Хямдрах боломжтой шинэ мөнгө
Хөрөнгө оруулалт
Монгол Улс зарим бондынхоо хугацааг сунгах санал тавив
Монгол Улс олон улсын зах зээл дэх зарим бондынхоо хугацааг сунгах саналыг хөрөнгө оруулагчдад тавив. Тодруулбал, ирэх оны нэг болон тавдугаар сард эргэн төлөлтийг нь хийх “Чингис”, “Димсам” бондын хугацааг хойшлуулахаар зорьж буй. Ингэхдээ нэг бүр нь 1000 ам.долларын үнэ бүхий “Чингис” бондыг 1003.75 ам.доллар, 10 мянган юанийн нэрлэсэн үнэ бүхий “Димсам” бондыг 10037.5 юань болгохоор болжээ. Монгол Улсын Засгийн газрын энэ саналын хугацаа аравдугаар сарын 24-нд эцэслэнэ гэж Сангийн яамнаас мэдээлсэн. Өнгөрсөн долоо хоногоос Монгол Улс мөнгөний эрэлд мордлоо. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаа болон бусад албаныхан дэлхийн санхүүгийн гол төвүүдийг зорьж, шинэ санхүүжилтээ танилцуулж эхэлсэн юм.
Шинэ мөнгөний төлөөх аялал Нью-Йоркоос эхэлж, Бостоноор буухиалан, Лондон, Сингапур, Хонконгийг дайрна. Монгол Улс олон улсын зах зээлээс шинэ санхүүжилт татахын тулд дэлхийн нэр хүндтэй банк санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллаж буй. Reuters-ийн мэдээлснээр шинэ бондын андеррайтераар Credit Suisse, Deutsche Bank болон JP Morgan ажиллаж байгаа аж. Үүнтэй зэрэгцээд олон улсын үнэлгээний Fitch агентлаг Монгол Улсын шинэ бондыг “В-” болон хэтийн төлөвийг нь "тогтвортой" гэж үнэллээ.
Fitch агентлаг Монгол Улсын шинэ бондыг “В-” гэж үнэллээ
Тус агентлаг “Хуралдай” бондыг босгохоос өмнө буюу өнгөрсөн хоёрдугаар сарын 19-нд манай улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг мөн энэ түвшинд үнэлж байсан юм. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын Засгийн газрын зээлжих зэрэглэл суларсан. Үнэлгээний их гурвал гэгддэг олон улсын гурван агентлаг Монгол Улсыг өнөө хэр хөрөнгө оруулахад өндөр эрсдэлтэй ангилалд багтааж буй. Fitch-ээс гадна S&P агентлаг “B- ”, Moody’s-ээс “Caa1” түвшинд үнэлж байгаа юм. Манай улс өдгөөгөөс 8 гаруй сарын өмнө олон улсаас санхүүжилт татаж, эргэн төлөлтөө хийсэн.
Харин өдрөөс өдөрт ойртож буй “Чингис” болон “Димсам” бондын эргэн төлөлт хийх шинэ эх үүсвэрийн хүү хийгээд хэмжээ тодорхойгүй байна. Хөрөнгө оруулагчдын эрэлт, саналыг үндэслэн хүү болон санхүүжилтийн хэмжээг тогтоох юм. Гэхдээ хоёр бондын хүлээгдэж буй 660 орчим сая ам.долларын эргэн төлөлтийг хамтад нь хийх санхүүжилт татахаар зорьж буй гэж Сангийн яамны эх сурвалж мэдээлэв. Эргэн сануулахад, Монгол Улсын энэ оны эхний улиралд босгосон нэг бүр нь 100 ам.долларын нэрлэсэн үнэ бүхий 600 сая ам.долларын “Хуралдай” бонд 8.75 хувийн хүүтэй байсан. Сангийн яамны удирдах албан тушаалтны мэдээлснээр уг санхүүжилтийг татахаас өмнөх саруудад хүүгийн түвшин 10 хувийг даваад байсан. Харин тухайн үед Монгол Улс ОУВС-тай хамтарна гэсэн мэдээлэл олон улсад түгсний дараа бондын хүү буурч, найман хувьд хүрсэн.
Тэгвэл одоогийн нөхцөл байдал шинэ бондын өртөгт хэрхэн нөлөөлөх бол. Сангийн яамны Санхүүгийн зах зээл, даатгалын хэлтсийн дарга Н.Мандуул “Шинэ бондын хүү “Хуралдай” бондынхоос ялимгүй бага тогтох боломжтой гэж “Блумберг” телевизэд өгсөн ярилцлагадаа дурджээ. Одоогийн нөхцөл байдлыг ажвал ингэж тогтох боломж бий юу. Мэдээж, Монголын эдийн засгийн нөхцөл байдал “Хуралдай”-г босгож байсан 2016 оны эцэс болон 2017 оны эхэн үеийнхээс өөрчлөгдсөн. Өнгөрсөн оны эцэст нэг хувиар нэмэгдэж байсан ДНБ-ий өсөлт 5.3 хувьд хүрч, хурдассан.
Мөн хөрөнгө оруулагчдын хөгжиж буй зах зээлээс хамгийн түрүүнд хардаг төсөв, төлбөрийн тэнцлийн алдагдал буурсан. Өнгөрсөн оны эцсийг 3.6 их наяд төгрөгийн алдагдалтай үдсэн төсвийн тэнцэл энэ оны эцсийг нэг наяд төгрөгийн алдагдалтай үдэх хүлээлттэй байгаа. Бас ажилгүйдэл буурч, валютын ханшийн савлагаа тогтворжсон, түүхий эдийн экспортын орлого өссөн гээд онцлох үзүүлэлт бий. Хөрөнгө оруулагчид мөнгө өгөхөөсөө өмнө тухайн зээлдэгчийн зээлээ төлөх чадвартай эсэхийг хардаг. Өөрөөр хэлбэл, орлого бол хөрөнгө оруулагчийн марталгүй сөхдөг үндсэн үзүүлэлтийн нэг. Уг нь Монголд мөнгө авчирдаг түүхийн эдийн экспорт харьцангуй тогтвортой байгаа. Хөрөнгө оруулагчдад Монголын нэрийн хуудас болдог нүүрснээс эхлээд зэс, алт, жонш, цайр зэрэг түүхий эдийн экспорт тогтвортой түвшинд хэлбэлзэж байгаа нь Монголын хэтэвч муугүй байна гэсэн дохио.
Мэдээж, дэлхийн хэмжээний “Оюутолгой” төслийн бүтээн байгуулалт тууштай өрнөж буйг ч дурдах хэрэгтэй. Үүнээс гадна шинэ бондыг угтсан, хөрөнгө оруулагчид мөнгөө олгох, эсэхэд нөлөөлөхүйц ямар үйл явц Монгол төдийгүй дэлхийн улс төр, эдийн засгийн орчинд өрнөөд байна вэ. Хэдхэн хоногийн өмнө Азийн хөгжлийн банк 2017-2020 он хүртэл Монгол Улсад нийт 1.2 тэрбум ам.долларын санхүүжилт олгохоо мэдэгдлээ. Эхний ээлжийн 250 сая ам.долларыг хэдийнэ хийсэн. Монголыг чиглэх мөнгөний урсгал ингээд зогсохгүй. Азийн хөгжлийн банкны санхүүжилт дээр нэмээд ОУВС-гийн 440 сая ам.доллар, мөн Энэтхэгийн нэг тэрбум, Японы 850 сая ам.доллар гээд олон улсын байгууллагууд болон улс орнууд санхүүжилт олгохоо амласан.
Ингээд төв банкны хугацааг нь сунгах юанийн хэлцлийг хасаж тооцвол нийт 3.5 орчим тэрбум ам.долларын мөнгөн урсгал ойрын 2-3 жилд Монголыг чиглэхээр байна. Энэ бол хөрөнгө оруулагчдын харах нэг өнцөг. Үүн дээр нэмээд 2016 онд хасах үзүүлэлттэй байсан гадаадын шууд хөрөнгө оруулалт энэ оны эхний хагаст нэмэх чиглэлд шилжсэн нь хөрөнгө оруулагчдад хачир болох эерэг мэдээлэл. Түүнчлэн шинэ Ерөнхий сайд томилогдсон нь хөрөнгө оруулагчдад шинэ мессеж байх нь дамжиггүй. Үүнтэй зэрэгцээд Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчид нь парламентаас бүрдсэн.
Тиймээс ч хөрөнгө оруулагчдын хүсдэг улс төрийн тогтвортой орчин бүрдэх боломж нээгдэж байгаа нь анзааралгүй өнгөрч боломгүй шалтгаан. Энэ мэт сайжирсан үзүүлэлт бий гэдгийг дурдаж болно. Гэхдээ өмнөх бондын өрөө дахин зээл авч төлсөн гэх бараан түүх дагалдахыг мартаж болохгүй. Эцэст нь энэ бүх шалтгааныг үндэслээд шинэ бондын ханш “Хуралдай”-гийнхаас буурч тогтох магадлал байна. Дашрамд дурдахад, дэлхий даяар хөгжиж буй орнуудын үнэт цаасны өгөөж буурч байгаа. Тиймээс зарим улс шинэ мөнгөний эрэлд гарах болсон. Энэ сард л гэхэд Гана улс олон улсын зах зээлээс 1.4 тэрбум ам.доллар босгохоор бэлтгэж эхэлсэн байна.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй