Аж үйлдвэрлэлээ арчлах цаг

Үйлдвэржилт

Нам технологийн төгсгөл, өндөр технологийн эрин

Нам технологи мухардаж, өндөр технологийн эрин эрчээ авч байна. Дэлхий нийтээр инновацид суурилсан үйлдвэрлэлийг дэмжиж, энэ салбар дахь хөрөнгө оруулалт хил хязгааргүй өсөн нэмэгдэх болов. Дэвшилтэт техник улс орнуудын үйлдвэрлэлийн бүтээмжийг тодорхойлдог боллоо. Гэтэл манай улсын эдийн засгийн зүтгүүр болсон уул уурхай, хөдөө аж ахуйн салбар нам технологиор бүтээгдэхүүнээ үйлдвэрлэсэн хэвээр л байна. Энэ нь урт хугацааны тогтвортой өсөлтийг цаашид хангаж чадахгүй болтол нь доройтуулсаар байна. Уг нь нам технологи орчин цагийн стандартаас хоцрогдож, дараа дараагийн шинэ ололт нь үйлдвэрлэлд нэвтрэх болов.

Аж үйлдвэрлэлийн бодлогын иж бүрдэл өнөөг хүртэл эвлэж чадахгүй байгаа нь энэ. Үүнээс болж ашигт малтмалаа дэлхийн зах зээлийн үнээр нийлүүлж бараг л үзсэнгүй. Ялгаагүй малын гаралтай түүхий эдээ ч эдийн засгийн эргэлтэд бүрэн оруулж амжилгүй өдийг хүргэлээ. Аль аль нь эдийн засгийн өнөөдрийн өнгө төрхийг илэрхийлэх боловч тоон өсөлтөөс чанарт шилжсэнгүй. Өөрөөр хэлбэл, илүү үнэ цэнэтэй эцсийн бүтээгдэхүүн гарган авч чадахгүй байгаа юм. Нүүрс гэхэд зөвхөн их хэмжээгээр олборлон экспортолж байж сая ашгийн тухай ярьдаг байх жишээтэй. Үндэсний аж үйлдвэрлэл сэргэж байгаа боловч нам технологи амь голтой байсаар.

Аливаа улс орны эдийн засгийн хөгжлийн үндэс аж үйлдвэрлэлийн салбар гэж онцолсон байдаг. Өмнөд Солонгосын сэргэн мандалтын түүх ч бас үүнээс эхтэй билээ. Үйлдвэрлэл нь тухайн улсын эдийн засгийн үндсийг бүрдүүлдэг суурь төдийгүй баялаг бий болгодог. Хамгийн ойрын баримт гэвэл өмнөд хөрш. Энэ зууны бодлогыг тодотгох хэмжээнд ирээд байгаа БНХАУ өндөр технологи, инновацид суурилсан үйлдвэрлэлээр бусад улс оронтой өрсөлдөж байна.

Хөгжиж байгаа болон шинээр аж үйлдвэржиж байгаа улсууд дэвшилтэт техник эзэмших ирээдүйн ажиллах хүчээ зориуд дэмждэг болсон. Манайх дэлхийн ихэнх орны адил чөлөөт зах зээлийн тогтолцоон дахь аж үйлдвэржилтийн бодлогыг хөгжүүлэхээр оролдож ирсэн. Хэдий ийм боловч хувийн хэвшил ачааны хүндийг өдий хүртэл үүрч байна. ДНБ-ий гуравны нэгийг 2014 оноос аж үйлдвэрлэлийн салбарын нийт үйлдвэрлэл эзлэх болсон. Уг үзүүлэлтэд одоогоор дорвитой өөрчлөлт гарсангүй. Уул уурхайн олборлолт хурдацтай өсөж байгаагаас аж үйлдвэрлэлийн салбар дахь боловсруулах салбарын эзлэх хувийн жин буурах хандлагатай байна. Боловсруулах үйлдвэрлэл хумигдах нь өндөр технологи тэр хэрээр холдоно гэсэн үг. Нэмүү өртөг шингээх энэ чиглэлийн үйлдвэрлэл хөгжихгүйгээр ажил эрхлэлт, ядуурлыг шийдвэрлэнэ гэдэг улам түвэгтэй.

Монгол Улсын аж үйлдвэрлэлийн салбарыг бүтцээр нь авч үзвэл, уул уурхай, хөдөө аж ахуйн түүхий эдэд тулгуурладаг. Тэрчлэн хялбар технологи дээр суурилсан өрөөсгөл бүтэцтэй байгаа юм. Мөн экспортод гаргасан бараа бүтээгдэхүүний 80 гаруй хувийг уул уурхай дангаар бүрдүүлж байна. Тодруулбал, экспортын бүтээгдэхүүний 97 хувийг технологи төдийлэн ашиглаагүй болон нам технологийн бүтээгдэхүүн эзэлж байна. Үүнээс улсынхаа аж үйлдвэрлэлийн салбарын өрсөлдөх чадвар хэр сул байгааг шууд харж болно. Тус салбарын нийт үйлдвэрлэл энэ оны есдүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 9.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.6 их наядаар өссөн байна. Энэхүү өсөлтөд нүүрсний олборлолт болон уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.


Аж үйлдвэрийн эрчимтэй хөгжлийн үе өнгөрсөн зуунтай хамт ард үлдсэн. Харин өнөөгийн зуун мэдлэгт суурилсан өндөр технологийн үеийг эхлүүлээд байна. Улс болгон хоорондоо өрсөлдөж, зах зээлийн боломжоо гартаа атгахаар уралдаж буй. Дэлхийн аж үйлдвэрлэлийн хөгжилтэй харьцуулахад, манай улс дэндүү хоцорсон. Тиймээс тоосонд нь дарагдахгүйн тулд араас нь нэхэх хэрэгтэй байгаа. Аж үйлдвэрийн яамаа татан буулгасан ч үйлдвэржихгүй бол хөгжихгүй гэдэг нь нэгэнт тодорхой болж хувирлаа. Тиймээс ядаж дотоодын зах зээлд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх шаардлага тулгарч байна.

Манай улсын хувьд түүхий эдийн бэлтгэл, нийлүүлэлт эмх замбараагүй. Тэрчлэн бүтээгдэхүүний чанар тогтвортой нэг түвшинд бус байнга хэлбэлзэж байна. Үүнээс шалтгаалан гадаад болон дотоодын хэрэглэгчдийн итгэлийг тэр бүр хүлээж чадахгүй байгаа сул тал бий. Эдийн засгийн өсөлтийн 20 гаруй хувийг аж үйлдвэрийн салбар бий болгодог. Задалж харвал, олборлох болон боловсруулах үйлдвэрлэлийн жин их. Ялангуяа, сүүлийн жилүүдэд уул уурхайн олборлолтын салбарын эзлэх хэмжээ тэлж байна. Энэ нь “Оюутолгой”-н зэсийн баяжмалын үйлдвэрлэл өссөнтэй холбоотой аж. Бас олборлох үйлдвэрлэл нь хүдэр, баяжмалын бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс хэтрэхгүй байна. Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогыг гурван жилийн өмнө баталсан. Ингэснээр 2030 он хүртэлх замын зураглал тодорсон хэдий ч өндөр технологийн эринтэй хөл нийлүүлж хараахан чадахгүй байна.

МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн багш Г.Төгөлдөр “Төрөөс олборлох үйлдвэрлэлийн салбарт суурилсан боловсруулах үйлдвэрлэл, хими технологийн үйлдвэрлэлийг дэмжих шаардлагатай” хэмээн өгүүлж байсан удаатай. Олборлох салбарын бүтээгдэхүүн гаргалтыг нэг хувиар нэмэгдүүлэхэд манай улсын ДНБ 0.34 хувь, боловсруулах салбарыг мөн адил нэг хувиар нэмэгдүүлэхэд ДНБ 0.59 хувиар өсөх тооцоолол бий. Олборлох салбарын өсөлтөөс илүү боловсруулах салбарын өсөлт ДНБ-д нөлөөлөхөөр байна. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Эдийн засгийн тусгаар тогтнол аж үйлдвэржилт, хүнд үйлдвэрээс эхэлдэг” гэж Аж үйлдвэрийн сайдаасаа огцорхоосоо өмнө тодотгож байв. Мэдлэгийг баялаг болгож, өндөр технологийг эзэмшсэн орнууд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Уг замаар замнахын тулд нам технологио халж, инноваци шингэсэн өндөр технологийг аж үйлдвэрийн салбартаа нутагшуулах үлдлээ.

САНАЛ БОЛГОХ