Шинэчлэл нэхсэн ломбард

Нийтлэлчийн булан

Нэг орон сууцанд долоон ломбард үйл ажиллах тохиолдол бий

Тэд өөрсдөө ч өнөөгийн төр хөөсөө санаа зовж байна. Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчдийн анхдугаар уулзалт өнгөрсөн лхагва гарагт болж, бидний нэрлэдгээр ломбардны эзэд чуулав. Энэ үеэр бизнесийн хамгийн бичил зээл олгогчид өнөөгийн байдлаа өөрчлөхийг хүсэж буйгаа дуу нэгтэй илэрхийлсэн юм. Монголын нийгмийн хамгийн эмзэг хэсгийг өөртөө хэлхсэн ломбардууд муу нэр, луу данстай. Мөнгө хүүлдэг, иргэдийг “шулдаг”, хулгайчтай хамтардаг гээд ломбардуудыг муучилж, чичлэхээс биш сайшааж, магтдаг хүн бараг үгүй гэхэд хилсдэхгүй. Гэлээ гээд энэ үйлчилгээгүйгээр амьдарч үл чадна.

Нийгмийн амьдралын нэгээхэн хэсэгт шигдсэн энэ бичил бизнесийг өөрчлөх шаардлага бий гэдгийг иргэд, албаныхан ч хэлсээр ирсэн. Гэтэл одоо энэ бизнесийг эрхлэгчид өөрсдөө өөрчлөлт хүсэж буйгаа илэрхийлсэн нь харин сайшаах санаачилга. Угтаа хот суурин газруудын өнцөг, булан бүрт шигдсэн энэ бизнесийг ор тас буруушааж, зах зээлээс арчиж хэрхэвч болохгүй. Учир нь мөнгө яаралтай хэрэг болсон, богино хугацааны санхүүгийн эх үүсвэрийн эрэлд гарсан, хоногийн хоолоо аргацаах болсон иргэдэд ломбард санхүүгийн түргэн тусламжийн төв болсоор ирсэн.

Мөн өнөөг хүртэл тэднийг оршин тогтнуулж буй зах зээл дэх бодит эрэлт буурах нь бүү хэл улам өссөөр. Тиймээс тэднийг адлан, чичлэх бус алдаа, дутагдлыг нь засаж чадвал ломбард гэдэг иргэдийн санхүүгийн сайн түнш байх боломжтой.

Өнөөг хүртэл ломбард тойрсон тоон мэдээллүүд бүрхэг хэвээр ирсэн. Энэ зах зээлийн мөнгөн урсгал, эргэлтийн хөрөнгө, ашиг, орлого гээд тайлан, тооцоо сүүдрийн эдийн засагт нуугдсан хэвээр. Одоогийн байдлаар хэдэн тоглогч энэ талбарт өрсөлдөж буй нарийн мэдээлэл тодорхойгүй. Албаныхны хэлдэг тоон үзүүлэлтүүд хоорондоо зөрсөн хэвээр байна. Одоогоор улсын хэмжээнд 1500 гаруй ломбард үйл ажиллагаа явуулж байгаа гэх мэдээллийг Нийслэлийн ЗДТГ-аас өгсөн юм. Үүний 600 орчим нь нийслэлд үйл ажиллагаа явуулдаг байна. Гэхдээ энэ үзүүлэлтэд эргэлзэх үндэслэл бий. Хүний эрхийн үндэсний комисс, Цагдаагийн ерөнхий газрын 2014 оны шалгалтаар нийслэлд барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний 532 төв байдаг гэх дүн гарчээ. Тэгвэл 2014 оныхтой харьцуулахад Монголын макро эдийн засгийн өсөлт саарч, иргэдийн орлого хумигдсанаас үүдэн энэ төрлийн бичил тоглогчдын тоо сүүлийн 2-3 жилд мэдэгдэхүйц нэмэгдсэн. Орон сууц, гудамжны өнцөг булан бүрийг эзэлсэн гэхэд хилсдэхгүй.

Нийслэлийн Цагдаагийн газрын шалгалтаар Хүнсний нэгдүгээр дэлгүүрийн ойролцоох нэг орон сууцанд гэхэд л долоон ломбард үйл ажиллагаа явуулдаг нь тогтоогдож байжээ. Энэ мэтээр өнцөг, булан бүрт хүрээгээ тэлсэн ломбардны тоо нийслэлд дор хаяж 1500-д хүрсэн гэх мэдээлэл ч байна.

• Ломбардууд жилд дунджаар хулгайн найман тэрбум төгрөгийн эд зүйл дамладаг гэх тооцоог нийслэлийн цагдаагийн газраас мэдээлэв.

• Сонгинохайрхан дүүргийн гэр хорооллоос алдагдсан хулгайн эд зүйл баянзүрх дүүргийн долдугаар хорооны Баянцээл орчмын хэд хэдэн ломбардаас олдсон байна.

• Иргэдийн эд хөрөнгө барьцаалсан үнээс нь өндрөөр үнэлэгдвэл зөрүүг нь зээл авсан хүнд буцааж өгөх журам боловсруулж байгаа аж.

Энэ зах зээлийн нийт тоглогчдын тоо тодорхой бусаас мөнгөн эргэлтийн хэмжээг нь ч тогтооход хялбар биш. Гэхдээ цагдаагийн байгууллагын ажиглалт, таамгаар нийслэлд байрладаг ломбардуудад жилд дунджаар 32 орчим тэрбум төгрөгийн бараа, бүтээгдэхүүн эргэлддэг байна. Тэгвэл хөндлөнгийн шинжээчдийн тооцоогоор барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчид сүүлийн таван жилд нийт 450 тэрбум төгрөгийн зээл олгосон гэх тооцоо бас байна. Үүнээс гадна өөр нэг сонирхолтой тоог Монголын барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбооны зөвлөх, МУИС-ийн багш, судлаач Г.Баттулга танилцуулсан юм.

Сүүлийн таван жилийн хугацаанд ломбардууд улсын төсөвт нийт 300 сая төгрөгийн татвар төлсөн байна. Эдгээр бичил үйлчилгээнүүдийн санхүү нь сүүдрийн эдийн засагт нуугдсанаас гадна үйл ажиллагаанд ч хууль бус үйлдэл өрнөх нь бий. Ломбардны эзэд хулгайчидтай үгсэн хуйвалддаг, хулгайн эд зүйлийг дамлан борлуулдаг талаар сонссон байх. Нийслэл орчмын нийт ломбардууд жилд дунджаар хулгайн найман тэрбум төгрөгийн эд зүйл дамладаг гэх тооцоог Нийслэлийн цагдаагийн газраас мэдээлэв. Ер нь ломбард хулгайчийн лангуу болоод удаж байгаа. Сонгинохайрхан дүүргээс Баянзүрх рүү чиглэсэн хулгайн барааны “нүүдэл” үүний хамгийн тодорхой баримт. Сонгинохайрхан дүүргийн гэр хорооллоос алдагдсан хулгайн эд зүйл Баянзүрх дүүргийн долдугаар хорооны Баянцээл орчмын хэд хэдэн ломбардаас олдсон байна. Өөрөөр хэлбэл, Сонгинохайрхан дүүргээс хулгай хийсэн бүлэг этгээдүүд Баянзүрх дүүргийн ломбардуудад эд зүйлээ худалдсан нь энэ. Бас Нийслэлийн цагдаагийн газарт бүртгэгдсэн хулгайн эд зүйлийн нэр, төрөл ломбардуудын “барьцаална” хэмээн гаднах самбар дээрээ бичсэн хөрөнгүүдтэй яг цав таардаг нь ч санамсаргүй тохиолдол биш.

Телевиз, нөүтбүүк, алт, мөнгөн эдлэл гээд барьцаа хөрөнгүүдийн зарим нь ломбардын буланд хэдэн жилийг үддэг. Барьцаанд тавьсан иргэн нь эргэн ирж авдаггүй, бас эдийн засгийн эргэлтэд ордоггүйгээс болоод 1000 гаруй бараа бүтээгдэхүүн ломбардны умгар буланд “үхмэл” байна. Энэ мэт ломбард тойрсон учир битүүлэг, далд бас дутагдалтай зүйл олон байгаа юм. Тиймээс төр болон иргэн байтугай, мөнгө хүүлэгчид хэмээн хочлуулдаг ломбардын эзэд хүртэл өөрчлөлт, дүрэм журмын сайжруулалт хүсэж байна. Энэ зах зээлийг шинэчлэх шаардлага нэгэнт бий болсон нь яах аргагүй үнэн.

Манай сонин ч өнгөрсөн оноос эхлэн ломбард тойрсон зөрчил, дутагдлыг хөндөж, хэд хэдэн цуврал, нийтлэл нийтэлсэн билээ.

Цагдаа, ломбард хоёрын хооронд мэдээллийн урсгал бий болгоно

Тэгвэл ломбардтай холбогдсон зохицуулалтыг сайжруулахаар бидний дэвшүүлсэн санал, шийдэл өдгөө бодитой болоход ойртож байна. Холбогдох байгууллагууд ч энэ чиглэлээр ажиллаж эхэлжээ.

Хулгайн барааны худалдааг таслан зогсоохын тулд ломбардны барьцаа, бараа эргэлтийг нэгдсэн мэдээллийн санд нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Үүний тулд цахим мэдээллийн сан байгуулж, цагдаа, ломбард хоёрын хооронд мэдээллийн урсгал бий болгохоор төлөвлөжээ. Ингэснээр бусдын эд зүйлийг тоноод, түүнийгээ ломбардуудаар дамжуулан борлуулж дөнгөдөг хулгайчдад улаан гэрэл болох юм.

Үүнээс гадна ломбардууд иргэдээс хөрөнгийг нь хямд үнээр барьцаалчихаад, эргүүлж зарахдаа зах зээлийн үнээр худалдаж, дундаас нь мөнгө хумсалдаг нийтлэг дутагдал бий. Ломбарданд эд зүйлээ барьцаалж, зээл авсан иргэдийн 30-40 хувь нь барьцаагаа алддаг гэх судалгаа ч бий.

Тэгвэл зөрүүнээс мөнгө олдог энэ аргыг өөрчилж, иргэдийн барьцаа хөрөнгийг дуудлага худалдаагаар ил тод, нээлттэй борлуулахаар болсон байна. Улмаар иргэдийн эд хөрөнгө барьцаалсан үнээс нь өндрөөр үнэлэгдвэл зөрүүг зээл авсан хүнд буцаан өгөх журам боловсруулж байгаа аж. Энэ мэт ломбардны бизнесээр иргэдийг хохироож, энэ салбарын толгойны өвчин болдог эхний асуудлыг нэн тэргүүнд шийдэхээр НИТХ-аас төлөвлөж байна. Тиймээс барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний журмыг шинэчилж, энэ сард багтаан хэлэлцэнэ гэх таатай мэдээ ч дуулдлаа. Энгийн иргэдээс эхлээд энэ үйлчилгээнд хяналт тавьж, хамтран ажилладаг байгууллагууд ч үүнийг хүсэж байгаа. Одоо энэ чиглэлээр тууштай үйл ажиллагаа явуулдаг ломбардны эзэд хүртэл хоцрогдсон дүрэм, журмаа шинэчлээд өгөөч гэж хүсэж эхэлсэн нь үнэн.

Ийнхүү сүүлийн 30-аад жил Монголд оршин тогтнож буй барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний дүрэм, журам цэгцрэх шинж ажиглагдаад эхэллээ. Гэхдээ ганц, хоёрхон дүрэм боловсруулаад энэ салбарыг цэгцэлж дөнгөнө гэвэл өрөөсгөл. Бас ломбардыг шинэчлэх оролдлого өнгөрсөн жилүүдэд нэг бус удаа болж байсныг санах хэрэгтэй. Тиймээс олон мянган монгол иргэний эрх ашгийг хөндөж буй энэ шинэчлэлийг олон талын ашиг сонирхлыг багтааж, тууштай хэрэгжүүлэх нь чухал байгааг бизнес эрхлэгчид онцолж байгааг бодууштай. Уг салбарынхан ийнхүү нэгдээд буй энэ үеийг ашиглан, шинэчлэлийг эхлүүлбэл бичил зээлийн үйлчилгээг иргэдэд тустай, зах зээлийн голдирол оруулах боломж нээгдэнэ.

Богино хугацаанд, өндөр хүүтэй мөнгө зээлдэг үйлчилгээ дэлхийн аль ч оронд бий. Учир нь мөнгөний яаралтай хэрэгцээ хүн бүхэнд тулгардаг. Тиймээс мөнгө хүүлэгчид хэмээн ад үзэж, зах зээлээс зайлуулах гэж оролдох бус засч залруулан, зохицуулалтыг нь сайжруулчихвал иргэдийн санхүүгийн сайн түнш байх боломж бий.
САНАЛ БОЛГОХ