Эдийн засгийн албан бус хоригийг хэн, хэзээ шийдэх вэ?

Мэдээ


Нүүрсний экспорт “яст мэлхий”- н хурдаар урагшилсаар

Гашуунсухайтад гунигт өдрүүд хөвөрсөөр. Монголын түүхий эдийн экспортын гол гүүр, үндсэн үүд болсон Гашуунсухайт-Ганцмодны боомт хагас нээлттэйгээр гурван сарыг үдлээ. Монгол, Хятадын худалдааны гол хаалга болсон энэ боомтын нэвтрүүлэх хурд удааширч, нийлүүлэх суваг нь нарийссан. Ингэснээр манай улсаас урд хөршийг чиглэх түүхий эдийн экспорт багасаж, нүүрсний худалдаа хумигдсан юм. Монголын эдийн засгийн итгэл найдвар болж буй нүүрсний экспорт нүүр буурууллаа. Он гарсаар сар бүр сайн үзүүлэлт дагуулж байсан нүүрсний экспорт урамгүй үр дүнтэй угтах болов.

Ингэснээр хэдхэн сарын өмнө нүүрсний экспорт өмнө нь үзэгдээгүй өсөж, уруудсан эдийн засгаа өөд нь татаж байна хэмээн хөөрцөглөж явсан монголчуудын нөхцөл нүд ирмэхийн зуур өөрчлөгдлөө. Өндийж байсан Монголын нүүрсний экспорт урд хөршийн хилийн хорио, цээртэй нүүр тулахад хүрлээ. БНХАУ-аас баяр наадам, хорио цээртэй бараа, бүтээгдэхүүнийг шалгана гэсэн шалтгаанаар Монголын нүүрсэнд тавих хяналтаа чангатгаж, экспортын далд хориг тавьчихав. Ер нь дэлхийн нүүрсний гол худалдан авагчдын нэг энэ улс нүүрсний зах зээлд албан болон албан бусаар хориг, саад тавьж байгаа. Олон улсын геополотикийн харилцаанаас үүдэн БНАСАУ-ын нүүрсэнд эдийн засгийн хориг тавиад багагүй хугацаа өнгөрүүлж байна.


Тэгвэл Монгол ч Хятадтай хийх нүүрсний худалдаанд хориг, саадтай тулав. Үндэсний статистикийн хорооноос хэдхэн хоногийн өмнө танилцуулсан есдүгээр сарын экспортын мэдээлэлд анхаарлаа хандуулъя. Өнгөрсөн сард манай улсын нүүрсний экспорт наймдугаар сарынхаас дөрөв орчим хувиар буурчээ. Ер нь зөвхөн есдүгээр сар ч гэлтгүй сүүлийн улиралд уг түүхий эдийн нийлүүлэлт саарсан. Экспортын гол хаалга хумигдсанаар идэвхжиж байсан нүүрсний худалдаа буураад байгаа юм. Гашуунсухайт-Ганцмодны боомтын шалган нэвтрүүлэлт чангарсан долдугаар сард гэхэд нүүрсний экспорт сарын дүнгээр хоёр дахин буурсныг Гаалийн ерөнхий газрын мэдээллээс харж болно.

Хойд Солонгост тавьсан Хятадын хоригоос хожил хүртэж, ашиг оллоо хэмээн дэвхцэж байсан Монголын нүүрсний нийлүүлэлт сүүлийн саруудад ийнхүү уруудав. Энэ байдлаар бол 2017 онд 30, 40 сая тонн нүүрс экспортолж, орлого олно хэмээн тооцож буй бидний төлөвлөгөө талаар өнгөрөх нь. Нүүрсний экспорт, цаашлаад Монголын эдийн засагт бараан сүүдэр дагуулж буй Гашуунсухайт- Ганцмодны боомтод үүссэн гацаа долдугаар сарын дундаас эхтэй. ӨМӨЗО-ы 70 жилийн ойн баярыг тохиолдуулан БНХАУ-ын талаас хилийн хяналт шалгалтаа нэмэгдүүлж, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх боломжоо цөөлсөн юм. Ингэснээр Монголын нүүрсэнд хаалт бий болж, худалдааг тушсан хил орчмын албан бус хориг бий болсон юм.

Хятадын хилийн хяналтын нэг л шийдвэр Монголын эдийн засагт нөлөөлөв
Гэхдээ үүнийг түр зуурынх гэж албаныхан тухайн үед тайлбарлаж байв. Харамсалтай нь, энэ нь зуурдынх бус байсан нь уруудаж буй экспортын дүнгээс мэдэгдэж байна. Хятад улс хаалгаа хумихаас өмнө Гашуунсухайт-Ганцмодны боомтоор өдөрт 1500-1600 автомашин нэвтрүүлж байв. Харин аравдугаар сарын 11-нд гэхэд уг боомтоор 500 орчим машин нэвтрүүлсэн талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээллээ. Ингэснээр боомтын нэвтрүүлэлт удааширч, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн автомашинуудын олон километр урт цуваа үүссэн. Тавантолгойн уурхайгаас Гашуунсухайт боомт хүртэл 237 киломерт зайтай. Үүний 120 километрт нь нүүрс тээвэрлэгчид түгжрэх болсон.

Энэ ээдрээт байдал одоо ч үргэлжилж байна. Урд хөршид нийтийг хамарсан баяр болж, Гашуунсухайт-Ганцмодны боомтын үйл ажиллагаа хэдэн хоног амарч, энэ сарын 4-нээс үйл ажиллагаа нь эхэлсэн. Хил нээгдсэний дараа ч дараалал 50 километр давсан хэвээр байна. Гэхдээ үүнд ч эргэлзээ бий. Холбогдох албаныхан Гашуунсухайт боомт чиглэсэн автомашинуудын дараалал буурсан хэмээн мэдээлж байгаа. Гэвч эх сурвалжийн өгч мэдээллээр хил орчимд үүссэн түгжрэл, дарааллыг бууруулахын тулд Гашуунсухайтыг чиглэсэн зарим автомашиныг Цогтцэцийд хязгаарлаж, тус сумаас гаргахгүй байгаа аж. Өөрөөр хэлбэл, нэвтрүүлэх чадвар сайжраагүй. Зөвхөн автомашины урсгалыг Цогтцэцийд барьж, хил орчмын ачааллыг бууруулах ядмаг оролдлого хийж байгаа юм байна. Нүүрс тээвэрлэлтэд автомашины эцэс төгсгөл нь үл харагдах цуваа үүсээд бүтэн гурван сарын нүүр үзлээ. Түгжрэл, бөөгнөрлөөс үүдэн орлого буурахаас эхлээд олон асуулт урган гарч байна. Энэ чиглэлд тээвэр хийдэг жолооч нарын ярьж буйгаар түгжрэл үүссэнээс тээврийн хурд нь 2-3 дахин буурч, нийлүүлэлт нь тэр хэрээр саатсан. Тэд энэ чиглэлийн зам дээр өдөрт 6-7 километр урагшилдаг байна.

Ингэснээр уурхайгаас нүүрсээ ачиж, урд хөршид буулгахын тулд 10 гаруй хоног зарцуулдаг болсон. Монголын нүүрсний экспорт ийнхүү “яст мэлхий”-н хурдаар урагшилсаар. Уг нь өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад Гашуунсухайт боомтын үйл ажиллагаа сайжирсныг албаныхан төдийгүй жолооч нар хэлж байгаа. Өнгөрсөн хавраас Гашуунсухайтыг чиглэсэн авто замыг өргөтгөн шинэчилж, боомтын нэвтрэх хугацааг богиносгосон. Өдгөө энэ боомт 24 цагаар ажиллаж буй. Гэвч нэвтрүүлэх үйл явц нь өнгөрсөн жилүүдийнхээс мууджээ. Гашуунсухайт-Ганцмодны боомтын гацаа хоёр улсын аль алинаас үүдэлтэй болохыг салбарынхан хэлдэг. Зөвхөн худалдаж ч авагч болох Хятадын талаас шалтгаалаагүй. Монголын тал эрсдэл дагуулж, тээвэрлэгчид нь ачсан нүүрснийхээ дунд мах болон бусад хориотой зүйлсийг ихээр тээвэрлэсэн. Үүнээс үүдэн худалдан авагчдын монголчуудад итгэх итгэл буурч, хилийн шалгалтаа чангаруулж, хяналтаа нэг бүрчлэн хийснээс нэвтрүүлэлт удааширсан гэж “Эрдэнэс Монгол” компаниас мэдээлэв.

Гэхдээ албаныхан ийм тайлбар хийгээд хэдэн сарыг үдэж байна. Хятадын хилийн хяналт чангарсан долдугаар сард Гашуунсухайт-Ганцмодны боомтын талаар хоёр улсын Засгийн газар хэлэлцэнэ хэмээн холбогдох албаныхан мэдээлж байсан. Гэвч өнөө хэр үр дүн харагдсангүй. Энэ хооронд Монголын эдийн засгийн гол зүтгүүр болсон нүүрсний экспорт саатсаар. Одоо бүр уруудаж, урамгүй үр дүнгээр угтаж байна. Мэдээж, энэ гацаа ганцхан биднээс шалтгаалаагүй. Зөвхөн Монголоос хамаарахгүй нь ойлгомжтой. Гэлээ гээд орлогын итгэл найдвараа бөхөхийг харсаар суух уу. Албаныхан ч манай талаас хичээж байгаа ч ахиц гараагүй гэснээс өөр тайлбар хийсэнгүй.

Гэтэл нүүрс бол энгийн нэгэн экспортын бүтээгдэхүүн биш. Энэ онд Монголын эдийн засагт авчирсан өсөлтийг нь аваад үзсэн ч тэр дэндүү чухал түүхий эд. Бас өдгөө нүүрснээс ашиг хүртэх таатай үе бүрдчихээд байгаа. Монголын эдийн засгийн ирэх жилүүдийн өнгө нүүрсний экспортоос хамаарахаар байгаа нь бодит байдал. Монгол Улсын гадаад худалдаанд үлэмж хэмжээний орлого авчирсан нүүрсний экспорт саатвал энэ салбарын орлогоос эхлээд улсын төсөв, монгол өрхийн хэтэвчийг ч цоолж мэднэ. Ийм байтал нүүрсний экспорт нүдэн дээр буурахыг харсаар сууж болно гэж үү. Энэ албан бус хориг, саадаас Монголыг ангижруулж боломж бий юу. Энэ бүхний эцэст хамгийн халагламаар нь, Хятадын хилийн хяналтын нэг л шийдвэр Монголын эдийн засагт үлэмж нөлөөлж, ерөнхий өнгийг нь тодорхойлчихож байна.

САНАЛ БОЛГОХ