Цахим хяналт сургалтыг чанаржуулна
Цахим хяналтын системд жилд 900 орчим сая төгрөг зарцуулж байна
Дэлхийн бусад оронтой харьцуулбал Монгол Улсын иргэдийн цахим боловсрол 15 жилээр хоцорч яваа аж. Энэхүү бараан үзүүлэлт боловсролын салбарт “сүүдэр”-ээ тусгаад удаж буйг БСШУСЯ-ны мэргэжилтнүүд хэлж байна. Тэгвэл өнгөрсөн хавар элсэлтийн ерөнхий шалгалтад Улаанбаатар хотоос 17499 сурагч орсон гэх статистик бий. Үүнээс 6911 сурагч монгол хэлний шалгалт өгсөн бөгөөд хоёрхон хүүхэд 800 буюу хамгийн өндөр оноо авсан байна. Харин 400 буюу D үнэлгээнээс дээш дүнгээр тэнцсэн 5973 сурагч байгаа бол үлдсэн 938 сурагч нь хамгийн муу буюу F гэсэн үнэлгээ авчээ. Энэ бол Монголын боловсролын тогтолцооны бодит байдлыг илэрхийлэх хамгийн энгийн жишээ.
Тэгвэл сургалтын чанар жил ирэх тусам уруудаж буйг ерөнхий боловсролын сургуулийн сургалтын арга техник, багш нарын заах арга зүй, эцэг, эхчүүдийн хараа хяналттай салшгүй холбоотой гэдгийг салбарын яамныхан өгүүлж байна.
Өөрөөр хэлбэл, сурагчдад тавьж буй эцэг, эхийн хараа хяналт сул байгаа нь сурлагын чанарын үзүүлэлт сулрахад хүрсэн гэдгийг тодотгосон юм.
Уг нь БСШУСЯ 2013 оноос боловсролын салбарын мэдээллийг нэгтгэх цахим систем нэвтрүүлэхээр ажиллаж байгаа аж. Гэвч хөдөө орон нутгийг цахим орчинд холбох, бүх мэдээл лийг нэгтгэх, тайлан тооцоо гаргахад урт хугацаа зарцуулагдаж байгаа гэж БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, бодлогын технологийн газрын мэргэжилтнүүд учирлав. Боловсролын салбарын нэгдсэн цахим систем гэдэг нь сургууль, сурагч, багш, эцэг эхчүүд болон сургалтын хөтөлбөр, чиг үүрэг, төлөвлөгөө, ажлын тайлан, хурал уулзалт зэрэг бүхий л мэдээллийг нэгтгэн төвлөрүүлж байгаа явдал. Мөн сурагчдын сурлагын талаарх мэдээллийг багтаасан байдаг аж. Эдгээр бүх мэдээллийг эцэг, эхчүүд цахим хаягаар авснаар хүүхдийн сурлагад хяналт тавих боломж бүрддэг байна.
Тэгвэл энэхүү цахим системийг ашиглан сурагчдад тавих эцэг, эх, сурган хүмүүжүүлэгчийн хараа хяналтыг сайжруулахын зэрэгцээ сурлагын чанарыг дээшлүүлж буй хэд хэдэн орон байгаа аж. Тодруулбал, Канадын Онтарио мужийн таван мянган бага сургуулийн сурагчдын унших, бичих, тоолох чадварыг 55-аас 75 хувьд болон төгсөгчдийн тоог 68-аас 85 хувь хүртэл нэмэгдүүлэхэд уг аргыг хэрэглэсэн байна. Мөн Япон, Герман, Америк зэрэг өндөр хөгжилтэй орнууд уг аргыг өнөөдрийг хүртэл боловсролын салбартаа хэрэгжүүлсээр байгаа юм.
Монгол улсын иргэдийн цахим боловсрол 15 жилээр хоцордог
Харин Монгол Улсын хувьд нөхцөл байдал эсрэгээрээ. Сардаа нэгээс хоёр удаа эцэг, эхийн хурал хийж, мэдээлэл солилцдог ч төдийлэн хангалтгүй байдаг. Ядаж л эцэг, эхийн хурлын ирц тааруу байдгийг ерөнхий боловсролын сургуулийн багш хэлж байна. Арга ч үгүй биз, хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн ихэнх нь хоногийн 24 цагийн 13-ыг нь ажил дээрээ, зургаан цагийг унтаж амрахад зарцуулдаг байна. Үлдсэн таван цагийг гэр бүлтэйгээ өнгөрүүлдэг гэсэн судалгаа гаргажээ. Ингээд бодохоор хүүхдэдээ анхаарал хандуулах цаг тун хомс.
Өнөөдөр Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн чанарт сурагч, багш нараас гадна эцэг, эхийн хяналт, оролцоо чухал байр суурийг эзлэх болсон гэдгийг дээрх тоо баримт, тооцоо судалгаа харуулж байна. Гэтэл ерөнхий боловсролын сургуульд суралцдаг хүүхдийнхээ сурлагын талаар бүрэн мэдээлэлтэй эцэг, эх тун ховор. Энэ нь багш, сурагч, эцэг, эх хоорондоо уялдаа холбоогүй байгааг илтгэх тод жишээ. Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтнүүд ч жил ирэх тусам их, дээд сургуулийн элсэгчдийн шалгалтын дүнгийн үзүүлэлт буурч байгаа нь үүнтэй холбоотой гэдгийг дуулгасан. Иймээс ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурлагын чанарыг сайжруулахад гадны орнуудын хэрэгжүүлж буй эцэг, эхчүүдийн цахим хяналт үгүйлэгдэж байна. Таван жилийн өмнөөс хэрэгжиж эхэлсэн боловсролын салбарын нэгдсэн цахим систем бүрэн ашиглалтад орвол сурагчдын чанарт ахиц гарахын зэрэгцээ хараа хяналт сайжирна гэдгийг салбарынхан онцолж буй. Гэвч төслийг хэрэгжүүлж дуусгахад тодорхой хугацаа шаардлагатай байгааг дээр дурдсан юм.
Гэхдээ энэхүү төслийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ эцэг, эхчүүдэд ойлголт өгөх нь зайлшгүй шаардлагатай байгаа юм. Ингэснээр завгүй хөдөлмөрлөж буй эцэг, эхчүүдийн хувьд ажлынхаа хажуугаар хүүхдийнхээ сурлагад хяналт тавих нөхцөл бүрдэнэ. Иймээс уг цахим хяналтын системийг даруй хэрэгжүүлэх нь нэн тэргүүний асуудал болсныг төслийн мэргэжилтнүүдэд дахин сануулъя.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй