Өвчлөлд хүргэсэн их хотын цэвэрлэгээ
Амьдралын хэв маяг
Нэг удаа шүүрдэхэд агаар дахь тоосжилтын хэмжээ 3-4 дахин ихэсдэг
Их хотын хөл хөдөлгөөн шороо, тоос бужигнасан цэвэрлэгээтэй зэрэгцэн эхэлсээр олон жилийг үджээ. Ажил, сургуульдаа явахаар автобусны буудалд ирсэн хэн бүхэн манарсан их тоос шороон дунд хутгалдан уусна. Хотыг цэвэр цэмцгэр байлгах үүрэгтэй ТҮК-ийнхан ажилдаа гарсан нь энэ. Харамсалтай нь, тэдний хөдөлмөр бусдын эрүүл мэндэд заналхийлсэн хэвээр. Бид ч энэ байдалдаа дасал болох шинжтэй. Агаарын бохирдол, тэр дундаа тоосжилт жилийн аль ч улиралд бүрэн арилдаггүй нь иргэд харшилтай болох нэг шалтгаан болдог. Тоосжилт нь хамрын салстыг гэмтээдэг төдийгүй нүдний бүрхэвчинд ч сөргөөр нөлөөлдөг хор уршигтай.
Харин хотын гудамжинд тоос шороо их босож байгаа нь цэвэрлэгээ, арчилгаатай холбоотой гэдгийг Арьсны өвчин судлалын үндэсний төвийн харшлын их эмч Б.Нандинцэцэг хэлсэн юм. Газрын гадаргууг нэг удаа шүүрдэхэд агаар дахь тоосжилтын хэмжээ энгийн үеийнхээс 3-4 дахин ихэсдэг байна. Үүний үр дүнд Улаанбаатар хотын тоосжилтын хэмжээ өдөрт 131-162 метр куб буюу олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хэмжээнээс даруй 2-3 дахин давжээ. Өвөл, хаврын улиралд хотын тоосжилтын хэмжээ дээд цэгтээ хүрдэг гэсэн судалгааг нийслэлийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд гаргаад байна. “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын гудамж, талбайн арчлалтын үйлчилгээний ажилтнууд өглөөний 08.00 цагт албан байгууллагуудтай зэрэгцэн ажлаа эхэлдэг. Ингээд автобусны буудал дээр унаа хүлээн зогсох олныг шороо тоосоор дарах шиг болно.
Гэхдээ ажлаа хийж буй хүмүүсийг буруутгахыг хүссэнгүй. Тэд хүйтэнд хөрч, халуунд халж, хотын хамаг муу муухайтай зууралдаж яваа улс. Харин ажлын цагийн хуваарьт өөрчлөлт оруулах замаар энгийн иргэд тоосонд булуулах хэцүү асуудлыг зохицуулж болмоор санагдана. Хэрэв тэдний ажилдаа гарах хугацааг нэг цагаар наашлуулчихвал хүмүүс ажил, сургуульдаа явж эхлэх үед цэвэр цэмцгэр гудамж, талбай угтана. Тэд ч олны дунд тоос бужигнуулж, хүмүүсийн дургүй хүргээд байхгүй. Ажлын цагт иймэрхүү зохицуулалт хийх боломжийн талаар “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын Тохижилт, үйлчилгээний албаны дарга Ш.Ганчулуунаас тодруулахад боломжгүй гэж хариулав. Тэрбээр “Зуны улиралд өглөө 07.00, өвөл 08.00 цагт ажлаа эхэлдэг. Энэ нь албан байгууллага, иргэдийн ажлын цаг эхлэхтэй зэрэгцэхгүй” гэснээс өөр тайлбар хэлсэнгүй.
ХАРШЛЫН ЭМ БАЙНГЫН ХЭРЭГЛЭЭ БОЛЖЭЭ
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас хийсэн судалгаагаар хотын иргэдийн 68.3 хувь нь агаар болон орчны бохирдлоос шалтгаалан харшилд нэрвэгджээ. Энэ тоо цаашид өсөж болзошгүй гэж эрүүл мэндийн байгууллагынхан сануулж байна. Хөгжилтэй орнуудын жишгээс харахад хот суурин газрын 20-иос доошгүй хувьд ногоон байгууламж байгуулж, иргэдээ ямар нэг өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг. Гэтэл манай улсад энэ үзүүлэлт 2-3 дахин бага. Иймээс ядаж хотын арчлалт, цэвэрлэгээ, үйлчилгээний ажилтнуудын цагийн хуваарийг өөрчилбөл их тоостой нүүр тулахаа больж, харшилд дарлуулсан иргэдэд бага ч атугай нэмэр болохсон. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр жил бүр манай гарагийн нийт хүн амын 5-30 хувь нь харшлаар өвчилдөг байна.
Харин энэ дүр зураг Монгол Улсад хэд дахин өндөр үзүүлэлттэй гарсан. Нэг нас ч хүрээгүй нялх үрсээс авхуулаад өтөл буурлууд гээд бүх насныхан амьсгалын замын өвчнөөр өвчилж, харшлын эм хэрэглэж байна гэхэд хэтрүүлэг болохгүй. Нэг ёсондоо ханиад томуунаас гадна амьсгалын замын бүх өвчлөл харшлаас үүдэлтэй гэдгийг харуулж байгаа юм. РМ 2.5 буюу 10 микрометрээс бага хэмжээтэй нарийн ширхэглэгт тоосонцор хүний эрүүл мэндэд илүү аюул учруулдаг. Тоосонцор нь уушгин дахь цусны эргэлтийн агаар солилцдог гүн хэсэгт тогтож, уушги болон зүрхний өвчлөлөөр нас барах шалтгаан болдог байна. Тиймээс агаар дахь тоосонцрын хэмжээг багасгахын тулд хотын цэвэрлэгээ, арчлалтын ажлыг үүр цайхтай зэрэгцэн 04.00-05.00 цагийн хооронд хийдэг болмоор байна. Угаас олон улсын жишиг ийм. Энэ нь иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, хотын цэвэр цэмцгэр байдлыг хадгалдаг гэж үздэг байна.
Ялангуяа Бельги, Герман улсад тус цагийн хуваарийг хатуу мөрддөг аж. Мөн Солонгос улсад ч гэсэн хотын хөл хөдөлгөөн эхлээгүй байхад арчлалт, үйлчилгээний ажилтнууд цэвэрлэгээ хийдэг. Энэ мэт үлгэр дуурайл болохуйц олон жишээ байна. Эрүүл мэндийн байгууллагынхан үүнд нэн даруй анхаарлаа хандуулж, дорвитой арга хэмжээ аваасай билээ. Тэгэхгүй бол утааны эсрэг дайн харшлаар хүрээгээ тэлж, жилийн дөрвөн улиралд өвчилсөөр бүтэн уушгитай хүн үлдэхгүй нь.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй