Тэжээвэр амьтдыг тойрсон мөнгөний эргэлт

Мөнгө ба бизнес


Бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалт 96 тэрбум ам.долларт хүрнэ

Гэрийн тэжээвэр амьтан тэр дундаа нохой тэжээх хандлага сүүлийн жилүүдэд эрс нэмэгджээ. Өдгөө нохойны үнэ үүлдэр, гарал үүслээсээ шалтгаалаад 150-1.6 сая ам.долларт хүрээд байгаа аж. Тодруулбал, Их Британийн эзэн хааны нохойн үүлдрийн нохой хамгийн үнэтэйд тооцогдож байна. Эдийн засгийн хямралаас үл хамааран гэрийн тэжээвэр амьтантай холбоотой бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалт 81 тэрбум ам.долларт хүрээд буйг “Packaged Facts” судалгааны компаниас мэдээллэжээ. АНУ-ын нийт өрхийн 56 хувь нь тэжээвэр амьтантай байдгаас 38 орчим хувь нь нохой тэжээдэг аж. Иймээс АНУ-ын гэрийн тэжээвэр амьтан, тэр дундаа нохой, муурны хоол, эдлэл хэрэгсэл болон төрөл бүрийн үйлчилгээний зах зээл хүрээгээ тэлээд буй. Учир нь тэжээвэр амьтдад зориулсан эмнэлэг, дэлгүүр, усанд оруулж, алжаал тайлах төв, өдөр өнжүүлэх, сургалт, хөгжлийн төв, гоо сайхан, гадаад үзэмжид зөвлөгөө өгөх газрууд элбэг. “Packaged Facts” зах зээлийн судалгааны байгууллагын мэдээлж буйгаар 2020 он гэхэд дээрх тоо 96 тэрбум ам.долларт хүрэх аж.

ӨДӨРТ 25-100 МЯНГАН ТӨГРӨГИЙГ НОХОЙНД ЗАРЦУУЛДАГ
Харин Монгол Улсад гурван хүн тутмын нэг нь гэрийн тэжээвэр амьтантай гэсэн албан бус тоо бий. Улаанбаатар хотын хэмжээнд гэхэд 60 орчим мянган гэрийн тэжээвэр нохой байдаг аж. Өнөөдөр Монгол Улсад худалдаалагдаж буй нохойны үнэ үүлдрээсээ шалтгаалаад 100 мянгаас нэг сая төгрөгт хэлбэлзэж буй. Нохойнд зарцуулагдах нэг өдрийн зардал 25-100 мянган төгрөг. Эдгээр мөнгө нь хоол, сургуулилт, витамин, эмчийн үзлэг зэрэгт зарцуулагддаг аж. Төлбөр хураамжийн хувьд гэр хорооллын нохой тэжээдэг өрхөөс ямар ч хураамж авдаггүй бол орон сууцанд амьдардаг иргэд 1000-5000 төгрөгийг СӨХ-д тушааж буй.

Харин нохойны гэрчилгээг тухайн худалдан авч буй газраасаа авдаг аж. Энэ мэтчилэнгээр тэжээвэр нохойг бүртгэлжүүлж, баримт бичигтэй болгож буй нь нохойны зах зээл бүрэн утгаараа хөгжиж буйн тод жишээ юм. Энэ төрлийн бизнес хөгжиж буйн бас нэгэн жишээ нь нохой сургагчдын эрэлт. Тодруулбал, таны нохойд суух, босох, эргэлдэх, харайх гэх мэт үйлдлийг эзний тушаалаар гүйцэтгэдэг байх. сургалтыг олгодог мэргэжлийн хүмүүс бий болжээ. Тушаал ойлгуулж, биелүүлдэг байх сургалтын үнэ нохойны үүлдэр, гарал угсаа, сэтгэл зүйн байдлаас шалтгаалаад 300-500 мянган төгрөгийн хөлстэй. Нэг удаагийн сургалт 14-45 хоногийн хугацаанд үргэлжилнэ.

Тэгэхдээ зарим тохиолдолд 60 хоног хүртэл үргэлжлэх нь ч бий. Тухайлбал хүмүүсийн мэддэгээр хаски, бетховен, голден, спанел зэрэг нохой төрөлхийн тайван сэтгэл зүйтэй бөгөөд үнэрлэх мэдрэмж хамгийн сайн хөгжсөн байдаг. Тиймээс тушаал биелүүлж сурахдаа хойрго, удаан. Харин авчарка нохой эсрэгээрээ байгалийн зөнгөөрөө дайчин, сэргэлэн, хурдан хөдөлгөөнтэй байдаг тул энгийн болон тусгай тушаалыг хамгийн хурдан хугацаанд биелүүлж сурдаг аж. Тиймээс хэрэв нохой тэжээхээр зэхэж байгаа бол гаднах үзэмжинд хууртагдалгүй үүлдэр, гарал угсаа, сэтгэл зүйн байдлыг нь судалж байж сонгох шаардлагатай гэдгийг нохой сургагчид онцлов. Нохой сургагч Б.Норовням “Сүүлийн жилүүдэд нохой сургалтын эрэлт нэмэгдэх болсон. Би дунджаар сард 1-2 нохой сургадаг. Гаднын орнуудад нохойны үнэ харьцангуй өндөр байдаг. Энэ нь гудамжны буюу золбин нохойны тоог олшруулахгүй байх сайн талтай. Нэг ёсондоо үнэхээр цаг хугацаа, хөрөнгө мөнгөө зарцуулж чадах, эсэхэд шалгуур тавьж байгаа юм. Иймээс командын сургуулилтын үнэ болон бусад зардал нь ч дагаад нэмэгддэг” гэв.


Өнөөдөр цахим орчинд гэрийн тэжээвэр амьтдыг хамгаалах, өсгөж үржүүлэх, худалдаалах фэйсбүүк хуудас олширч, хүмүүсийн хандалт тэр хэмжээгээр нэмэгдэж буй. Цахим хуудаснаа нийтэлсэн мэдээллээс харахад Улаанбаатар хотод цөөн тооны нохой усанд оруулдаг газар буюу спа, эрүүл мэндэд нь анхаарал тавих 10 орчим улсын болон хувийн эмнэлэг, дэлгүүр үйл ажиллагаа явуулдаг байна. Мөн дээрх тоотой дүйцэхүйц хэмжээний цахим худалдааны вэб сайт бий. Эдгээр вэб сайтад бүх төрлийн зүйл худалдаалдаг бөгөөд нохойны хүзүүвч чанар хийцээсээ шалтгаалаад дунджаар 8-40 мянган төгрөг байдаг байна. Өнөөдөр дэлхийн гэрийн тэжээмэл амьтны зах зээл маш хурдацтайгаар өсөж байгаа бөгөөд хэд хэдэн улс орон эзэмшлээсээ үл хамааран гэрийн тэжээвэр амьтны амьжиргаа зардал хувь хүнийхээс хэд дахин өндөр байгаа юм. Тэгвэл тэжээвэр амьтдын зах зээл бизнес эрхлэгчдэд ашигтай байх боломжтой.

САНАЛ БОЛГОХ