МСҮТ шахагдаж, мэргэжил үнэгүйдэх цаг

ЗГМ: Сэдэв


Бакалаврын зэрэгтэй төгсөгчдийн 21.8 хувь нь ажлын байртай болдог

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас гаргасан нэгэн статистик үзүүлэлтэд анхаарлаа хандуулахыг хүсье. Энэ бол мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд элсэн орогчдын тоо. 2015-2016 оны хичээлийн жилд нийт 29192 хүүхэд элсүүлэх квотыг МСҮТ-үүдэд олгожээ. Гэтэл тэр жил квот 99.8 хувийн биелэлттэй гарсан байна. Тогтоосон тоонд хүрэхэд ердөө 40 сурагч дутжээ. Харин энэ жилийн хувьд байдал өөр. Яамнаас тогтоож өгсөн квот нь өмнөхтэй бараг ижилхэн буюу 27680. Гэтэл аравдугаар сарын 13-ны байдлаар элсэн орсон хүүхдийн тоо 16252 байв. Элсэлт дөнгөж 58.7 хувьтай гэсэн үг. МСҮТ-д элсэх хүүхдийн тоо буурсаар байна, мэргэжлийн ажилчин бэлтгэх гол байгууллагууд эзгүйрч гүйцэх нь гэсэн ам дамжсан яриа үнэн болох нь дээр дурдсан тоо баримтаас харагдах байх.

БҮТЭЛГҮЙТЭЛ РҮҮ БУЦСАН НЬ
Хоёр сая гаруй хүнтэй мөртлөө 160 гаруй их, дээд сургуультай байсан үе бидэнд бий. Одоо цөөрөөд 100 орчим болсон байх. Гэхдээ л нэг хүнд ногдох дээд сургуулийнхаа тоогоор Монгол Улс дэлхийд тэргүүлсэн хэвээр. Дээд боловсролтой боловсон хүчин олныг бэлдсэнээр улс хөгждөг бол бид өдийд юун “Азийн бар”, АНУ-тай л өрсөлдөж баймаар санагдана. Гэвч бодит байдал дээр байрнаасаа огт ахисангүй. Хүн бүр дээд боловсрол эзэмших гэж хошуурах боллоо, энэ буруу. Бүгд их, дээд сургуульд элсчих юм бол нарийн мэргэжлийн ажлуудыг чинь хэн хийх юм гээд л нэг хэсэгтээ шуугисан. Засаг төр үүнийг овоо ойлгож, хуучны ТМС буюу одоогийн МСҮТ-үүдийг бодлогоор дэмжсэний ачаар зөв голдирол руугаа орох эхлэл тавигдаад байлаа. Харамсалтай нь бид олсон багахан амжилтаасаа ухарч, 1990-ээд оны ороо бусгаа цаг руугаа буцахаар шийдээ юу даа.

Ингэхэд МСҮТ-үүд яагаад эзгүйрээд байна вэ. Учир шалтгааныг нь хайгаад үзэхэд хэд хэдэн зүйл нөлөөтэй болох нь тодорхой байна. Юуны өмнө төрийн буруу, бодлогогүй шийдвэртэй хамаатуулан ярих ёстой. Уг нь их, дээд сургуульд элсэн орох квот гэж бий. Хэдхэн жилийн өмнө энэхүү квот ангиасаа хамаараад 550, 600 гээд овоо өндөр байв. Гэтэл түүнийг нь жил ирэх тусам буулгасаар өдгөө 400 хүрчээ. Муу сурлагатай нэгэн байсан ч дээд сургуульд элсэхэд асуудалгүй болсон гэсэн үг. Энэ нь хүн бүрийг их, дээд сургууль руу хошуурахад хүргэжээ.

ЗОХИСТОЙ ХАРЬЦАА АЛДАГДСАН НЬ
“Дээд боловсролтой л бол амьдрал сайжирна гэсэн бодол дийлэнх хүнд байдаг. Зөвхөн Монголд ч биш л дээ, дэлхий нийтийн чиг хандлага ийм юм. Гэхдээ үүнийг зохицуулж, зохистой харьцааг тааруулах төрийн бодлого байх хэрэгтэй. Тухайн жил ерөнхий боловсролын сургуулийг 100 хүүхэд төгслөө гэж бодоход 40- 45 нь дээд боловсрол эзэмшиж, бусад нь мэргэжлийн чиглэлээрээ ажиллавал зохистой харьцаа гэж үздэг. Харин манайд энэ харьцаа алдагдаад удаж байна. Хүүхдүүд МСҮТ-д элсэх сонирхолгүй байгаа нь мэргэжлийн ажилчны үнэлэмж доогуур байгаатай холбоотой. Мөн цалингийн хэмжээ чухал нөлөө үзүүлж байна” хэмээн Техникийн болон мэргэжлийн сургуулиудын холбооны тэргүүн Ж.Юра өгүүлсэн юм.

Түүний хэлсэн 40-45 хувь гэдэг харьцаа амьдрал дээр тэр бүр хэрэгжээд байдаггүй. Гэхдээ улс орнууд энэ харьцаа руу ойртуулахыг аль болох хичээдэг. Бүгдийн жишээ авах дуртай АНУ-д гэхэд 2008 онд ахлах сургуулиа төгссөн хүүхдүүдийн 69 хувь нь коллежид элсэн орж байв. Харин 2016 он гэхэд энэ тоо 66 хувь болон буурчээ. Тэгвэл манай орны тухайд тогтмол 80 гаруй хувьтай байдаг. Тухайлбал, 2013-2014 онд 81.3, 2014-2015 онд 81.4, 2015-2016 онд 75.7, 2016-2017 онд нийт төгсөгчдийн 78 хувь нь бакалаврын зэрэг эзэмшихээр улсын болоод хувийн их, дээд сургууль барааджээ.

• ЕБС -ийг 100 хүүхэд төгслөө гэж бодоход 40-45 нь дээд боловсрол эзэмшиж, бусад нь мэргэжлийн чиглэлээрээ ажиллавал зохистой харьцаа гэж үздэг.

• Сар бүр 70 мянган төгрөг өгөхөө больсноос хойш суралцагчийн тоо улам цөөрчээ.

• Мэргэжлийн ажил хүнд хүчир, хүн хүсээд байх эд биш. Гэхдээ үүнийг хэн нэг нь хийх л шаардлагатай.

“Манайх ихэвчлэн есдүгээр анги төгсөгчдийг хүлээн авдаг. Гэтэл 12 жилийн тогтолцоонд шилжиж, хүүхдүүд анги алгасан суралцдагаас болоод сүүлийн жилүүдэд есдүгээр ангийг маш цөөхөн хүүхэд төгсөж байна. Ер нь МСҮТ-үүдэд ихэвчлэн амьдралын боломж тааруу хүүхдүүд суралцдаг. Гэтэл төрөөс сар бүр өгдөг байсан 70 мянган төгрөгөө зогсоосноос болж суралцагчийн тоо улам буурч байна. Дээр нь хэвлэл мэдээллээр буруу ойлголт өгдөг. Салбарын сайд нь хүртэл МСҮТ-үүд буруу сургалттай байна, сурагчид зөвхөн 70 мянган төгрөг авахын тулд элсэн ордог гэж яриад байна шүү дээ. Бас их дээд сургуулиудын босго оноо маш их нөлөөтэй. Босго оноог жил бүр бууруулаад байдаг тул дунд сургуулиа төгссөн бүхэн их, дээд сургуульд орохыг зорьдог болж.

Гэхдээ суралцагчийн тоо буурч буй хамгийн гол шалтгаан квоттой холбоотой. Өмнө нь төрийн болон хувийн томоохон сургуульд элсэлтийн квот тогтоож өгдөг байснаа больчихсон. Ингэснээр сургуулиуд чадаж л байвал хэдэн ч оюутан элсүүлэх боломж бүрдэж байна. Жишээ нь ШУТИС дөрвөн мянган оюутан элсүүлдэг байсан бол одоо тав, зургаан мянга гээд явчих жишээтэй. Манай коллеж жилдээ 900 орчим хүүхэд элсүүлдэг байсан. Гэтэл энэ жил аравдугаар сард хотын захын дүүргүүдээр явж, хорооны ажилчидтай хамтарч нэмэлт элсэлт авсны хүчинд арайхийж 700 хүүхэдтэй боллоо. Улс МСҮТ хэрэгтэй гэдэг мөртлөө дэмжихгүй байна. Өмнө нь боловсролын яаманд харьяалагддаг байсан бол 2012 онд хөдөлмөрийн яам руу салгаад хаячихсан. Хоёр өөр яаманд өгчихөөд хоорондын уялдаа холбоо байхгүй боллоо. Энэ хоёр яам МСҮТ-ийг хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллах ёстой байтал бие биенийхээ эсрэг шахуу болсон” хэмээн Барилгын технологийн коллежийн гүйцэтгэх захирал Б.Чимэддорж учирлав.

ТМС-ЭЭ ҮГҮЙЛСЭН НЬ
Манай улс их бүтээн байгуулалт өрнөж эхэлсэн 1960-аад оноос Техник мэргэжлийн сургууль буюу ТМС-ийн ач холбогдлыг ойлгож, мэргэжилтнүүдээ бэлдэж эхэлсэн байдаг. Үүнд төрийн үүрэг оролцоо их гэдгийг тухайн үеийн удирдлагууд маш сайн ойлгосон учир төрөл бүрийн дэмжлэг үзүүлдэг байжээ. Улс сар бүр 180 төгрөгийн стипент (цалин) өгнө. Дотуур байр үнэгүй, хоол нь цаанаасаа. Өвөл, зуны хувцсаар хангана, хөдөө орон нутгаас ирсэн хүүхдийн унааны асуудлыг зохицуулна гээд дэмжлэг их. Тэр ч байтугай эрэгтэй хүүхдийн үсийг сургууль хариуцан үнэ төлбөргүй засаж өгдөг байсныг ахмадууд хэлдэг.

Харин ардчилалд шилжсэн 1990 оноос хойш нийгэм тэр чигээрээ бужигнаж, үүний хөлд ТМС-үүд ч өртсөн. Үр дүнд нь 40 гаруй ТМС байсан бол удалгүй 30 болтлоо багассан гэдэг. Тухайн үед улс орны эдийн засаг хүнд, бүтээн байгуулалтын ажил бараг хийгддэггүй байсан учраас мэргэжлийн ажилчид ч эрэлт хэрэгцээ багатай байв. Харин 2005 оноос улсын эдийн засаг сайжирч эхлэхтэй зэрэгцээд компаниуд томорч, бүтээн байгуулалтын томоохон төслүүд хэрэгжиж эхлэв. Энэ үед хуучны ТМС-ээ үгүйлж эхэлжээ. Ийм эгзэгтэй мөчид Мянганы сорилтын сангийн том төсөл хэрэгжиж, үүнд нь ТМС-ийг сэргээн хөгжүүлэх асуудал багтсанаар уналтад ороод байсан салбар эргэн сэргэжээ. Улс ч тодорхой хэмжээгээр дэмжиж, үйлдвэрлэл сэргэсэн гээд хөгжилд хэрэгтэй бүхэн гайхалтай сайн зохицсон юм. Үр дүнд нь 2007-2012 оны хоорондох хэдхэн жилийн хугацаанд 20 гаруйхан мянга байсан элсэгчийн тоо 45 мянгад хүрч, 30-ийн дотор багтдаг байсан сургууль 100 гаруй болж, 1800 орчим багштай байснаа 2500 болон нэмэгджээ.

Үүнийг МСҮТ-ийн сэргэлтийн үе гэж болно. Харин үүнээс хойш байдал муудан муудсаар өдгөө квотынхоо 50 гаруйхан хувьд хүүхэд элсүүлдэг хэмжээнд хүрээд байна. Гаднын өндөр хөгжилтэй орнууд мэргэжлийн сургуулиудаа төрөл бүрээр дэмждэг. Хамгийн гол дэмжлэг бол суралцах хугацаанд нь ажлын байраар хангах. Долоо хоногийн гурван өдөр сургууль дээрээ номын дуу сонссон бол хоёр өдөрт нь тэр чиглэлээрээ үйлдвэрт ажиллаж, тодорхой хэмжээний цалин авах жишээтэй. Уг нь иймэрхүү жишиг Монголд байсан уу гэвэл тийм. 1970, 1980-аад оны үед мэргэжлийн сургуулийг амжилттай төгссөн хүүхдүүдийн 10 хувийг их, дээд сургуульд тухайн чиглэлээр нь шууд элсүүлдэг байжээ. Тухайлбал, эрчим хүчний чиглэлээр ТМС-д сурч байсан хүүхэд яг тэр чиглэлээрээ дээд боловсрол эзэмшиж, ажлын талбарт гарна.

Ингэснээр онол, практик хосолсон маш сайн боловсон хүчин бэлтгэгдэн гардаг байв. Социализмын үеийн үлгэр дуурайл авахуйц сайн жишээний нэг энэ. Харин одоо бид боловсон хүчнээ ингэж бэлдэж чадаж байгаа бил үү. Өөр нэг, илүү чухал статистикийг танд сонирхуулья. Социализмын үед ТМС төгссөн залуусын 90 шахам хувь нь ажлын байртай болж байсан юм билээ. Одоо энэ тоо багассан ч ерөнхийдөө 70 орчим хувьтай байдаг гэж албаныхан хэлдэг. Харин их, дээд сургуулиудын тухайд байдал эрс өөр. 2015-2016 оны хичээлийн жилд нийт төгсөгчдийн 30.9 хувь нь л төгссөн даруйдаа ажлын байртай болсон нь өмнөх жилтэй харьцуулахад 1.9 хувиар буурсан дүн аж. Докторантур төгсөгчдийн 98.5 хувь нь ажилд ордог бол магистрантур төгсөгчдийн хувьд энэ тоо 86.7 хувь. Ерөнхийдөө дажгүй гэсэн үг.

Харин бакалавр зэрэгтэй төгсөгчдийн дөнгөж 21.8 хувь нь мэргэжлээрээ ажиллаж байгаа нь дэндүү харамсалтай. Их, дээд сургуульд элсэн орж буй залуус ихэвчлэн хуульч, эдийн засагч мэргэжил сонгодог. Ингээд дөрвөн жилийн турш олон сая төгрөг төлбөрт өгч, сураад төгссөний эцэст ажлын байр олох амаргүй даалгавартай тулгарна. Аргагүй шүү дээ. Хөдөлмөрийн зах зээл дээр өөр мэргэжил эрэлттэй байгаа юм чинь. Үндэсний статистикийн хорооны тайланд дурдсанаар 2016 оны дөрөвдүгээр улиралд хөдөлмөр эрхэлж буй нийт хүмүүсийн 31.1 хувь нь ХАА, ан агнуур, ойн аж ахуйд хамаарч байв. Үүний араас бөөний болон жижиглэн худалдаа 15.3, боловсролын салбар 8.2, боловсруулах үйлдвэр 7.8, төрийн удирдлага болон батлан хамгаалах салбар 6.9, тээвэр болон агуулахын үйл ажилллагаа 5.4, барилга 5.2, уул уурхай 3.7 хувиар тус тус оржээ. Харин бүгдийн хошуураад байдаг санхүү даатгал, мэдээлэл холбоо зэрэг салбар 2.1-1.7 хувьтай байгаа юм. Хайран мөнгө, хайран цаг хугацаа, хайран хөдөлмөр.

Дөрвөн жилийн турш дээд боловсрол эзэмшчихээд дөнгөж 21 хувь нь ажилд орж байхад бусад салбарт мэргэжлийн ажилчид дутагдалтай байдаг улс Монголоос өөр байдаг болов уу. Бодит нөхцөл байдал ямар байгааг статистик үзүүлэлтүүд бэлхнээ харуулаад байхад нүдэн балай чихэн дүлий явдаг сайд дарга нарыг яалтай ч билээ. “Мэргэжлийн ажил хүнд хүчир, хүн хүсээд байх эд биш. Биеийн хүч шаардсан маш хэцүү ажил. Гэвч энэ ажлыг хэн нэг нь хийх л шаардлагатай. Гэхдээ урамшуулж, дэмжихгүй бол хэцүү. Хэрэв Монгол Улс гаднын зах зээлд өрсөлдөхийг хүсэж л байвал мэргэжилтэй ажилчдынхаа тоог нэмэх хэрэгтэй” хэмээн гавьяат багш Ж.Юра өгүүлсэн нь энэхүү нийтлэлийн маань хэлэх гэсэн гол санаа байлаа.

САНАЛ БОЛГОХ