АПУ-ийн зах зээлийн үнэлгээ 540 тэрбум төгрөгийг даваад байна

Мэдээ

Монголын хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ 2.22 их наяд төгрөгт хүрээд байна. Үнэлгээ өсөхөд "Тавантолгой", АПУ, "Говь" зэрэг томоохон компанийн зах зээлийн үнэлгээний өсөлт нөлөөлсөн байна. Одоогоор АПУ компанийн зах зээлийн үнэлгээ 540 тэрбум төгрөгийг давж, үнэлгээгээрээ тэргүүлж байгаа аж. Мөн тус компанийн нэгдэн, нийлэх хэлцэл анхаарал татсан хэвээр байна. АПУ компанийн хувьд "Heineken" болон MCS групптэй архи, шар айргийн бизнесээ нэгтгэнэ.

Мөн сүүний бизнесийн охин компани болох "АПУ Дэйри" ХХК-ийг шинээр үүсгэн байгуулахаар болоод байна. Энэхүү нэгдлийн дүнд АПУ компанийн хувьцааны 25 хувийг "Heineken", 5.19 хувийг "Mongolian Beverages Investments" компани эзэмшихээр болжээ. Нэгдэн, нийлэх үйл явц ирэх 11 дүгээр сард эцэслэгдэнэ гэж тус компанийн дотоод эх сурвалж мэдээллээ.

Үүнээс гадна АПУ компани олон улсын хөрөнгийн биржид IPO гаргахаар төлөвлөж байгаа юм байна. АПУ компани энэ онд 19.1 тэрбум ам.долларын зээлийг төлж барагдуулаад байгаа бөгөөд мөн оны эцэст 15.8 орчим тэрбум төгрөгийн зээлийг төлөх төлөвлөгөөтэй байгаагаа мэдээлсэн юм.




САНАЛ БОЛГОХ