У.Хүрэлсүх: Би өөрөө Засгийн газрын 50 хувь

Засгийн газар

Сөрөг хүчин Шадар сайдад нэр дэвшигч Ө.Энхтүвшингээс ам асуув

Шинэ Засгийн газрын гишүүдийг өнөөдөр томилно. Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс ирүүлсэн зөвшилцөх саналд Ерөнхийлөгч Х.Баттулга хариу өгч, холбогдох Байнгын хороод шинэ сайд нарын асуудлыг шуурхайлан хэлэлцсэний эцэст УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэхэд бэлэн боллоо. Гэхдээ У.Хүрэлсүхийн бүрдүүлсэн багаас Сангийн сайдад нэр дэвшигч Ч.Хүрэлбаатарыг Ерөнхийлөгч дэмжсэнгүй. Шалтгаан нь Ч.Хүрэлбаатарыг уул уурхайн бизнест хувийн ашиг сонирхолтой гэж үзжээ.

Мөн гүйцэтгэх засаглалын гишүүд 100 хувь парламентаас бүрдэж байгаад харамсаж буйгаа илэрхийлсэн юм. Тэгэхдээ 2016 оны УИХ-ын сонгуульд МАН-аас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг заалтаар нь иш татаж, “Хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын зааг ялгааг тогтооно гэсэн чинь яалаа” хэмээн ам асуув. Харин үүнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Энэ удаа би кабинетаа УИХ-ын гишүүдээс бүрдүүлж байгаа. Ерөнхий сайд өөрөө УИХ-ын гишүүн биш. Ерөнхий сайд Засгийн газрын танхимынхаа 50 хувьтай тэнцдэг гэдэг. Ерөнхий сайд парламентын гаднаас томилогдсон учраас танхимаа УИХ-ын гишүүдээс бүрдүүлсэн.

Судалгаа хийж үзэхэд дэлхийн хөгжилтэй, хөгжлөөрөө тэргүүлж яваа улс орнууд Засгийн газраа парламентын гишүүдээсээ бүрдүүлсэн байдаг юм байна. Европт ИБУИНВУ, ХБНГУ, Азиас Япон, Сингапур, Малайз, Австрали, Шинэ Зеланд гэх мэт. Мөн Канад улс бий. Энэ улсууд Засгийн газраа парламентын гишүүдээсээ бүрдүүлж, тогтвортой ажиллуулдаг. Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг парламент дээр хамгаалж, авч гардаг. Ялангуяа, эдийн засгийн хүндрэл, бэрхшээлтэй үед Засгийн газрын гишүүдийг УИХ-аас бүрдүүлэх нь УИХ, Засгийн газрын үйл ажиллагаа, харилцааг сайжруулж, тавьсан зорилтуудаа хэрэгжүүлэхэд тус дөхөмтэй байдаг” хэмээн өөрийн шийдвэрийг хамгаалав.

Гэхдээ Засгийн газрыг байгуулах асуудлаар Ерөнхийлөгч байр сууриа илэрхийлж болох ч, шийдвэр гаргахад нөлөөлөх эрхгүй. Тиймээс Ерөнхий сайд У. Хүрэлсүх өөрийн танхимын гишүүдийг УИХ-д өргөн барьснаар өчигдрөөс эхлэн бүх Байнгын хороо уг асуудлыг хэлэлцэж эхэлсэн юм.

Байнгын хороодын хуралдааныг ажиглаж байхад сайдад нэр дэвшигчдэд тавих асуулттай гишүүн цөөхөн байлаа. Зарим тохиолдолд ямар ч асуулт, хариултгүйгээр санал хураалаа.

Харин цөөнхийн бүлгийн дарга Д.Эрдэнэбат Шадар сайдад нэр дэвшигч Ө.Энхтүвшингээс “Би таныг хэлсэн үгэндээ эзэн болдог овоо гайгүй эр хүн гэж боддог байсан. Засгийн газрын асуудал хөндөгдөж байхад та “Би сайдын төлөө энэ үйлдлийг хийгээгүй, сайд болохгүй” гэж байсан. Гэтэл хоёр хоногийн дараа байр суурь чинь эрс өөрчлөгдсөн. Яагаад хэлсэн үгнээсээ буцах болов. Намын эрх ашиг байв уу. Эсвэл таны хувийн шийдвэр үү” гэсэн юм. Харин Ө.Энхтүвшин: “Тийм ээ, би Засгийн газарт орох бодолгүй гэдгээ хэлсэн. Тиймээс бид хэнийг сайд болгох талаар шийдвэрээ гаргаад, хүргүүлсэн. Эхний ээлжинд залуучууддаа алдах, онох боломжийг нь олгоё гэсэн юм. Гэтэл хоёр хүн дээр асуудал бүтэлгүйтсэн. Ингээд нөхцөл байдал өөрчлөгдсөн. Тиймээс нөхдүүдтэйгээ “нөхцөл байдал өөр болчихлоо” гээд эргэж ярьсан. Тухайн үед өөрийнхөө анхны байр суурийн талаар ч хэлж байсан. Харин нөхдүүд юу гэж шийдсэн гэхээр “Нөхцөл байдал өөрчлөгдсөн учир асуудлаа түргэн шийдэх хэрэгтэй. Та ажил хийх, зүтгэх хэрэгтэй байна гэсэн. Тиймээс би энэ эрх ашгийн үүднээс Шадар сайдад нэр дэвшиж байгаа” гэсэн юм.

• Сангийн сайдад нэр дэвшигч Ч.Хүрэлбаатарыг Ерөнхийлөгч дэмжсэнгүй.

• Ерөнхий сайд парламентын гаднаас томилогдсон учир танхимаа УИХ-ын гишүүдээс бүрдүүлсэн.

• Ч.Хүрэлбаатар: Мэдээж улс төр хийж байгааг нь ойлгож байгаа ч Монгол Улсыг хямраасан, хямралд хүргэсэн, хуульгүй болгохыг санаархсан энэ бүх байдалтай цаашид тэмцэнэ.

Харин Ерөнхийлөгч болон сөрөг хүчний дэмжлэгийг аваагүй Ч.Хүрэлбаатараас байр суурийг нь тодруулахад “Монгол Улсын Ерөнхийлөгчтэй өнөөдөр сайдад нэр дэвшигчид уулзсан. Үүний дараа Ардчилсан намын бүлэг хуралдаж, намайг дэмжихгүй гэх мэдээлэл хийснийг харсан. Оюутолгойн гэрээг хийсэн, ЗГХЭГ-ын дарга байхдаа гэрээг УИХ-аар батлаад тендер авсан, Дубайн гэрээг хийсэн, дэмжсэн,' Рио-Тинто'-той холбож байх шиг байна. Энэ талаар албан ёсны тайлбарыг УИХ-ын чуулганы хуралдаан дээр би өөрөө хийнэ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн өгсөн бичиг дотор хүнийг гэм буруутай нь тогтоогдоогүй байхад гүтгэж болохгүй гэж хэлсэн байсан. Өөрийнхөө төмөр замын асуудлыг хэлсэн гэж би ойлгосон. Тэгсэн хэрнээ ямар нэг нотлох баримтгүйгээр дүгнэлт гаргаж байгаад нь харамсаж байна. Мэдээж улс төр хийж байгааг нь ойлгож байгаа ч Монгол Улсыг хямраасан, хямралд хүргэсэн, хуульгүй болгохоор санаархсан энэ бүх байдалтай цаашид тэмцэнэ” гэсэн юм.

САНАЛ БОЛГОХ