Аймшгийн төрлийн "Happy Death day" кино 31.5 сая ам.долларын орлого олов
"Universal Pictures", "Blumhouse Productions"-ийн хамтын бүтээл триллер болон аймшгийн төрлийн бүтээл "Happy Death day" кино Хойд Америкийн “Box Office”-ийн жагсаалтыг тэргүүллээ. Ойролцоогоор таван сая ам.доллараар бүтсэн энэхүү кино өнгөрсөн долоо хоногийн сүүлээр АНУ, Канадын 3000 гаруй кино театрт нэгэн зэрэг нээлтээ хийсэн бөгөөд одоогоор 26.5 сая ам.долларын орлого олоод байна. Харин олон улсаас 31.5 сая ам.долларын орлого олжээ. "Happy Death day" киноны Хойд Америк дахь нийт үзэгчдийн 65 гаруй хувь нь 25 ба түүнээс доош насныхан, талаас илүү хувь нь охид байсныг кино шинжээчид онцолж байна.
Харин өнгөрсөн долоо хоногт “Box Office”-ийн жагсаалтыг тэргүүлсэн "Warner Bros. Pictures"-ийн шинжлэх ухааны уран зөгнөлт бүтээл "Blade Runner 2049" кино 15.1 сая ам.долларын орлогоор жагсаалтыг удааллаа. "Blade Runner 2049" киноны орлого өнгөрсөн долоо хоногийнхоос 54 хувиар буурсан үзүүлэлттэй байна. 150 сая ам.долларын зардлаар бүтсэн энэхүү кино ихээхэн ашиг олно гэдэг нь эргэлзээтэй байгааг шинжээчид онцолж байгаа юм.
Жагсаалтын гуравдугаарт өнгөрсөн амралтын өдрүүдэд 2515 кино театрт нээлтээ хийсэн "The Foreigner" кино бичигдлээ. Энэхүү кино13.1 сая ам.долларын орлого олоод байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй