Хариуцлагатай аялж сурвал АНУ-ын виз улам нээлттэй болно

Байр суурь

АНУ-ын Консулын ажилтнууд монголчуудад итгэх нь буурчээ

Жил бүр дунджаар 25 мянга орчим монгол иргэн Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ-ны Консулын газарт виз мэдүүлдэг байна. Гэвч 2016 оны байдлаар 10 мянган иргэн буюу таван иргэн тутмын хоёр нь л АНУ-д зорчих эрхтэй болжээ.

Сүүлийн жилүүдэд виз мэдүүлж байгаа иргэд татгалзсан хариу авах нь нэмэгдэж байгааг АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд хатагтай Жениффер Зимдал Галт мэдээлсэн юм. Жил ирэх бүр дэлхийн хамгийн том эдийн засгийн үүд хаалга монголчуудад ийн хаалттай болж буй шалтгаан нь АНУ-д зорчсон монгол иргэд визний хугацаагаа хэтрүүлэх, харлах зэргээр тус улсын хууль тогтоомжийг үл ойшоож буй үйлдэл газар авч буйтай холбоотой аж.

Энэ талаар Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил “Өнгөрсөн хугацаанд АНУ 110 гаруй мянган монгол иргэнд виз олгосон байна. Гэвч тэдний гурван хүн тутмын нэг нь ямар нэг байдлаар зөрчил гаргадаг, таван оюутны нэг нь визнийхээ хугацааг хэтрүүлдэг гэсэн тоо байна. Энэ бол бусад улс оронтой харьцуулахад өндөр үзүүлэлт. Тиймээс дараа дараагийн иргэдийн АНУ-д зорчих боломж ихээхэн хомсдож, визний шаардлага өндөрсөж байна” хэмээн баасан гарагт Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудалд болсон “Хариуцлагатай аялагч” олон нийтэд хандсан кампанит ажлын үеэр мэдэгдсэн юм.

Визний шаардлага өндөрсөж байна гэдэг нь визний журамдаа өөрчлөлт оруулж албажуулсан гэсэн үг үү эсвэл консулын ажилтнуудын хандлагатай холбоотой юу гэдгийг ЗГМ сонин хатагтай Ж.Галтаас тодруулахад “АНУ-ын визний журам, нөхцөл огт өөрчлөгдөөгүй. Бүх улсын иргэдэд ижил үйлчилдэг. Харин манай ЭСЯ-ны Консулын ажилтнуудын монголчуудад итгэх итгэл буурсан” хэмээсэн. Тиймээс ч ГХЯ, АНУ-ын ЭСЯ-тай хамтран “Хариуцлагатай аялагч” кампанит ажил өрнүүлж, холын Америкт ажил хэргээр, суралцахаар, аялахаар зорчиж буй монголчуудыг хариуцлагатай, визний хугацаагаа хэтрүүлэхгүй байхыг уриалж буй юм.

“Уг нь Засгийн газар АНУ, БНСУ, Япон, Европын холбоо зэрэг монголчуудын зорчих нэн их хүсэлтэй улс орнуудад визгүй зорчдог болгох алсын зорилготой. Үүний төлөө ч үе үеийн Засгийн газар ажилладаг. Энэ бол ГХЯ-ны өдөр тутмын үйл ажиллагааны нэг” хэмээн Ц.Мөнх-Оргил хэвлэлийнхэнд тайлбарлав. Гэсэн хэдий ч хилийн чанадад хувиа хичээгчдийн улмаас алсын зорилгодоо ойртох нь бүү хэл харин ч монгол иргэнд итгэх АНУ-ын Засгийн газрын итгэл буурч байгаа нь харамсалтай. Өндөр хөгжилтэй орнуудын иргэд манай улсад визгүй зорчдог шиг монголчууд ч гэсэн тэдгээр оронд визгүй зордог болохын тулд иргэд Засгийн газартай ижил санаа зорилготой болох хэрэгтэй гэдгийг албаныхан онцолж байна. Харин АНУ-ын ЭСЯ-ны Консулын газрын дарга Жейсон Спилберг хэр зэрэг олон монгол иргэнд виз олгох нь өмнө нь зорчсон иргэдийн хариуцлагатай салшгүй холбоотой гэдгийг дамжуулсан юм.

Түүнчлэн монголчуудад “H” ангиллын виз олгодог болохоор хоёр улсын Засгийн газрын яриа хэлэлцээ нааштай байгаа талаар Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил дуулгасан. “H” ангиллын виз нь тус улсад тусгай мэргэжлийн чиглэлээр түр хугацаагаар ажиллах зориулалттай аж. Ийм ангиллын виз олгодог орны тоонд Монгол өмнө нь байдаггүй байжээ.


САНАЛ БОЛГОХ