"Шинэ нисэх буудлын менежментийг хийх сонирхол их байна"
ЗГМ: Тодруулга
Япон улс Монголд 850 сая ам.долларын санхүүгийн дэмжлэг үзүүлнэ
“Элчин сайд ба сэтгүүлч” зангиагүй уулзалтын зочноор Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такока оролцлоо. Уг уулзалтын үеэр түүнээс зарим зүйлийг тодрууллаа.
-Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлыг та хэрхэн дүгнэж байна вэ?
-Монгол Улс нийслэл хотоосоо эхлээд маш хурдацтай хөгжиж байгаа нь баярлууштай. Гэхдээ хэт их хотжилтын улмаас нийгмийн тодорхой бэрхшээлүүдтэй тулгарч байна. Япон улс ч мөн тийм асуудалтай тулгарч байсан. Тухайлбал, агаарын бохирдол. Мөн Монгол Улсад баян, ядуугийн ялгаа их тод харагдаж байгаа нь санаа зовох зүйл. Түүнчлэн одоогийн байдлаар Монгол Улс эдийн засаг, санхүүгийн байдлаа сэргээх сорилтын өмнө байна. Мөн байгалийн баялаг арвинтай. Үүний үр дүнд эдийн засаг хурдацтай өсөж байгаа нь үнэн. Гэхдээ ОУВС-гийн дэмжлэгийг авч, хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлага үүссэн нь бас үнэн юм. Тиймээс Япон улсын зүгээс Монгол Улсад 850 сая ам.долларын санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн. Юуны өмнө Монгол Улс эдийн засгаа сэргээх чиглэлээр ажиллах нь маш чухал.
-Монгол, Япон хоёр улсын харилцаанд хамгийн ирээдүйтэй салбар нь юу вэ?
-Монгол Улсад чадварлаг боловсон хүчин их байна. Энэ нь танай орны давуу тал. Өргөн уудам газар нутаг, арвин нөөцтэй байгалийн баялаг бас бий. Иймээс Япон, Монголын иргэд хоорондын харилцааг нэмэгдүүлэх нь чухал юм. Эдийн засгийн хувьд аялал жуулчлалын салбар маш чухал. Япон, Монгол хоёр улсын хооронд ирж очиход хялбар болсон. Монгол Улсад их баялаг, үзэсгэлэнтэй байгаль бас сайхан соёл байна. Үүнийг түгээж байх нь мөн чухал. Япон, Монгол хоёрын хооронд аль аль талаасаа жилд 20 мянган хүн ирж, очиж байгаа. Цаашид иргэдийн хоорондын энэ хөдөлгөөнийг улам нэмэгдүүлэх боломжийг бий болгох ёстой. Онгоцны буудал гэдэг аливаа улсын үүд хаалга болдог. Тиймээс Хөшигийн хөндийн онгоцны буудлын ажлыг урагшлуулахыг хичээж байна. Хэдийгээр хоёр орны урлаг соёлын салбар дахь харилцаа өндөр ч бизнесийн харилцаа санасан хэмжээнд хүрэхгүй байгаа. Гэхдээ боломж бий. Өнгөрсөн жил хоёр орон эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан. Энэ хэлэлцээрийг бүрэн ашиглахын тулд монголчууд хичээх хэрэгтэй.
Монгол Улсад баян, ядуугийн ялгаа их тод харагддаг
-Японы хөрөнгө оруулагчид Монголын аль салбарт илүү сонирхолтой байдаг вэ?
-Япон бизнесмэнүүдийн хувьд сонирхол нь харилцан адилгүй. Гэхдээ Монголын дэд бүтцийн салбарт харьцангуй сонирхол өндөртэй. Тухайлбал, Хөшигийн хөндийн шинэ онгоцны буудлын менежментийн асуудлаар Японы талаас компаниудын консерциум оролцохоор сонирхож байна. Хэрэв Японы оролцоо биелвэл Хөшигийн хөндийн онгоцны буудлыг олон улсын өндөр түвшинд хүргэх боломжтой. Товчхондоо, Хөшигийн хөндийн онгоцны буудлын менежментийг япончууд хийх сонирхол их байна. Мөн Япон, Монголын сургалтын эмнэлэг ирэх жил ашиглалтад орно.
Тиймээс төрөл бүрийн эмчилгээний тоног төхөөрөмж нийлүүлэх, менежментээр хангах чиглэлээр хамтын ажиллагаа явуулах сонирхол манай компаниудад бий. Түүнээс гадна уул уурхайн салбар сонирхлын төвд байдаг. Миний бие өнгөрсөн долоо хоногт Япон улсаас ирсэн 30 орчим бизнесмэний хамт Оюутолгой компанийн үйл ажиллагаатай очиж танилцлаа. Мөн хоёр долоо хоногийн өмнө Өмнөговь аймагт очиж салхин цахилгаан станцын нээлтийн ажиллагаанд оролцсон. Тэр бол Япон, Монголын компаниудын хамтарсан төсөл. Ер нь сэргээгдэх эрчим хүчний салбар Японы хөрөнгө оруулагчдын хувьд гол сонирхол нь байх болов уу гэж найдаж байна.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй