Жанет Йеллен: Цаашид мөнгөний хатуу бодлого баримтална

Мэдээ

Холбооны Нөөцийн банкны тэргүүн Жанет Йеллен Вашингтонд болсон Төв банкнуудын уулзалтын үеэр “Инфляц АНУ-ын эдийн засагт томоохон "сюрприз" болж байгаа”-г онцоллоо. Эдийн засаг өсөлтийн бүсэд хадгалагдаж, хөдөлмөрийн зах зээл эерэг үзүүлэлттэй байгаа энэ үед АНУ-ын Төв банк бодлогын хүүг дахин өсгөхөөр төлөвлөж байна. АНУ-ын инфляцын үзүүлэлт өнгөрсөн есдүгээр сард 0.5 хувиар өссөн нь шинжээчдийн таамгаас доогуур үзүүлэлт болсон юм. Хэдий тийм боловч дээрх тааруу үзүүлэлт удаан хугацаанд хадгалагдахгүй гэдгийг Холбооны Нөөцийн банкны тэргүүн Жанет Йеллен дурдаад “Ирэх онд инфляц өснө” гэж үзэж байгаагаа мэдэгджээ.

Төв банкнуудын уулзалтын үеэр банкнуудын тэргүүн нар “Инфляц доогуур түвшинд удаан хадгалагдахгүй” гэдгийг онцлоод “Цаашид мөнгөний хатуу бодлого баримтлахаар төлөвлөж буй”-гаа илэрхийлсэн юм. Үүнээс гадна БНХАУ-ын компаниудын өр хэтэрхий өндөр байгааг тус улсын Төв банкны тэргүүн анхаарууллаа. Тиймээс “Бид санхүүгийн тогтвортой байдлыг хангахын тулд бодлогоо чангатгаж, өрийг бууруулахад гол анхаарлаа хандуулах ёстой" гэж мэдэгдсэн байна. Жанет Йеллений бүрэн эрхийн хугацаа ирэх оны хоёрдугаар сард дуусгавар болно. Тэрбээр Холбооны Нөөцийн банкны тэргүүнээр улиран сонгогдохыг зорьж байгаа бол АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп түүнийг албан тушаалд нь хэвээр үлдээж магадгүй байгаа юм.

Үүнээс гадна Холбооны Нөөцийн банкны захирагч Жером Пауэл, Стэнфордын их сургуулийн эдийн засгийн профессор Жон Тэйлор, Холбооны Нөөцийн банкны захирагч асан Кевин Варш нар АНУ-ын Төв банкны тэргүүний суудлын төлөө өрсөлдөж байна.



САНАЛ БОЛГОХ