогтбаатар мөн тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бол Б.Батзориг мөн л Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны дэд сайдаар хэсэг хугацаанд ажиллаж байв. Үүнээс гадна Ж.Бат-Эрдэнэ Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бөгөөд С.Чинзоригийн тухайд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хэд хэдэн Засгийн газрын үед холбогдож байсан түүх бий. Ерөнхийлөгчийн хариу, Авлигатай тэмцэх газраас албан тоот ирснээр Ерөнхий сайд танхимынхаа гишүүдийн нэрийг УИХ-д өргөн мэдүүлж, томилох үйл явц өрнөх юм.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй