BREXIT-ийн яриа хэлэлцээний V шат мухардалд орлоо

Мэдээ

BREXIT-ийн V шатны яриа хэлэлцээ мухардалд орсныг талууд баталгаажууллаа. Нэг талаас Их Британи цаашдын худалдааны хэлэлцээр байгуулах асуудалд гол анхаарлаа хандуулж байгаа бол Европын Холбоо санхүүгийн өр төлбөрөө төлөхийг Их Британиас шаардаж байгаа юм. Мөн иргэдийн эрх болон шинээр хил тогтоох асуудал санал зөрөлдөөнтэй байдал үүсээд байна. Их Британи 2019 оны гуравдугаар сар гэхэд Европын Холбооноос гарахаар төлөвлөөд байгаа боловч одоогийн байдлаар хамгийн том худалдааны түнштэйгээ цаашдын харилцааныхаа талаар яриа хэлэлцээ эхлүүлээгүй хэвээр байна.

BREXIT-ийн асуудал Хариуцсан Европын Холбооны төлөөлөгч Мишель Барнье "Бид иргэдийн эрхийг хамгаалах, Умард Ирландад энх тайвныг хадгалан авч үлдэх, цаашид хамтран ажиллах зэргээр Их Британитай ижил зорилготой байгаа. Европын холбоо эдгээр гурван гол зорилтоо бүрэн ойлгож, ухамсарлаж байгаагаас гадна Их Британитай шинэ түншлэлийн хэлэлцээ хийхийг зорьж байгаа. Тереза Мэй Флоренцэд хийсэн мэдэгдэлдээ Европын Холбооны гишүүний хувиар үүргээ хүндэтгэнэ гэдгийг дурдсан. Гэхдээ одоог хүртэл энэ чиглэлд яриа хэлэлцээ хийгдээгүй л байна. Бидний харж байгаагаар худалдааны асуудлаар BREXIT-ийн яриа хэлэлцээг дараагийн шатанд гаргах хангалттай ахиц гарсангүй" гэж мэдэгдлээ.

Харин Их Британийн BREXIT-ийн асуудал хариуцсан сайд Дэвид Дэвис "BREXIT-ийн сүүлийн яриа хэлэлцээний үеэр бид шинэ зүйлсийн талаар ярьсан. Их Британийн хэлэлцээний баг үр дүнтэй яриа хийхэд анхаарч үргэлжлүүлэн ажилласаар байх болно. Гэхдээ өнгөрсөн оны зургаадугаар сараас хойш онцгой ахиц гарсныг хүлээн зөвшөөрөх нь чухал. Бид цаашдын худалдааны асуудлыг ярилцах ёстой. Европын Холбооны гишүүн орнууд Тереза Мэйгийн илтгэлийн санааг бодит байдалд хэрэгжүүлэхэд ахиц гаргана гэдэгт бид найдаж байна. Учир нь бид аль аль талдаа ашигтай сайн хэлэлцээ хийхийг зорьж байгаа. Гэхдээ хэлэлцээрт хүрэх боломжгүй болсон тохиолдолд засгийн газар ямар ч үр дүнд бэлтгэлтэй байх ёстой" гэж онцолсон байна.




САНАЛ БОЛГОХ