Цахилгааны хөнгөлөлтөд 9.2 тэрбум төгрөг зарцуулна

Мэдээ


Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд эрчим хүчний салбарт хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын явцын талаар мэдээлэл хийнэ. Ирэх баасан гаригт хийх мэдээллийг тоймлон хүргэе. Монгол Улс өнгөрсөн онд 5802.4 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч, 8727 мян.Гкал дулааны эрчим хүч тус тус үйлдвэрлэсэн байна. Гэхдээ 1419.1 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч импортоор авсан бол 33.9 саяыг экспортолжээ. 2017 оны эхний хагас жилийн дүнг өнгөрсөн онтой харьцуулахад манай улсын цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ 3.043.1 сая кВт.цаг болж, өссөн дүнтэй байгаа аж. Эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд энэ оны эхний хагас жилийн байдлаар нийт 649.3 мянган хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчээр хангажээ. Оны эхний байдалтай харьцуулахад 56.9 мянган хэрэглэгч нэмэгдсэн байна.

Нийт хэрэглэгчдийн 7.2 хувь буюу 46.4 мянга нь аж ахуйн нэгж байгууллагын хэрэглэгч байгаа бол үлдсэн 92.8 хувь буюу 602.9 мянга нь ахуйн хэрэглэгчид байна. Засгийн газраас өнгөрсөн өвөл нийслэлийн гэр хорооллын айл өрхийн ахуйн болон халаалтын зориулалтаар ашигласан цахилгааны хэрэглээг 21.00- 06.00 цаг хүртэл 100 хувь хөнгөлөх шийдвэрийг гаргасан. Энэ дагуу 2017 оны нэгдүгээр сарын 10-аас дөрөвдүгээр сарын 10-н хүртэлх хугацаанд гэр хорооллын 114512 хэрэглэгчдэд 3.4 тэрбум төгрөгийн тарифын хөнгөлөлтийг үзүүлсэн юм. Энэхүү арга хэмжээг энэ өвөл үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, түүнчлэн аймгийн төв, томоохон сум, суурингийн айл өрхүүдийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 50 хувь хөнгөлөх шийдвэрийг Засгийн газраас өнгөрсөн долдугаар сард гаргасан.

Энэ өвлийн тарифын хөнгөлөлтөд 9.2 тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарчээ. Тэгвэл энэ онд эрчим хүчний салбарт 32.4 тэрбум төгрөгийг зарцуулахаар төсөвлөжээ. Үүнээс нийслэлийн хүчдэлийн уналттай болон шинэ суурьшлын 42 бүсэд байгаа айл өрхийг гэрэл цахилгаантай болгоход 11.7 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Энэхүү хөрөнгө оруулалтаар цахилгаан шугам сүлжээний техникийн шинэчлэл, өргөтгөлийн ажлыг хийж байгаа аж. Энэ онд 7000 орчим айлыг цахилгаан эрчим хүчинд холбосон байна. Дашрамд дурдахад, хэрэглэгчдийн эрчим хүчний хангамжийн найдвартай байдал энэ оны эхний хагас жилд улсын хэмжээнд 20-30 хувиар дээшилжээ. 2017 оны эхний хагас жилд нэг хэрэглэгчид 18.4 цагийн тасалдал ногдож байгаа нь өмнөх оноос зургаан цагаар буюу 24.5 хувиар буурсан дүн юм.


САНАЛ БОЛГОХ