Шинэ орон сууцны үнэ нэг ам метр нь 2 сая 157 мянган төгрөг байна

Мэдээ

Хоёр жил гаруй үргэлжилсан орон сууцны үнийн бууралт саарч, анх тооцож байсан үеийн түвшинд хүрээд буй. Есдүгээр сард орон сууцны үнийн ерөнхий индекс 1.01 нэгж болж, жилийн өмнөхөөс 0.2 хувиар буурсан байна. Гэхдээ өмнөх сараас 0.22 хувиар нэмэгджээ. Зах зээлд нийлүүлэгдсэн шинэ орон сууцны үнэ өссөн нь орон сууцны ерөнхий индекс өсөхөд нөлөөлсөн байна. Есдүгээр сарын байдлаар шинэ орон сууцны үнэ нэг метр квадрат нь өнгөрсөн оны мөн үеэс 6.18 хувиар, өмнөх сараас 3.39 хувиар өсөж хоёр сая 157 мянган төгрөг болжээ. Өнгөрсөн сард хоёр сая 90 мянган төгрөг байсан юм. Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууцны үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгинохайрхан дүүрэгт хамгийн хямд байна. Харин хоёр өрөө хуучин орон сууцны үнэ буурсан байна. Хуучин орон сууцны үнийн индекс 0.91 нэгж болжээ. Орон сууцны үнэ 2014 оны гуравдугаар сард хамгийн өндөр буюу 23.7 хувьтай гарч байсан. Харин үүнээс хойш дундаж үнэ тогтмол буурсаар байгаа юм.

Гэсэн ч ойрын хугацаанд орон сууцны үнэд төдийлөн өөрчлөлт гарахгүй төлөвтэй байгааг “Тэнхлэг Зууч” мэдээллээ. Учир нь салбарын макро түвшний бодлогод томоохон өөрчлөлт гарахгүй. Мөн ипотекийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийн хэмжээ нэмэгдэх хүлээлтгүй байгааг онцолсон юм.



САНАЛ БОЛГОХ