Бид өөрсдийн чадал, боломжинд таарсан наадмуудыг зохион байгуулах ёстой

ЗГМ: Зочин


Монголын жүдо бөх дэлхийд тэргүүлэх зэрэгт хүрээд байна

Монголын үндэсний олимпийн хороо (МҮОХ)-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэнг “ЗГМ: Зочин” буландаа урьж, ярилцлаа. Бидний ярилцлага орчин үеийн олимпизмын чиг хандлага, олон улс дахь Монголын спортын нэр хүнд, Токиогийн олимпийн бэлтгэл болон спортоор дамжуулан улс орноо хөгжүүлэх боломж гээд олон сэдвийн хүрээнд өрнөсөн юм.

-Хэд хоногийн өмнө олимп, дэлхийн аварга, домогт тамирчин С.Бубка МҮОХ-нд зочилж, хамтран ажиллах гэрээ байгууллаа. Спортын салбарынхны ярьснаар спорт өндөр хөгжсөн Украин улстай нэлээд өргөн хүрээнд хамтран ажиллахаар тохиролцсон гэсэн. Хамтын ажиллагааны талаар тодруулж өгнө үү?

-С.Бубка бол дэлхийн рекордыг олон удаа шинэчлэн тогтоосон дэлхийн хэмжээний домогт тамирчин. Нөгөө талаасаа олон улсын түвшинд олимпийн хөдөлгөөнийг дэмжигч нэрт зүтгэлтэн хүн.

Одоо хашиж байгаа алба нь Украины ҮОХ-ны ерөнхийлөгч, ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Олон улсын хөнгөн атлетикийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч. Ялангуяа гимнастик, каноэ завь, бөхийн төрлүүд, бокс, сагсан бөмбөгөөр цуутай тамирчдыг төрүүлсэн баялаг уламжлалтай орон. ЗХУ- аас тусгаар тогтносны дараа амжилт нь тодорхой хэмжээнд буурсан ч одоо эргээд сэргэж байна. Өнгөрсөн 2016 оны олимпод 200 гаруй тамирчнаа оролцуулна гэдэг спортын том гүрнүүдийн хэмжээний үзүүлэлт. Монголд хөгжиж буй спортын төрлүүд Украинд сайн хөгжсөн байдаг. Тэгэхээр бид ийм орнуудтай маш сайн хамтарч ажиллах ёстой. Хуучин ЗХУ- ын үед спортын анагаах ухааны чиглэлийн украин гаралтай эрдэмтэд их байв. Цаг ямагт сайн дасгалжуулагчдыг төрүүлдэг уламжлал нь одоо ч хэвээр байна.

Мөн Олимпийн академи нь хүчтэй ажилладаг. Украины энэ давуу талуудаас суралцахын тулд бид хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Гэрээний хүрээнд спортын зарим төрөл дээр тамирчин, дасгалжуулагч солилцох асуудал багтсан. Нөгөө талаар спортын шинжлэх ухааны чиглэлээр мэргэжилтнүүдийг авчирч, сургалт семинар зохион байгуулна. Спортын хөгжил, тамирчдын бэлтгэлжилтийн түвшинд чухал нөлөө үзүүлдэг нэг гол хүчин зүйл бол спортын сургалт дасгалжуулалтын төлөвлөлт, боловсруулалт юм. Хамгийн гол нь бид спортын төлөвлөлтөд анхаарч, тэр чиглэлээр мэргэжилтэн урих сонирхолтой байна. Мөн олимпийн хөдөлгөөнийг улс орон даяар хөгжүүлэх талаар Украины туршлагаас суралцах, санаа авах зүйл их бий.

АЗИ ТИВИЙНХЭНД ҮНЭЛЭГДЭХ БОЛОМЖ НЭЭГДЭЭД БАЙНА

-Азийн танхимын болон тулааны спортын наадам Туркменистаны Ашгабат хотод болж, Монголын тамирчид түүхэн дэх хамгийн өндөр амжилтаа үзүүллээ. Энэ наадмаас ямар дүгнэлт хийсэн бол. Ер нь олон улсын наадам зохион байгуулахаар төлөвлөж байгаа манай оронд хэрэгтэй ямар туршлага “Ашгабат-2017”-оос харагдав?
-Өнөөдөр манай тамирчид гадагшаа тэмцээнд явахад медаль авахгүй төрөл гэж байхгүй болжээ. Монгол хүн өөрөө спортлог шинж чанартай, авьяаслаг байдаг нь үүнтэй холбоотой байх. Багахан дэмжлэг үзүүлэхэд л амжилт дорхноо гараад ирдэг. Сая танхимын болон тулааны спортын наадамд мөн л сайхан амжилт үзүүллээ. Илүү туршлагатай болоод ирэхийн цагт манай тамирчид төрөл тус бүрт жигд өндөр амжилт гаргах бололцоотой байгаа нь олон жишээнээс тод харагдсан. Олон улсын наадам зохион байгуулах туршлагын тухайд онцолж дурдмаар зүйл байна. Улс орны нэг хот суурин, нэг бүс нутаг спортоор дамжин хөгждөг. Ашгабат хотыг харахад спортыг хөгжлийн нэг тулгуур багана болгож чадсан нь анзаарагдсан. Тэнд спортын маш том бүтээн байгуулалтууд хийсэн байна.

Долоон жилийн өмнөхтэй харьцуулахад Ашгабат танигдахын аргагүй хот болжээ гэж мэддэг олон хүн нь хэлж байсан. Нутгийн ард түмэн ч энэхүү сайхан өөрчлөлтөд сэтгэл хангалуун байна лээ. Зохион байгуулагчид ч наадамд маш их ач холбогдол Бид өөрсдийн чадал, боломжинд таарсан наадмуудыг зохион байгуулах ёстой Монголын жүдо бөх дэлхийд тэргүүлэх зэрэгт хүрээд байна өгсөн нь илт мэдэгдэж байлаа. Азийн 45 улсаас гадна далайн орнуудыг нийлүүлээд 63 улс оруулах жишээтэй. Тамирчдад зориулсан хоол хүнсийг бэлтгэхэд гаднын шилдэг тогоочдыг урьж ажиллуулсан. Монголоос гэхэд 17 тогоочийг шалгаруулж авсан. Монголдоо нэртэй зочид буудлын тогооч нарын олонх нь очсон байна лээ. Мэдээж амжилт сайн байсан ч бид цаашид юунд анхаарах ёстой вэ гэдэгтээ дүгнэлт хийх ёстой.

Украины давуу талаас суралцахын тулд бид хамтын ажиллагааны гэрээ байгуулсан
-Спортоор дамжуулж улс орноо хөгжүүлнэ гэсэн санаа тун сонирхолтой санагдлаа. Манай Улаанбаатар хотын тухайд үүнийг хэрэгжүүлэх ямар боломж байна вэ?
-Спортоор дамжуулж хотоо хөгжүүлэх жишиг аль ч улсад байдаг. Манайд ийм боломж бүрэн бий. Бид Азийн наадам, Зүүн Азийн наадам, Азийн танхимын наадам, Азийн хүүхдийн наадам гээд өөрсдийн боломж, чадалд тохирсон наадмуудыг нутагтаа зохион байгуулах ёстой. Үүний тулд мэдээж бүтээн байгуулалтын ажлаа сайн хийж, боловсон хүчнээ бэлдэх шаардлагатай. Тив, бүсийн хэмжээний ийм наадмууд улс орныг сурталчлах, санхүүгийн дэмжлэг үзүүлэх, хүн амьдрах таатай орчин бий болгох гээд олон талын ач холбогдолтой. Эрүүл мэндийн яамны санаачилгаар Монгол Улс 2020 онд Азийн хүүхдийн наадмыг зохион байгуулна.

Мөн Зүүн Азийн залуучуудын наадмыг 2023 онд Улаанбаатар хотод хийхээр гэрээ байгуулсан. Энэ бол спортоор дамжуулж нийслэл хотоо хөгжүүлэх ажлын эхлэл юм. Олон манлай тамирчдыг төрүүлдэг гэдгээр нь гадныхан Монгол улсыг мэддэг. Сүүлийн жилүүдэд илүү их мэддэг болсон. Тэгвэл Монголын ард түмэн олон улсын наадмыг өндөр хэмжээнд зохион байгуулдаг гэдгээрээ Ази тивийнхэнд үнэлэгдэх боломж нээгдээд байна. Одоо бид хүчээ нэгтгэж, зохион байгуулах хороогоо байгуулж, бүтээн байгуулалтаа үе шаттай хийж, залуучуудаа сургаад явах нь хамгийн чухал. Наадмын бүтээн байгуулалт болон зохион байгуулалтад мэдээж багагүй зардал гарна.

Гэхдээ эдгээр бүтээн байгуулалт улс орондоо үлдэнэ, үүн дээрээ түшиглэн дараа дараагийн тэмцээнийг үе шаттай зохион байгуулах боломж бүрддэг. Ашгабат хот л гэхэд тухайн спортын төрлүүдийн дэлхийн аваргын тэмцээнүүдийг жил алгасалгүй зохион байгуулна гэж байна лээ. Энэ нь эргээд улс орондоо ашиг авчрах юм. Олон мянган тамирчдаас гадна тэмцээнийг үзэх гэсэн жуулчид ирнэ. Үүнийг дагаад үзвэр үйлчилгээ, зочид буудал, агаарын тээврийн салбар гээд олон салбарт хөгжил дэвшил ирж, ашиг орлого нэмэгдэх гээд олон талын ач холбогдолтой.

-Сүүлийн үед спорт, олимпизмын үйл хэрэг, үзэл санаа ямар чиглэлд явж байна вэ. ОУОХ-ны ерөнхийлөгч Т.Бахын дэвшүүлсэн хөтөлбөрүүд юунд илүү анхаарч байгаа бол
-2013 онд ОУОХ-ны ерөнхийлөгчөөр Томас Бах томилогдсон. Түүний хийж, хэрэгжүүлж байгаа ажил нь цэвэр тамирчдыг дээдлэх, шударга өрсөлдөөнийг бий болгоход чиглэж байгаа. Түүнийг ерөнхийлөгч болсноос хойш допингийн эсрэг тэмцэл илт идэвхжсэнийг хүмүүс анзаарсан байх. Одоогийн хууль дүрэм, хяналтаа чангатгахаас гадна урьд өмнө нуун дарагдаад өнгөрсөн допингийн хэргийг илрүүлэх гээд их ажил хийсэн. Хоёрдугаарт, олимпийн үнэт зүйлсийг хамгаалахад ач холбогдол өгч байгаа. Гуравт, найрамдал, нөхөрлөлийг бий болгоход анхаарч, жил бүр Монакод болдог Олон улсын Энхтайван ба спорт форумд анхаарлаа хандуулж байна.

Мөн дайн тулааны хөлд нэрвэгдсэн дүрвэгсдийн урсгалыг зогсоох, тамирчдыг дүрвээд очсон газар нь тэмцээн уралдаанд ялгаварлалгүй оролцуулдаг байлгахад анхаарлаа хандуулсан. Бүр дүрвэгсдийн баг хүртэл байгуулж, дүрвэгсдэд зориулсан тодорхой хэмжээний хөрөнгө гаргасан.

-ОУОХ допингийн хяналт шалгалтад анхаарлаа хандуулсан гэж та хэллээ. Тэгвэл МҮОХ энэ чиглэлд ямар ажил хийж байна вэ?
-ОУОХ-ны чиг үүрэг, бодлогыг хэрэгжүүлж, дагаж явах ёстой газар бол тухайн улс орны ҮОХ. Бид ч бас ОУОХ-ны чиглэлийн дагуу допингийн эсрэг хийх тэмцэлд анхаарч байгаа. Цэвэр тамирчин заавал байх ёстой. Тиймээс спортын холбоод, Допингийн эсрэг үндэсний төвтэй хамтраад допингийн сургалтууд сайн явуулах, тэмцээний бус шинжилгээ авах тал дээр анхаарч байна. Тамирчин хүнийг зөвхөн тэмцээнд очиход нь л шинжилгээ авах биш, бэлтгэлийн үеэр ч бас авах ёстой. Энэ бол Монголд шинээр хэрэгжиж буй ажил байгаа юм.

-Ер нь Монголын спортын нэр хүнд өнөөдөр олон улсын тавцанд ямар түвшинд хүрээд байна вэ. Олон улсын томоохон зүтгэлтнүүд, спорт холбоодын удирдлагууд бидний талаар юуг илүү сонирхож байна?
-ОУОХ гишүүн бүх орноо олимпийн хөдөлгөөнд жигд оролцуулахыг зорьдог. Үүний дагуу МҮОХ оролцох ёстой бүх арга хэмжээнд идэвхтэй оролцоод явдаг. Ер нь үйл ажиллагаа нь идэвхтэй орны тоонд Монгол Улс ордог. Тамирчдын амжилт сайн байгааг бүх л улс орны төлөөлөгчид үнэлдэг. Манай тамирчид амжилт гаргах тоолонд гаднынхан монголчуудын талаар илүү ихийг мэдэх эрмэлзэлтэй болж байгааг нь анзаарагддаг. Ялангуяа Монголын жүдо бөх дэлхийд тэргүүлэх зэрэгт хүрээд байна. Гаднын спортын зүтгэлтнүүд, мэргэжилтэн дасгалжуулагчидтай уулзаж байхад “Танай жүдо сайн байна шүү. Жүдогоос чинь яаж суралцах вэ” зэрэг яриа их өрнөдөг. Зарим нь бүр шалгаагаад зогсох ч тохиолдол гарна. Энэ бүхэн бол Монголын жүдо бөхийн холбоо маш сайн менежменттэй ажиллаж байгаагийн тод илрэл юм.

                   БИДНИЙ АЖЛЫН ҮР ДҮН ТОКИОГИЙН ОЛИМПОД ХАРАГДАХ ЁСТОЙ

-Монголчууд спортын талбарт амжилт гаргахын хэрээр гаднынхан манайхныг нарийн судлах болсон. Зарим нь ирж тусгай нэвтрүүлэг хийж байна. Ер нь Монголын тамирчдын бусдаас ялгарах ямар онцлогтой вэ. Үүнийг генетикийн талаас тайлбарлавал илүү сонирхолтой байх.
-Энэ талаар манай эрдэмтдийн хийсэн судалгаа бий. Энэ судалгаагаар монголчууд ганцаарчилсан, халз тулааны төрөлд илүү амжилт үзүүлэх боломжтой гэж тодорхойлсон байдаг. Энэ дүгнэлт үнэний хувьтай гэдэг нь манайхны амжилт гаргаж буй төрлөөс тодорхой харагддаг. Дасан зохицох чадвар, биеийн хүчний суурь хөгжил, тухайн нөхцөлд тохируулж зөв шийдвэр гаргах ухаан гээд спортын салбарт ч төдийгүй өөр бусад салбарт ч амжилт авчрах бүхий л ур ухаан Монголын тамирчдад бий. Гагцхүү өөрсдөө хүчин зүтгэл гаргаж чадвал амжилт гаргаж чадахгүй спорт гэж монголчууд бидэнд байхгүй.

-МҮОХ-ноос гадна БСШУСЯ гэж спортын бодлого тодорхойлдог том байгууллага бий. Гэхдээ сүүлийн үед сайд нар нь ойр ойрхон солигдлоо. Ер нь улс төрийн тогтворгүй нөхцөл байдал спортод хэрхэн нөлөөлж байна вэ?
-МҮОХ тогтолцооныхоо хувьд төрийн бус байгууллага, төрөөс ямар нэг санхүүжилт авдаггүй. Тамирчдад очиж байгаа санхүүгийн дэмжлэг дандаа төрийн байгууллагаар дамждаг юм. Сайд дарга олон солигдож байгаа нь мэдээж таатай зүйл биш. Гэхдээ МҮОХ-ны үйл ажиллагаанд айхтар нөлөөлсөн зүйл алга. Төрийн болоод төрийн бус байгууллагууд өөр өөрсдийн дүрэмд зааснаа хийгээд явахад л бүх зүйл болно.

-МҮОХ олимпод бэлтгэгдэж буй тамирчдыг тусгай хөтөлбөрт хамруулж, дэмжиж байсан. Үр дүн ч тодорхой хэмжээгээр гарсан байх. Энэ хөтөлбөр цааш үргэлжлэх үү гэдгийг тамирчид их сонирхож байна лээ.
-Энэ бол ОУОХ-ноос гишүүн 205 улсдаа бүгдэд нь хэрэгжүүлдэг хөтөлбөр. Мэдээж олимпод бэлтгэгдэж буй тамирчнаа тухайн орны Засгийн газар, спорт холбоод нь дэмждэг. ОУОХ-ны энэ хөтөлбөр үүнд нэмэлт дэмжлэг үзүүлдэг гэж ойлгож болно.

Монгол Улсын тухайд хөтөлбөрийн үр дүн сайн байгаа. 2008 онд Монголоос найман тамирчин хөтөлбөрт хамрагдахад бүгдээрээ олимпийн эрхээ авч, дөрөв нь медаль хүртсэн. ОУОХ- ны ерөнхийлөгч Ж.Рогге энд, тэндхийн хурал цуглаанд бидний ажлын энэхүү үр дүнг жишээ болгож “Хөтөлбөр гаргасны үр дүн сайн байна. Үүний хамгийн тод жишээ нь Монгол Улс” гэж цөөнгүй удаа тэмдэглэдэг байсан. Тиймээс бид өмнөх туршлага дээр тулгуурлаж, өнөөгийн спортын хөгжлийн давуу чанаруудыг аль болох шингээх замаар хөтөлбөрөө илүү амжилттай хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна. Токиогийн олимпийн хөтөлбөр удахгүй хэрэгжиж эхэлнэ. Хөтөлбөрт 17 тамирчны нэр багтсан. Бидний хамтын ажиллагаа 2020 оны олимпод үр дүнгээ өгнө гэж найдаж байгаа.

-Токиогийн олимп хоёр жил хагасын дараа эхэлнэ. Хэдийгээр хугацаа их байгаа ч одооноос ярьж, бэлдэх ёстой байх. Бид айсуй олимпод юун дээр анхаарч, ямар зорилго тавьж оролцох ёстой вэ?
-Мэдээж том зорилго л байх ёстой. БСШУСЯ, Биеийн тамир, спортын газар, спортын холбоод болон МҮОХ-ноос тавьж буй зорилго бол өмнөх олимпоос илүү олон тамирчныг илүү олон төрөлд оролцуулж, илүү олон медаль авах. Олимпод бэлтгэх Үндэсний хорооны дарга нь Монгол Улсын Ерөнхий сайд байдаг. Ерөнхий сайд маань саяхан шинээр томилогдлоо. Одоо Үндэсний хороо хурлаа удахгүй хийх байх. Олимпод бэлтгэх үйл явц бол манай төрийн байгууллага болох Биеийн тамир, спортын газар, Шигшээ багийн албаны хамгийн гол ажил. Үүнд туслалцаа дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах нь спортын холбоод, МҮОХ-ны үүрэг юм.

Бид нэгдэн нийлж, хоёргүй сэтгэлээр зүтгэж, ирэх олимпод амжилт үзүүлэх ёстой. 2020 оны Токиогийн олимп их ойрхон байна. Эрх авах тэмцээнүүд ирэх жилээс эхэлнэ. Бид Риогийн олимпод хамгийн олон тамирчнаа оруулсан бол Лондонгоос хамгийн олон буюу таван медаль хүртсэн. Харин Бээжингийн олимпоос хоёр алтан медаль авсан. Эдгээр амжилтаа ахиулах ёстой. МҮОХ-ны зүгээс тамирчдын бэлтгэлжүүлэлтийн шинжлэх ухааны тал дээр илүү анхаарья гэж бодож байгаа. Тиймээс сая Украины олимпийн хороотой багагүй яриа хэлцэл өрнүүллээ.

Ирэх оны тавдугаар сард Украинаас бодлого, төлөвлөлтийн тал дээр мэргэшсэн хүмүүс ирж, бидэнтэй уулзалт хийнэ. Энэ үеэр бидний одоогийн төлөвлөлт болж байна уу, цаашид юун дээр анхаарах вэ гэдгээ тогтох юм. Мөн Солонгосын допингийн эсрэг төвтэй гэрээ байгуулсан. Энэ чиглэлээр сургалтаа эрчимжүүлнэ. Тамирчдын маань амжилт сайн байгаа. Гэхдээ өөрөө мэдэхгүйгээс болоод допингийн төрлийн эм хэрэглэж, хайран хөдөлмөрөө үгүй болгохгүйн тулд бид үүнд анхаарлаа хандуулах ёстой. Сая гэхэд Олон улсын хүндийг өргөлтийн холбоо допингийн хэргээр арваад орны тэмцээнд оролцох эрхийг хаслаа. Үүнтэй адилхан зүйл тохиолдвол хэцүү шүү дээ. Бас Японы талтай хамтарсан бэлтгэл хийхээр манай спорт холбоод болон БТСГ ярилцаж байгаа. Энэ бүх ажлын үр дүн Токиогийн олимпод харагдах учиртай.

-Та анагаах ухааны чиглэлийн хүн. Спортын анагаах ухаан Монголд ямар түвшинд байна вэ. Бид илүү өндөр түвшинд гарахын тулд юу хийх ёстой вэ?
-Миний үндсэн мэргэжил спортын эмч. Энэ чиглэлээрээ эрдмийн цол зэрэг хамгаалж байсан. Тиймээс санаа зовохгүй нэг ч өдөр байдаггүй зүйл бол спортын анагаах ухаан. Монголын тухайд спортын анагаах ухаан өндөр түвшинд хүрсэн гэж хэлж чадахгүй нь. Спортын анагаах ухаан дэлхийд олон чиглэлээр явж байна. Бэртэл гэмтлийг богино хугацаанд эмчлэх, нөхөн сэргэлтийг хурдацтай явуулах тал дээр маш өндөр түвшинд хөгжсөн. Энэ чиглэлийн тоног төхөөрөмж ч их байна. Мөн тухайн тамирчны бэлтгэл сургуулилт тохирч байна уу гэдгийг хянадаг тогтолцоо өндөр түвшинд хүрээд байна. Тухайлбал, өнөөдөр чиний бэлтгэл хэтэрсэн байна, эсвэл дутууджээ гэдгийг хэлж өгдөг зүйл нь спортын анагаах ухаан юм.

Сүүлийн үед спортын анагаах ухаан тамирчдын сонголт дээр маш том үүрэгтэй оролцдог боллоо. Тамирчин болох гэж байгаа хүүхэд аль төрөлд амжилт үзүүлэх магадлалтай вэ гэдгийг бид биеийн ерөнхий байдлыг харж байгаад тодорхойлдог. Харин спортын анагаах ухаан хөгжсөнөөр тухайн хүний үс, хөлснөөс шинжилгээ авсны үндсэн дээр тодорхойлдог болчихсон. Энэ мэтээр дотроо салж байгаа хэсэг болгон дээр бид анхаарч, бэлдэхгүй бол болохгүй.

Үүнийг хэрэгжүүлэхийн тулд МҮОХ төлөвлөлт гаргаж, энэ жил зарим ажлаа эхлүүлсэн. 2019 он гэхэд гайгүй түвшинд хүргэчих бодолтой. Өндөр хөгжилтэй гадны орныг харахад ямар нэг тэмцээнд судалгааны бүтэн багтай явдаг. Энэ баг тамирчдын тэмцээнд оролцож буй бүх байдалд судалгаа хийж, очоод танилцуулдаг. Эндээс алдаа оноогоо харах боломжтой. Манайд ийм тогтолцоо яах аргагүй хэрэгтэй. Одоо бол зардал мөнгөнөөс шалтгаалаад нэг эмч явахтай, үгүйтэй л байна. Цаашдаа эмчээс гадна дор хаяж хоёр судлаач явуулж, судалгаа шинжилгээ хийж байж өндөр түвшинд гарах учиртай. Би өөрөө спортын эмч мэргэжилтэй хүний хувьд үүн дээр түлхүү анхаарах бодолтой байгаа. -Ярилцсанд баярлалаа.
САНАЛ БОЛГОХ