Монголбанк: Инфляц 8 хувийн зорилтот түвшинд хадгалагдана

Мэдээ

Монголбанк өмнөх төсөөллөөс инфляцын таамаглалыг буурууллаа. Үүнд боловсролын үйлчилгээ, мах, нефтийн бүтээгдэхүүний үнийн инфляцад үзүүлэх нөлөө буурсан нь голлон нөлөөлжээ. 2017 оны наймдугаар сарын гүйцэтгэлээр Улаанбаатар хотын сарын инфляц 1.3 хувьтай гарч, жилийн инфляц 5.4 хувьд хүрсэн нь наймдугаар сард огцом нэмэгддэг сарын онцлогтой нийцтэй байна. Эдийн засаг хүлээлтээс давж өссөн нь эрэлтийн инфляцыг нэмэгдүүлэх хандлагатай байгаа ч байгаль, цаг агаарын төлөвтэй холбоотой хүнсний ногоо, гурилын үнэд шингэсэн нийлүүлэлтийн шалтгаантай инфляц нэмэгдэж байна. Мөн хэрэглээний сагсны өөрчлөлт болон татварын өсөлттэй холбоотойгоор дөрөв, тавдугаар сард ажиглагдсан үнийн өсөлт хадгалагдсаар байна.

Ирэх улирлуудад импортын бараа, хүнс, шатахууны үнийн өсөлт инфляцад голлон нөлөө үзүүлэхээр байна. Шатахуун, дизель түлшний албан татварын өсөлт 2017 оны аравдугаар сараас шатахууны үнийг нэмэгдүүлэх бол махны үнэ улирлын онцлогоо даган 2017 оны сүүлийн хагаст буурах хүлээлттэй байна. Харин дэлхийн зах зээлд хүнсний үнэ өсөх төлөвтэй байгаа нь махнаас бусад хүнсний бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлэхээр байгаа ажээ.

Эдийн засгийн өсөлт 2018 онд сайжирч байгаа нь инфляцыг нэмэгдүүлэх нөлөө үзүүлэх хэдий ч төгрөгийн ханш харьцангуй тогтвортой, өрхийн өрийн дарамт өндөр байгаагаас инфляц төдийлөн хүчтэй нэмэгдэхгүй гэсэн төсөөлөлтэй байна.




САНАЛ БОЛГОХ