Мацаж буй махны экспорт

Хөдөө аж ахуй


Махны экспортын орлого хэдийнэ 60 тэрбум төгрөгийг давчихаад байна

Малынхаа махыг мөнгө болгох монголчуудын хүсэл биелж эхлэв. Махны экспортын орлого хэдийнэ 60 тэрбум төгрөгийг давчихаад байна. Гаалийн ерөнхий газрын мэдээллээр энэ оны эхний есөн сард Монгол Улс 25.2 сая ам.долларын мах, махан бүтээгдэхүүн экспортолжээ. Энэ нь олон жилийн дээд үзүүлэлт төдийгүй өмнөх дүнгүүдийг хэд нугалсан өсөлт. Тухайлбал, махны экспорт харьцангуй сайн байсан өнгөрсөн оныхтой харьцуулахад өнөөгийн үзүүлэлт гурав дахин өндөр байна. Цаашлаад 2014 оныхоос бараг 10, 2015 оныхоос даруй 4-5 дахин өндөр болохыг албан мэдээллээс харж болно. Мах тойрсон өсөлт ингээд дуусахгүй. Хонь болон ямааны махны экспорт одоогоор найм дахин өсчихөөд байна.

Сүүлийн жилүүдэд тогтмол уруудсан махны экспорт ийнхүү мацаж эхлэв. 2017 он махны салбарынханд амар жил байгаагүй. Манай улсын хөдөө аж ахуйн салбарын түшиц нутаг болох Дундговь, Сүхбаатар, Хэнтий, Дорноговь зэрэг аймагт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарч, хил хорио тогтоосон юм. Хийсч ирсэн халдварт өвчний улмаас манай худалдан авагчид ч анхаарлын дохио асааж, махны экспортыг түр зогсоосон. Үүнээс үүдэн Монголын эдийн засгийн нэг найдвар болсон энэ төрлийн бүтээгдэхүүний экспортод бараан төсөөлөл давамгайлж эхэлсэн юм.

Харин оны эхний есөн сарын дүнг үзвэл махны экспорт итгэл дагуулсан үзүүлэлттэй угтаж байна. Махны худалдаа тойрсон тоо үзүүлэлтүүд үлэмж хэмжээгээр огцом өсчээ. Уг өсөлт адууны махны экспортод хамгийн тод ажиглагдсан. Махны экспортын нийт орлогын 80 хувийг зөвхөн адууны мах бүрдүүлжээ. Энэ онд адууны махны экспорт ойролцоогоор хоёр дахин өсөж, 20 сая ам.доллар давсан байна. Адуу битүү туурайтай амьтан учраас шүлхийн аюулаас харьцангуй хол. Тиймээс энэ төрлийн махны экспорт эрүүл ахуйн хоригийг тойрч, гадаад зах зээлд чөлөөтэй гарчээ.

Махны экспорт өнгөрсөн оныхоос гурав дахин өсөж, 25.2 сая ам.долларт хүрэв
Мөн энэ онд махны шинэ зах зээлүүдийн үүдийг нээж, “Мах, сүүний анхдугаар аян” эхлүүлсэн нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдаанд хөшүүрэг болсон. Тодруулбал, өнгөрсөн долдугаар сараас Монгол Улс Иран улс руу хонины мах экспортолж эхэлсэн юм. Манай Eco food trading, Darkhan meat foods болон “Мах маркет” компани Исламын Бүгд Найрамдах улс руу нийлүүлэлт хийж байна. Мөн зах зээлээ тэлэхээр Вьетнам улсад мах нийлүүлэхээр зэхэж байгааг ч дурдах нь зүйтэй. Үүнээс гадна махны уламжлалт зах зээл болох ОХУ, БНХАУ, Япон, Казахстанд экспорт хийж байна. Гэхдээ малын гоц халдвар өвчин гарсны улмаас урд хөршийг чиглэх хонь, ямаа, үхрийн махны экспорт түр хоригт өртсөн. Одоогоор боловсруулсан болон адууны мах Хятад улсыг зорьж байна. Манай махны экспортын хамгийн том худалдан авагч өмнөд хөрш нийт орлогын дийлэнхийг бүрдүүлж байгаа юм. Тус улс адууны махнаас гадна дулааны аргаар боловсруулсан бүтээгдэхүүний импортоо нэмээд буй.

Үүнээс үүдэн энэ аргаар боловсруулсан махны худалдаа ч тэлжээ. Өнгөрсөн оны өдийд манай улс дулааны аргаар боловсруулсан 980 тонн мах экспортолж байсан бол энэ оны есдүгээр сарын байдлаар хоёр дахин өсөж, 1800 тонныг давжээ. Дулааны аргаар боловсруулсан мах нь нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн учраас үнийн хувьд харьцангуй өндөр байдаг байна. Тиймээс өдгөө тавд хүрээд буй дулааны аргаар мах боловсруулдаг үйлдвэрийн тоог нэмэх бодлого баримталж байна. Энэ сарын эхээр БНХАУ-ын эрх бүхий байгууллагын төлөөлөгчид мах худалдан авахаар манай долоон аймгийн 36 үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан.

Улмаар Хятадын тал хянан магадлал хийж, хариу илэрхийлэх аж. Үүнээс гадна Монгол Улсын Засгийн газраас тусгай бүс байгуулахаар болсон. Монгол Улс газар нутгаа гурван бүсэд хуваан, мах экспортолж байгаа. Гэхдээ эдгээр бүсээ дотор нь дахин хязгаарлалт тогтоож, тусгай бүс байгуулахаар болсон. Ингэснээр малын гол халдварт өвчнөөс сэргийлж, махны экспортыг тогтвортой түвшинд барих боломжтой гэж үзэж байна. Гэхдээ энэ салбарт өнөөг хүртэл толгойн өвчин болж буй нэг зүйл бий. Энэ нь санхүүжилт. Манайд махны чиглэлийн 50 гаруй үйлдвэр бий. Гэвч эргэлтийн хөрөнгөгүйгээс өдгөө тал нь л үйл ажиллагаа явуулж байна. Хэрэв эдгээр үйлдвэрийг санхүүгээр тэтгэн, хөл дээр нь дахин босговол махны экспортын боломж илүү ч нэмэгдэж таарна. Тиймээс махны үйлдвэрүүдийн зүгээс үйл ажиллагаагаа тогтвортой явуулахын тулд урт хугацаатай зээл авах хүсэлтэйгээ илэрхийлж байна. Салбарын яам, мэргэжлийн холбоод ч тэдний хүсэлтийг хүлээн авахын зэрэгцээ эх үүсвэрийн эрэлд гараад байгаа ажээ.

САНАЛ БОЛГОХ