Цагаан хорыг “номхотгох” ерөндөг

Нийтлэлчийн булан


Сахарын хэрэглээг татвараар бууруулах боломжтой


Амттан өрсөн лангууны хажууд хошуугаа цорвойлгох хүүхдээ өрөвдөж, өхөөрдсөндөө найр тавих тохиолдол бишгүй л гардаг. Бид хүүхдэдээ чихэр хортой гэж өдөр бүр үглэх хэрнээ өөрсдөө авч өгөөд байдаг сонин хэвшилтэй улс. Хүүхдээ баярлуулна гээд уут дүүрэн чихрээр “хордуулах” тун дуртай. Монголчууд глюкоз буюу сахарыг гурван цагаан хорын нэг гэдэг нь учиртай. Сахар их хэрэглэх нь XXI зууны тахал гэх гуншинтай таргалалтын нэг эх үүсвэр болдог. Чихэр ихтэй амттан, ундаанд хүний биед хэрэгтэй шим тэжээл тун бага хэрнээ илчлэгийн хэмжээ үлэмж. Сахарын хор уршиг болон ашигт чанарыг харьцуулбал тэмээ, ямаа гэсэн үг.

ИЛҮҮДЭЛ ЖИНГИЙН “ДАРЛАЛ”
Дөчин жилийн өмнө дэлхий дээр 100 сая хүн илүүдэл жинтэй байсан бол 2016 оны байдлаар энэ тоо бараг долоо дахин нэмэгдэж 671 саяд хүрсэн байна. Ялангуяа, хүүхдүүдийн таргалалт 10 дахин нэмэгдсэн нь улс орнуудад аюулын харанга дэлдсэн гэсэн үг.

Хүүхдүүд илүүдэл жинтэй байна гэдэг ирээдүйд эрүүл мэндийн салбарт, цаашлаад эдийн засагт ч асар их бэрхшээл дагуулдаг тул яаралтай арга хэмжээ авахыг олон нийтийн байгууллагууд ч шаардаж эхэлсэн. Илүүдэл жинтэй байх нь чихрийн шижин, зүрхний шигдээс зэрэг амь насанд аюултай, архаг өвчин тусах магадлал өндөр. Харин өдөрт 1-2 сав чихэртэй ундаа хэрэглэдэг хүн эдгээр өвчинд нэрвэгдэх эрсдэл даруй 26 хувиар нэмэгддэг аж. АНУ-ын Туфтсын их сургуулийн эрдэмтэд дэлхийд 100 нас баралт тутмын нэг нь сахараас үүдсэн таргалалт, түүнээс улбаалсан өвчнөөс шалтгаалдаг гэж үзжээ. Жилд 184 мянган хүн сахарын хэт их хэрэглээнээс амиа алддаг байна.

Харин үүний 76 хувийг дунд болон бага орлоготой орнуудад тохиолддог гэсэн судалгаа гаргажээ. Энэ жагсаалтыг Мексик улс жилд 24 мянга гэсэн тоогоор тэргүүлдэг аж. Сахарын хэт их хэрэглээ нь таргалалтын гол шалтгаан гэдгийг илтгэх нотолгоо тун олон. Тухайлбал, өөрсөд дээрээ жишээ авъя. Монголчуудын хувьд сүүлийн жилүүдэд мөн л дээр дурдсантай адил дүр зураг харагдаж буй. Монголчуудын 54.4 хувь нь илүүдэл жинтэй, 19.7 нь хэт тарган гэсэн судалгаа бий. Өөрөөр хэлбэл, хүн амын тал нь илүүдэл жинтэй бол ойролцоогоор тавны нэг нь хэт тарган гэсэн ангилалд багтаж байгаа нь харамсалтай.

Энэ дунд амттанд дуртай эмэгтэйчүүд жин дарж, 69.3 хувийг эзэлж байна. Харин 2016 оны Хүн амын хүнсний бодит хэрэглээний судалгаанаас харахад 15-44 насны эмэгтэйчүүдийн чихэр амттан, ундааны хэрэглээ бусдынхаас 2-3 дахин их гэсэн дүн гарчээ. Уг судалгаанаас монголчууд өдөрт 11 гр амттан, чихэртэй ундаа хэрэглэдэг гэсэн тооцоог харж болно. Харин яг өдөрт хэдэн гр сахар хэрэглэдэг талаар нарийн тооцсон судалгаа манай улсад алга. Гэхдээ өөрийнхөө сахарын хэрэглээг өдөрт иддэг амттанаар тооцож болох юм. Өдөрт 26 гр сахар хэрэглэхийг дундаж үзүүлэлт гэж олон улсад тооцдог.

Бидний өргөн хэрэглэдэг зарим амттанг хэмжиж үзвэл 750 гр жүүсэнд 82 гр, 100 гр зөөлөн чихэрт 91, 270 грамм жигнэмэгт 112 гр сахар агуулагдаж байна. Өдөрт эдгээр амттанаас нэгийг л иддэг бол сахарын хэрэглээ ихтэйд тооцогдоно. Ингэж үзвэл, бидний ихэнх нь, ялангуяа хүүхдүүдийн сахарын хэрэглээ тун өндөргарч байна. Зөвхөн чихэр, жимс идсээр байгаад тураалд орж, эмнэлэгт хэвтсэн хүүхдийн тухай ч сонсож байлаа.

ДАВХАР АШИГТАЙ ТАТВАР
Тэгвэл эрүүл мэндэд ноцтой аюул учруулж, үхэл тарьдаг цагаан хорыг хэрхэн багасгах вэ. Хортой гэдгийг нь мэдсээр байж идсээр байдаг амттай хорыг хэрхэх вэ. Үүний хариултыг Данийн улстөрчид 90 орчим жилийн өмнө олж, өдгөө дэлхийн хамгийн сайн эрүүл мэндийн системтэй орноор тодроод байна. Тус улс 1930 онд чихэртэй ундаанд анх удаа онцгой татвар ногдуулжээ. Учир нь жүүс, гаазтай болон чихэртэй ундаа хамгийн их сахарын орцтой бөгөөд хүн амын дундах хэрэглээ нь маш өндөр байдаг аж.

Хэт таргалалтад нэрвэгдсэн орнууд үүнийг үр дүнтэй арга хэмээн үзэж, 2011 оноос Финлянд, Унгар, Франц, Хятад, Мексик зэрэг орон нэгджээ. Одоогоор чихэртэй ундаанд онцгой татвар ногдуулдаг улсын тоо 20 гаруйд хүрснийг ДЭМБ-ын төлөөлөгч Фиона Булл онцолсон байна. Хамгийн сүүлийн жишээ гэвэл, Нэгдсэн вант улсын парламент өнгөрсөн жил 100 гр ундаанд агуулагдах сахарын хэмжээ нь таван гр-аас их байвал татвар ногдуулах төлөвлөгөөг олон нийтэд танилцуулсан юм. Ирэх жилээс хэрэгжих уг татварыг нийт иргэдийн 69 хувь нь дэмжжээ.

Монголчуудын 54.4 хувь нь илүүдэл жинтэй, 19.7 нь хэт тарган гэсэн судалгаа бий
Түүнчлэн, энэ танилцуулгын дараа чихэртэй ундааны худалдан авалт 132 сая паундаар буурсан байна. Харин Мексик улсын хувьд 2014 оноос нэг литр чихэртэй ундаа тутамд 1 песогийн татвар ногдуулж эхэлсэн. Ингэснээр бүтээгдэхүүний үнэ 10 хувиар нэмэгдсэн ч үйлдвэрлэл нь ганц жилийн дотор 12 хувиар багассан байгаа юм. Зарим хүн татвар нэмэх нь бэрхшээлээс гарах гарц биш хэмээн үздэг. Харин үүнд мэргэжилтнүүд тамхины онцгой татварыг бодит жишээ болгон дурдаж байна. Сахарын хэрэглээ иргэдийн эрүүл мэндэд хор учруулж буй тул дээрх хоёр барааны араас ийнхүү жагсаж буй. Чихэртэй ундааны татварыг нэмэхээр үйлдвэрлэгчид үнээ өсгөдөг. Тэд татвар, хэрэглэгчдийн худалдан авах чадварыг тооцон үнээ тогтоодог тул ашиг нь эрс багасаж, олонх нь өөр ашигтай бизнест хөл тавьдаг байна. Гэхдээ Засгийн газрууд энэ татвараас жимсний цэвэр шүүс, сүүн ундааг чөлөөлдөг.

Ингэснээр эдгээр бүтээгдэхүүний үнэ бусад чихэртэй ундаанаас хямд байх нөхцөл бүрддэг аж. Түүнчлэн, ихэнх орон чихэртэй ундаанаас олсон орлогоо эрүүл мэндийн салбарт зарцуулж байна. Жишээлбэл, Нэгдсэн вант улс уг татвараас ирэх онд 520 сая паунд олж, ерөнхий боловсролын сургуулийн спорт хөтөлбөрт зарцуулахаар төлөвлөөд буй. Харин Мексикийн хувьд хоёр жилийн хугацаанд энэ татвараас 2.6 тэрбум ам.доллар олж, үүнийхээ зарим хэсгийг сургуулийн усны эх үүсвэрийг сайжруулахад хөрөнгө оруулжээ. Энэ мэтээр иргэдийн эрүүл мэндийг сүйтгэж буй сахарын хэрэглээг хазаарлахад төрийн оролцоо чухал гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч байна.

ДЭМБ-аас сахарыг эрүүл бус хэрэглээ хэмээн нэрлэж, дээрх төрлийн татварыг Засгийн газруудад санал болгож байгаа. Илүүдэл жинтэй иргэдийн тоо өдөр ирэх тусам үржихийн хүрдээр өсөж байгаа манай орны хувьд даруй хэрэгжүүлэхээр сайн туршлага юм. Ийм татвар нь иргэдийн эрүүл мэндийг дэмжихээс гадна улсын төсөвт ч багагүй нэмэртэйг мартаж болохгүй. Нэгэнт иргэд өөрсдөө хэрэглээгээ хянаж чадахгүй байгаа тул ийм үйлдвэрлэл эрхлэгчдэд төр төмөр нүүрээ харуулахад болохгүй зүйлгүй мэт. Нөгөө талаас нь харвал, манайд борлуулж буй ундааны ихэнх хувийг импортын бараа эзэлдэг. Хэрэв сахарын хэмжээ ихтэй бүтээгдэхүүнээс нэмэлт татвар аваад эхэлбэл дотоодын сүү, сүүн бүтээгдэхүүн болон цэвэр жимсний шүүсний үйлдвэрлэлд багагүй дэм болох нь гарцаагүй. Чихрийн шижин, зүрхний шигдээс зэрэг сахарын хэрэглээнээс үүдсэн өвчнөөс иргэдээ сэргийлэх үүрэг төрд оногдож буйг анхаарууштай.

САНАЛ БОЛГОХ