Эдийн засгийн “өсөлтгүй ураг”

Мэдээ


Төрийн мэргэн бодлогын мэлмий сүүмийсний илрэл нь ЖДҮ

Эдийн засгийн хэвлийд зүрх нь үлгэн салган цохилж буй нэгэн ураг байгаа нь жижиг, дунд бизнесийнхэн. Хэдийгээр 27 жилийн тэртээ чөлөөт зах зээлийн тогтолцоотой зэрэгцэн бүрэлдсэн ч өдгөө өсөлт удаан, туниа муутай тоглогч болон хувирчээ. Хүртээмжтэй эдийн засгийн өсөлтөд зүтгүүр болдог жижиг, дунд бизнесийнхэн бүхэлдээ ашиг хонжоо хайгчдын зөөлөн дэвсгэр, төрийн мэргэн бодлогын мэлмий сүүмийсний илрэл болов. Үүнийг илтгэх хамгийн сүүлийн үеийн баримт гэвээс Монголбанкнаас танилцуулсан “Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжил, санхүүжилтийн байдал” түүвэр судалгааны дүн юм. Бүх л бүтэн зургаан жилийн турш явуулсан уг судалгаагаар жижиг, дунд бизнесийн салбарт үндсэндээ динамик өөрчлөлт гэхээр зүйл байхгүйг түвэггүй мэднэ. Судалгааны үр дүнг танилцуулсан хэлэлцүүлгийн үеэр ижил төстэй бусад судалгаанаас ялгагдах зүйл огт алга хэмээн байр сууриа илэрхийлж байсан эдийн засагч олон байсан юм. Эдийн засагч С.Дэмбэрэл “Би өмнө нь 2000-2014 онд бизнесийн итгэлийн индекс гаргаж байсан.

Түүнтэй ялгаагүй үр дүн гарсан байна. Бас дараалсан зургаан жил ижил үр дүн гарна гэдэг энэ салбарын өсөлт тун удаан байгаагийн илрэл” гэв. Эрхзүйн болон татварын орчин, санхүүжилтийн хүртээмж, дэмжлэг гээд бүрэн зураглалаар нь аваад үзвэл тэрбээр бодит байдлыг хэлжээ. Дотоодын хөрөнгө оруулалтаар босгосон, 1-9 ажилчинтай аж ахуйн нэгж, байгууллага 1-5 жилийн хугацаанд 10-50 сая төгрөгийн санхүүжилт авах эрэлт хэрэгцээ ихтэй байгаа нь уг судалгааны гол үр дүн. Гэвч энэ мэдээлэл төдий л шинэ соргог санагдахгүй, улиг домог болтлоо сонсогдож буйн шалтгаан нь юу вэ. Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хууль өгөөжтэй зохицуулалт болж чадсан уу. Энэ салбарыг дэмжих нэрийдлээр жил бүр лоозогнож, олон арван тэрбумаар нь цацсан их мөнгө хаачсан бэ.

1-9 ажилчинтай компаниуд бизнесийн арааг арай ядан зүтгүүлж байна
Эцсийн эцэст дээрх бүх чармайлтын үр дүнг юугаар хэмжих үү. Энэ мэт энгийнээс эхлээд эгэлгүй олон асуултад хариулт эрэлхийлэх нь эдийн засгийн нэгэн “ураг” өсөлтгүй болсны учрыг олж, учгийг нь тайлах сэжим мөн. 2016 оны жилийн эцсийн байдлаар манай улсын аж ахуйн нэгжийн бүртгэлийн санд бизнесийн 141.5 мянган байгууллага байгаагийн 51 хувь нь л үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж буйг Блумберг телевиз мэдээлжээ. Гэтэл мөн оны ээлжит тооллогоор улсын хэмжээнд нийт 150 орчим аж ахуйн нэгж тоологдсон нь таван жилийн өмнөхөөс 2.3 дахин их үзүүлэлт. Харамсалтай нь, чанарын хувьд хангалтгүй байгаа тэднээс бүтээмж шаардахын аргагүй. Нөгөөтэйгүүр, идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй 72 мянган аж ахуйн нэгжийн 84.3 хувь нь ердөө 1-9 ажилчинтай бичил бизнесийнхэн. Харин 12.5 хувь нь 10-49 ажилтантай бол 3.4 хувь л 50-аас дээш тооны хүнийг ажлын байраар хангаж, амьдралыг нь залгуулдаг аж. Тэгэхээр 1-9 ажилчинтай компаниуд бизнесийн арааг арай ядан зүтгүүлж байна гэсэн үг.

Гэтэл тэд төрийн дэмжлэг, санхүүгийн хүртээмжээс бараг ангид, өдрөөс өдөрт улам доройтож үлгэн салган байна. Монголбанкны судалгаанд оролцсон 1970 орчим аж ахуйн нэгжийн ердөө зургаахан хувь нь л хөнгөлөлттэй зээлд хамрагддаг гэжээ. Харин 81 хувь нь арилжааны банкны зээлийн эх үүсвэрээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлдэг хэмээн гайхаж, шогширмоор хариулт өгсөн байна. Төв банк тайландаа “Судалгаанд оролцогчдын давхардсан тоогоор 10 гаруй хувь нь Засгийн газар болон орон нутгийн захиргаа дэмждэг гэсэн хариулт өгчээ” хэмээн мэдэгджээ. Засгийн газраас ЖДҮ-ийг хөгжүүлэхээр мянганы хөгжлийн зорилт, тогтвортой хөгжлийн хөтөлбөр, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал болон эдийн засгийн өсөлтийг дэмжих, ядуурлыг бууруулах стратеги зэрэг бодлогын олон гол баримт бичигт тусгаж, өч төчнөөн арга хэмжээ, тоо томшгүй олон төсөл хөтөлбөр уг нь хэрэгжүүлсэн.

Харамсалтай нь, томоохон баримт бичиг, эдгээр санаачилга баялаг бүтээгчдийн эрх ашигт нийцээгүй, бодит дэмжлэг болж чадаагүй хэмээн дүгнэхээс аргагүй байна. Тиймдээ ч бизнесийн зүтгүүрүүд хөнгөлөлттэй зээлийн хүртээмж, татварын таатай буюу алагчлалгүй орчин бүрдүүлэхийг олон жил хүсэж буй. Хүнээр зүйрлэвэл, эрийн цээнд хүрэхээр урт хугацааг элээсэн. Гэвч тэднийг өрсөлдөөнд дуудаж, өсөлт ярина гэдэг дэндүү ихийг хүссэн хэрэг. ЖДҮ-ийг төлөөлөх чадвартай гэгдэх 1970 аж ахуйн нэгжийн ердөө 12 хувь нь сүүлийн нэг жилийн хугацаанд бүл нэмсэн бол 10 хувь нь хассан байна. Харин 76 хувьд нь ажилчдын тоо тэлээгүй аж. Гэтэл эдийн засгийн эрх чөлөөтэй орнуудад ажиллах хүчнийх нь 90-ээс дээш хувь нь энэ салбарт хамаарагддаг.

Ард түмнийг ажилтай, орлоготой байлгах, татварын орлогыг бүрдүүлэх төдийгөөр энэ салбарыг харах нь өрөөсгөл. Эдийн засгийг төрөлжүүлж, экспортыг дэмжих бүтээгдэхүүн энэ салбарын хөгжлөөс шууд шалтгаалдаг гэдгийг МУИС-ийн Бизнесийн сургуулийн докторууд онцолж буй. Уг нь шинэ технологи, инноваци ЖДҮ-т нэвтэрч буйгаар нь энэ салбарын өсөлтийг харах учиртай. Гэвч, ийм хэмжүүрт хүрэхгүй үйлдвэрлэгчид олон бий. Тиймдээ ч тооны хувьд аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа зогсоох, шинээр бүртгүүлэх нь энэ салбарт өсөж дэвжихээс илүүтэй орж, гарах үйл явц их байгаагийн илрэл юм. Уг нь жижиг, дунд бизнес инновацийг тэтгэж, олон салбарт өрсөлдөөн бий болгосноор эдийн засгийн өсөлтийг дэмждэг гэж үздэг. Гагцхүү манайд л энэ мөн чанар нь бүрэлдэлгүй, хувийн хэвшил нь өмчөө бойжуулах боломжгүй орчинд байна. Энэ чигээрээ удвал жижиг, дунд бизнесийн зүрхний цохилт хэзээ зогсоно тэр цагт эдийн засгийн эрх чөлөөний амь тасарна.

САНАЛ БОЛГОХ