Санхүүгийн эрэлттэй аппликэйшнүүд
Fintech буюу санхүүгийн технологийн программ хангамжийн ачаар ухаалаг утастай ямар ч хэрэглэгч зээл, Р2Р, цахим худалдаа, даатгал, необанкны үйлчилгээ хүртэх боломж бүрдлээ. Энэ онд харьцангуй хэрэглээ сайтай байгаа зарим аппликэйшнийг сонирхуулья.
Lemonade
Lemonade старт-ап компани даатгалын үйлчилгээ хэмээх түвэгтэй ажлыг та бидний өдөр тутам хэрэглэдэг дурын мобайл программ хангамжийн адил хялбарчлах зорилго тавьжээ. Анх 2016 онд үүссэн тус компани үл хөдлөх хөрөнгө, автомашины даатгал зэрэг хугацаа шаарддаг ажлыг хиймэл оюуны тусламжтай хэдхэн минутад гүйцэтгэхээр төлөвлөсөн юм. Хүчин чармайлтын дүнд Lemonade аппликэйшн ашиглан 90 секундэд даатгал хийж, гуравхан минутын дотор даатгалын төлбөр авах боломж бүрдлээ. Одоогоор Lemonade-ийн үйлчилгээ зөвхөн АНУ-ын Нью-Йорк, Иллинойс зэрэг цөөн муж улсад л нэвтрээд байна. Даатгуулах ажиллагааг нь товч тайлбарлавал, хэрэглэгч гар утасны Lemonade программд амьдардаг газрынхаа хаягийг бүртгүүлж, хэд хэдэн асуултад хариулна.
Хариултыг хиймэл оюун ухаан боловсруулж, гарсан дүнгийн дагуу танд тохирсон даатгалыг сонгож өгнө. Хэрвээ хэрэглэгч өөр компанид даатгалтай бол Lemonade илүү ашигтай нөхцөл бүхий үйлчилгээ санал болгоно. Шинэ даатгалд хамрагдахад бичиг цаас болох шаардлагагүй, бүх ажиллагаа нь дижитал хэлбэрээр хийгдэнэ. Уг программыг ашиглан даатгалаа ашиглах хэрэг гарсан тохиолдолд тэр даруй нөхөн төлбөр авах боломжтой. Мөн уг программыг ашиглан мөнгөн хандив ч өргөж болно.
Clarity Money
Хувийн санхүү хөтлөхөд зориулсан программ хангамжийн салбарт цаашид шинэ санаа нэгэнт байхгүй болсон гэх улиг ойлголтыг Clarity Money эвдлээ. Ердөө 2017 оны нэгдүгээр сард гарсан энэхүү аппликэйшн Webby Awards хэмээх нэр хүндтэй шагнал хүртсэн төдийгүй хоёр ч угсраа санхүүжилтээр 14.5 сая ам.долларын хөрөнгө оруулалт татжээ. Зах зээлд өөрсдөд нь өрсөлдөгч хараахан байхгүй байгааг тус компанийн захирал Адам Делл өгүүлсэн. Энэ программыг ухаалаг утсандаа суулгаж банкны карттайгаа холбож өгвөл хиймэл оюун ухаан таны зөвлөх болж хувирна. Учир нь Clarity Money аппликэйшн хэрэглэгчийнхээ зардлыг хэмнэх ажилд хиймэл оюун болон машин суралцахуйн технологи ашигладаг. Уг программ бас хадгаламжийн данс нээхэд хүртэл тусална.
Энэ оны эхний хагасын байдлаар Clarity Money бараг 10 тэрбум ам.долларын зардалд дүн шинжилгээ хийж, өөрийнхөө хэрэглэгчдэд дунджаар 300 ам.долларын хэмнэлт гаргаж өгчээ. Энэ программ хангамж таны аль дээр үед нээгээд мартчихсан, одоо төлбөр хийгдсээр байгаа захиалгыг (жишээ нь, Netflix, Apple Music-д бүртгүүлсэн бүртгэл) илрүүлэн цуцалж чадна. Өөрийн тань төлөх ёстой зээлийн санхүүжилтийн арга хэрэгсэл, төлбөр хийх үед гаргаж болох хэмнэлтийг ч мөн зааж өгнө. Мөн та байнга үйлчлүүлдэг он-лайн үйлчилгээгээ хэрхэн хямд төсөр ашиглах аргыг уг программаас лавлаж болно.
Zelle
Zelle бол Р2Р буюу пирингийн (peering) сүлжээний шуурхай зээлийн үйлчилгээ. Мөнгөн гуйвуулгыг тэр дор нь хийх чадвартай энэ үйлчилгээг эрхлэгч компани 20 гаруй том банктай түншийн харилцаатай. Шуурхай, найдвартай Р2Р технологийн ачаар Visa, Mastercard-ийн төлбөрийг шууд хийж болно. Zelle нь зөвхөн 2016 онд нийт 55 тэрбум ам.долларын хэмжээтэй 170 сая удаагийн Р2Р төлбөр гүйцэтгэжээ. Уг аппликэйшнээр төлбөр хийхэд гар утас болон цахим шуудангийн дугаар байхад хангалттай. Гар утсаар тэр дор нь мөнгө шилжүүлдэг Zelle-гийн ойрын өрсөлдөгч нь PayPal, Venmo, Square Cash. Уг программыг хэрэглэгчийн тоо удахгүй 100 сая давах гэж байна. 2017 оны байдлаар АНУ-ын том банкууд бараг бүгд Zelle-гээр мөнгө дамжуулах боломжтой болсон.
Starling Bank
Их Британид үүсээд буй необанкны нэг нь Starling Bank. Энэ программын ачаар банкны үйлчилгээг банкны аль нэг салбарт очилгүйгээр гар утсаа ашиглан авах нөхцөл бүрджээ. Ижил төрлийн бусад программаас ялгарах гол онцлог нь Amazon Alexa “дуут туслагч” ашиглан банкны үйлчилгээг ашиглаж болдог явдал. Хөгжүүлэгч компани нь цаашид аппликэйшнээ Google Home, Siri зэрэг бусад төрлийн “дуут туслагч”- тай нэгтгэхээр зорьж байна. Үйлчлүүлэгчид нь олон улсын мөнгөн шилжүүлгийн шуурхай үйлчилгээ нэвтрүүлэх зорилгоор Их Британийн санхүүгийн технологийн өөр нэг компани-TransferWise тус банктай гэрээ байгуулаад байгаа юм. Мөнгөн шилжүүлгийг агшин зуур гүйцэтгэх Faster Payments технологийг Starling Bank ашигладаг. Тус банкны гүйцэтгэх захирал Жулиан Сойер банкны картыг үйлчлүүлэгдэд дроноор хүргэх үйлчилгээний зөвшөөрөл авахаар Их Британийн Засгийн газар, иргэний нисэхийн удирдлагатай яриа хэлэлцээ өрнүүлж байна.
Amazon Cash
Amazon Cash нь цахим худалдааны аварга-Аmazon компаний санхүүгийн технологийн аппликэйшн, мобайл төхөөрөмжид суулгаж ашигладаг мобайл түрийвч, бэлгийн карт. Amazon Cash хэрэглэе гэвэл тус компанийн зориулалтын сайтад нэвтэрч баркод бүхий SMS мессеж хүлээн авах хэрэг гарна. Хэрэглэгч хожим нь Amazon-ы хөтөлбөрт хамрагддаг дэлгүүрийн кассанд баркодоо үзүүлж төлбөр хийнэ. Худалдагч баркодыг хуулбарлан шалгаж үйлчлүүлэгчийн Amazon Cash-ийн балансаас төлбөр суутгана. Нэг удаад 15-500 ам.долларын гүйлгээг ямар ч нэмэлт шимтгэлгүй хийж болно. Amazon.com-оос наймаа хийх тохиолдолд Amazon Cash, бэлгийн карт хоёрт ямар ч ялгаа байхгүй. Уг аппликэйкшний ачаар онлайн худалдаа хийхэд банкны мэдээлэл оруулах болон бэлгийн карт ашиглах хэрэггүй болж байгаа юм. Аmazon Cash-ийг энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн нэвтрүүлсэн ч АНУ-ын эмийн дэлгүүрүүд, Speedway шатахуун цэнэглэх станц зэрэг худалдаа үйлчилгээний том сүлжээнүүд уг хөтөлбөрт хэдийнэ хамрагджээ.
Daily Change
Daily Change өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхлэн хэрэглээнд нэвтэрсэн аппликэйшн. Энэ программ нь халаасны мөнгөө хэмнэх аргыг зугаатай тоглоомын хэлбэрээр зааж сургана. Жишээ нь, савласан ус худалдаж авахын оронд цоргоны ус уугаад байвал, мөн хоолны газарт орохгүй гэрээсээ идэх юмаа авч яваад байвал хэдийг хэмнэх вэ гэх мэт. Мөн төлөх ёстой төлбөр, хадгаламжийн дансан дахь мөнгө тань хэдий хэр байгааг хэлж өгнө.
Trigger
Trigger нь таны сонгосон хувьцааны үнийн өөрчлөлт, ашиг орлогын тайлан, компанийн арга хэмжээ, нэр алдартнуудын талаарх мэдээллийг сануулах үүрэгтэй мобайл платформ юм. Мэдээлэл гаргаж харуулах хэлбэрээрээ твиттертэй төстэй энэ аппликэйшний тохиргоог хэрэглэгч өөрийн үзэмжид нийцүүлэн хувиргаж болно. Анх 2015 онд гарсан Trigger нь АНУ- ын Ерөнхийлөгчийн сүүлчийн сонгуулиас хойш алдаршсан. Трамп олон нийтийн сүлжээнд үлдээж буй бичлэгтээ тодорхой хувьцаат компанийн талаар дурдах тохиолдол бүрийг америкчууд Trigger-ийн ачаар дор нь мэдэж байлаа. Хэрэг дээрээ ийм тохиолдол бүр зах зээлийг цочроож, хувьцааны үнийг өөрчилж байжээ.
Jetty
Энэ оны дөрөвдүгээр сард хэрэглээнд нэвтэрсэн Jetty одоохондоо онлайн платформ байдлаар ажиллаж байна. Хөгжүүлэгчид нь уг платформыг удахгүй мобайл аппликэйшн хувилбартай болгох гэж буй. Jetty нь орон сууц түрээслэгч, түрээсийн үл хөдлөх хөрөнгө эзэмшигчдэд даатгалын үйлчилгээ үзүүлдэг. Энэхүү платформ үл хөдлөх хөрөнгийг тань “гал түймэр, хулгай дээрмээс төдийгүй цаг хугацаа, мөнгөө үр дүнгүй үрэхээс ч хамгаална” хэмээн хөгжүүлэгчид нь твиттерт тайлбарлажээ. Jetty нь даатгалын уламжлалт үйлчилгээнээс гадна үйлчлүүлэгчдэдээ батлан даагч, эсвэл барьцаа орлодог Jetty Passport хэмээх шинэ үйлчилгээ нэвтрүүлжээ. Энэхүү старт-ап компанид Ribbit Capital зэрэг хэд хэдэн хөрөнгө оруулагч дөрвөн сая ам.доллар оруулаад байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй