"Эм зүйн ирээдүйг дорнын анагаах тодорхойлно"
ЗГМ: Зочин
“Монос”-ийн ирээдүйг ийм хэмжээнд хараагүй. Гэхдээ...
Өнөөдөр тохиож буй Монголын эм зүйчдийн өдрийг тохиолдуулан “Монос” группийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга, Төрийн соёрхолт, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, академич Л.Хүрэлбаатарыг “ЗГМ: Зочин” булан даа урив. Товлосон цагтаа очиход тэрбээр эрүүл мэндэд тустай олон бүтээгдэхүүнийхээ дээж болох “Экос” цэвэр усаар дайлангаа “Эрдэсжүүлсэн шүлтлэг ус. Амт нь ч аятайхан. Хүний цус шүлтлэг байдаг. Цустай төстэй амт хоолойгоор эвтэйхэн давдаг юм. Ходоод хүчиллэг байдаг тул байнга хэрэглэхэд тохиромжтой” хэмээн танилцуулав. Монголчуудын сэтгэлгээний томоохон өв тээгчдийн нэг энэ эрхмийг хөгжлийн түүчээ, эм зүйн салбарын технологи, инновацийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх ложистик төвийн эх суурийг тавигч гэхэд буруудахгүй болов уу.
-Монголын эм зүйчдийн өдөр тохиож байна. Сүүгээр зүйрлэвэл энэ мэргэжлийн өрөм нь юу вэ?
-Маш гоё мэргэжил. Энгийн хүмүүст зориулж онцлоход Pepsi cola, Coca cola-гаас гадна Dr Pepper зэрэг дэлхийн шилдэг ундааг эм зүйчид зохиосон байдаг.
Мөн маш олон химийн бодисыг эм зүйчид нээсэн. Нобелийн шагналын олон эзэн энэ салбараас төрж гарсан. Хүний мембран дээр байдаг G буюу хүний биед юу орох, орохгүйг шийддэг уургийг эм зүйч нээж Нобелийн шагнал хүртлээ шүү дээ. Тэрчлэн хумхаа өвчний эсрэг эм нээж, хоёр жилийн өмнө Нобелийн шагнал авсан хятад эрдэмтэн ч мэргэжил нэгт маань. Ер нь манай мэргэжлийг эзэмшсэн хүмүүс хаашаа ч хөрвөж чаддаг. Оюутолгойн зэсийн уурхайд гэхэд эм зүйч мэргэжилтэй олон хүн химичээр ажиллаж байна. Ус, ундаа, хүнсний үйлдвэрээс гадна эрүүлийг хамгаалах салбарт эм зүйчид олон ажилладаг. Монголын эм зүйчдийн “Нефромон” хэмээх бүтээлийг гаднынхан хүртэл маш сонирхож авах боллоо.
-Та сургуулиа дөнгөж төгсөж ирээд орон нутагт хуваарилагдаж, сэтгэлээр навс унасан тухайгаа дурссан байсан. Ирээдүйд хэн болохоо сонгох шийдвэрлэх цаг хугацаа магадгүй тэр үе байв уу?
-Хотод төрж, өсөөд, гадаадад сургууль төгссөн хүн гэнэт Сэлэнгэ аймагт хуваарилагдаж очсон. Дэлгүүрт дугаарлаад ч мах авч чаддаггүй, жигнэсэн махаар хооллохоос аргагүй байсан гээд их гүрэнд сургууль төгссөн надад хэцүү санагдаж байлаа. Одоо эргээд бодоход тэр үед л би эрдэмтэн болох ёстой гэсэн алсын зорилгоо тодорхойлжээ. Сэлэнгэ аймагт хагас жил болсны дараа Хөвсгөлд томилогдсон. Ийм баялаг хангайн энэ олон төрлийн ургамлыг судлах ёстой гэж шийдээд, эмийн ургамлын нөөц судалж эхэлсэн. Мал тооллого, хадлан тариалангийн ажлыг далимдуулаад сав л хийвэл ургамал ногоо ангуулчилдаг байв. Намайг нэг сэтгүүлч ургамлын ангууч гэж тодорхойлсон байдаг юм. Өөрөөр хэлбэл, би хар залуугаасаа ургамлын хойноос явсан хүн. Эмийн ургамлын асар их нөөцийг таньж мэдэн, улмаар Хөвсгөл аймагт эмийн ургамал боловсруулах цех байгуулсан. Одоогийнхоор бол жижигхэн үйлдвэр л дээ. Үйлдвэртээ чихэр өвс, чацаргана, аньс, таван салааны ханд хийж, Моносын “Читамон”-ы эх суурийг тавьж байлаа. Энэ бүхэн маань “Монос” эмийн үйлдвэр байгуулах туршлага болсон. Боломж хаана ч байдаг гэж залуучуудад хэлэх дуртай.
-Та мэргэжлийнхээ сайхныг хэзээ ойлгосон бэ?
-Үнэнийг хэлэхэд миний анх дурласан мэргэжил бол сэтгүүлч. Харамсалтай нь, Москвагийн их сургуулиас миний нэр дээр ирсэн урилгыг сургууль “Хүний нэр зааж хуваарь ирэх ёсгүй. Энэ яах аргагүй арын хаалга” гээд явуулсангүй. Харин оронд нь эм зүйчийн хуваарь ирж, явсан. Сургуулиа төгстлөө бараг дургүй шахам байлаа. Ирээд ажиллах явцдаа л сайхныг нь мэдэрсэн. Өөрийн ажил, мэргэжилд дуртай хүн л амжилтад хүрдэг юм байна гэж би залуучуудад онцолж хэлдэг. Амжилтад хүрсэн хүмүүсийн 20- 30 хувь нь анхнаасаа мэргэжлээ зөв сонгосон байдаг. Үлдсэн хэсэг нь явцын дунд мэргэжлийнхээ сайханд дурласан байдаг юм билээ. Би бол хоёр дахь ангилалд хамаардаг. Гэхдээ анх дурласан сэтгүүлчийн мэргэжлээ би одоо ч орхиогүй. Үргэлжилсэн үгийн зохиол унших дуртай байсан юм. Удахгүй энэ чиглэлээр бас нэг ном өлгийдөх гэж байгаа.
-Үргэлжилсэн үгийн мастер С.Эрдэнэ гуайгаас үлгэрлэдэг байв уу?
-С.Эрдэнэ гуайн шавь байсан тул өгүүллэгээ уншуулахаар гэрт нь байнга очдог байлаа. Заримдаа хөгтэй явдал тохиолдоно. Нэг удаа очтол багш маань нялх ачаа тэвэрчихсэн байсан тул өгүүллэгийг минь тухтай уншиж чадахгүй, анхаарал нь төвлөрөхгүй байв. Би ачийг нь тэвэрч байя гэтэл “Энэ маань ааштай. Барагтай хүн дээр очихгүй” гэв. Би “Надад хүүхдүүд сайн байдаг” гээд авахад ач нь уйлсангүйд багш гайхаж билээ. Харамсалтай нь, миний анхаарал хүүхдээсээ холдож, нэг мэдэх нь ээ өнөөх маань өвөөгийнхөө надад аягалж өгсөн аарцыг татаад өвөр дээр асгачихсан. С.Эрдэнэ гуай сандарч, би тайвшруулсан ч сүүлд хоёр гуя маань цэврүүтсэнийг мэдсэн.
-Таныг ихэд тоодог байж?
-Тийм ээ. С.Эрдэнэ гуайгаас гадна Б.Лхагвасүрэн гуай ч тоодог байсан талаар яруу найргийн “Шаргал навчис” бүтээлдээ дурссан. Мөн Д.Гармаа гуай гээд мундаг олон зохиолчид өгүүллэгээ уншуулж, нөхөрлөж явлаа. Заримдаа намайг шоолж юу бичээд яваад байна гэж егөөднө. Би ч мөчөөгөө өгөхгүй “Читамон”, “Дентамон”, “Салимон” гээд их олон “боть” бичиж байна гэдэг юм.
-“Амжилтад хүрэх жор” номдоо та Дорнын анагаах ухааны агууг шагшсан байсан. Монголын уламжлалт эм зүйн салбар Дорнын ухаанд ямар байр суурь эзэлдэг юм бэ?
-Дорнын анагаах ухаан Энэтхэгээс үүссэн. Аюурведийн, Хятадын, Монгол-Төвөдийн гэсэн гурван салбартай. Аюурвед нь Энэтхэг, Пакистан гээд Энэтхэгийн хойгийн бүс нутагт үлдсэн, Хятадын анагаах ухаан нь Вьетнам, Солонгос, Японд салбарлан хөгжсөн. Харин удаах нь зөвхөн Монгол, Төвөдөд л байдаг. Дорно дахинд төдийгүй дэлхийд маш хүндтэй байр суурь эзэлдэг.
Монголын уламжлалт анагаах ухааны эмч нар Төвөдөд ч гайхагддаг. Хэд хэдэн далай ламын эмч нь монгол хүн байсан. Ялангуяа, монголчууд энэ анагаах ухааны онолд маш их хувь нэмэр оруулсан хүмүүс. Уламжлалт анагаах ухааны үндсийн үндэс нь хоол судлал. Уламжлалт анагаахыг таван том ухааны нэг болох тэжээхүйн ухаан гэж “авгайлдаг”. Өөрөөр хэлбэл, хүнсээр хүнийг өвчнөөс урьдчилан сэргийлдэг, эмчилдэг, эрүүл болгодог гэсэн үг юм.
-Та олон судартай юу. “Монос”- ын бүтээгдэхүүнд судраас “төрсөн” нь хэр олон бэ?
-Би ЗХУ-ын Пятигорскийн эм зүйн академи төгссөн. Мөн Бельгийн Брюссель хотноо эм зүйн ухааны доктор хамгаалсан. Тиймээс Өрнийн анагаах ухааны боловсролтой хүн. Гэхдээ Дорнын анагаах ухааныг боломжоороо судалж, ном судар их үзэж байгаа. Сүүлийн үед цаг зав л гарвал ном судар, төвөд хэлтэй “ноцолдож” байна. Ер нь бидний бүтээсэн эмийн бараг 60-70 хувь Дорнын анагаах ухаанд тулгуурласан. Цаашид ч ийм байна. Монголчууд Ази, Европын аль алинд харьяалагдахгүй зан төрх, сэтгэхүйтэй. Тийм учраас Өрнө, Дорнын анагаах ухааныг зуузай холбуулж, торгон уулзвараас нь шинэ онол, эм бүтээх боломж их. Өрнийнхөн аливааг задалдаг бол Дорнынхон нэгтгэдэг. Эм бүтээхэд би хүрээлэнгийнхээ залуучууд, эрдэмтэдтэй их маргадаг. Тэд маань өрнийн боловсролтой учир задалж сэтгэдэг.
Ухаандаа дөрвөн ургамлын найрлагатай эм хийх гэтэл ургамлаа тус бүрд нь, доторх бодисуудыг нь нэг бүрчлэн судлах гэдэг. Гэтэл нэг ургамалд 10-20 төрлийн бодис бий. Тиймээс би “Нэг бүрчлэн хөөвөл юу ч олохгүй. Нийлээд нэг үйлчилгээ үзүүлж байгаа” гэж хэлдэг. Хэдийгээр Өрнийн анагаах ухааны бодис тус бүрээр нь хийсэн эм хурдан үйлчилдэг, хүчтэй боловч гаж нөлөө ихтэй байдаг. Дорнынхон бол дөрвөн ургамлаа нийлүүлээд хийдэг. Тиймээс ч уламжлалт эм тангууд цогц үйлчилгээтэй юм.
-Тэгэхээр Дорнын анагаах ухаанд тулгуурласан эм зүйн салбарын ирээдүй гэрэлтэй байна, тийм үү?
-Дорнын анагаах ухаанд ирээдүй бий, цаашид маш эрчтэй хөгжинө. Сүүлийн үеийн анагаахын нээлтүүдийг харахад орчин үеийнхний ойлгохгүй байсан зүйлийг уламжлалт анагаах ухаанаас олж, нээгээд байна. Цаашдаа ч энэ чиглэлд улам их нээлт гарна гэж ойлгодог. Тухайлбал, 2016 оны анагаахын Нобелийн шагналыг Японы эрдэмтэн Ёшинори Осүми autophagy буюу залгиур эсийн нээртээр авсан. Хүний биед янз бүрийн хөгширсөн, муу эсүүдийг түүж иддэг залгиур эс гэж бий. Байгалийн хуулиар бол чоно гэсэн үг. Миний бодлоор залгиур эс нь хавдрын эсийг бас иддэг. Энэ төсөөллийнхөө дагуу судалгаа хийе гэж бодож байгаа.
-Таны бойжуулж байгаа эмийн ургамлын цэцэрлэг Монгол-Төвөдийн анагаах ухаанд үлдэх нэг том өв болох болов уу?
-Эмийн ургамлын цэцэрлэгт хүрээлэн Монголд ховордож буй эмийн ургамлуудын генефондыг хадгалах, тарималжуулах зорилготой. Ихэнх оронд ургамлын үрийг хөлдөөх аргаар генефондыг хадгалдаг. Харин бид амьдаар нь хадгалж буйгаараа онцлог. Одоохондоо үүнийг улс ойлгохгүй байгаа ч их чухал ажил юм. Мөн зэрлэг ургамлыг тарималжуулахад маш олон жилийн хөдөлмөрөө зориулна. Бид 15-16 жил уйгагүй хөдөлмөрлөж байж монгол хунчир, алтангагнуур хоёрыг тарималжуулж, өнгөрсөн жил патентаа авсан. Үрээ нөөцөлж, талбайгаа бэлдсэн тул ирэх жилээс нэлээд их хэмжээтэй тарималжуулах байх.
Зэрлэг ургамлаар эм хийх нь органик гээд сайхан сонсогдож байвч нөгөө талаар нөөц багатай тул эм үйлдвэрлэх боломж их хомс. Уулын ар, энгэрт ургасан нэг ургамал гэхэд нар, хөрсний шинж чанар, цэцэглэж байгаа цаг хугацаанаас хамаарч өөр өөр, найрлагатай. Тиймээс ч зэрлэг ургамлаар эм хийх туршлага дэлхийд маш бага. Цэцэрлэгт хүрээлэнгийн давуу тал нь шинэ боловсон хүчнүүд 100 гаруй эмийн ургамлыг нэг дор үзэх боломжтой болж байгаа юм.
-“Монос” инновацид хөрөнгө хаяж чаддаг компани. Үүний үр дүнг зах зээл дээр борлуулагдаж байгаа импортын болон дотоодын эмийн харьцаагаар хэмжиж болох уу?
-1990 онд эм, гоо сайхны жижиг үйлдвэр байгуулахдаа л зохион бүтээх тасаг нээж, эмийн ургамал судалж, шинэ эм гаргах ажлаа өөрөө гардаж хийдэг байлаа. Энэ тасаг маань 1996 онд зохион бүтээх төв, 1998 онд эрдэм шинжилгээний төв болсон бол үүнээс 10 жилийн дараа Эм судлалын хүрээлэн болж өргөжсөн. Одоо Австри, Чех, БНСУ, ОХУ, Япон, Хятадад эрдмийн зэрэг хамгаалсан 30-40 залуус ажиллаж байна. Эднийхээ хүчээр шинэ эм бүтээхэд жилдээ 700-800 сая төгрөг шууд зарцуулдаг. Харин гадаадад хийлгэсэн судалгаа шинжилгээ, боловсон хүчнээ сургасан зардлаа тооцвол нэг тэрбум хол давсан тоо гарна. Үүний үр дүнд хэдэн сайхан эмтэй боллоо.
Гэвч яг Монголын хувьд эмийн үйлдвэрлэлийн үр ашгийг тооцно гэдэг амаргүй. Маш их хөрөнгө шаарддаг ч цөөхөн хүн хэрэглэдэг онцлогтой. 3.1 сая хүний хамгийн их хэрэглэдэг эм нь парацетамол. Жилд дөрвөн сая ширхэгийг хэрэглэдэг. Огт хэрэглэдэггүй хүн байхад жилдээ 10 боодлыг ч хэрэглэдэг хүн бий. Багцаар нь авч үзвэл, социализмын үед монголчууд эмийнхээ 90 хувийг гадаадаас авдаг байсан бол одоо 20 гаруй хувийг нь өөрсдөө үйлдвэрлэж байна. Мөн эмийн хэрэглээ нэмэгдсэн, 35 үйлдвэр зах зээлд өрсөлдөж байна.
-Эмийн зах зээлийн онцлог нь юу вэ?
-Эдийн засгийн сонгодог сурах бичгүүдэд хамгийн бага зах зээлийг 10 сая хүнтэй гэж заасан байдаг. Манай 3.1 сая хүнд өдөр бүр хэрэглэдэг талх, сүү үйлдвэрлэхэд боломжийн байдаг байх. Харин эмийг бол өдөр бүр, зарим нь бүтэн жилийн турш ч хэрэглэхгүй шүү дээ. Бидний үйлдвэрлэж байгаа 70-80 төрлийн эмийг цөөхөн хүн хэрэглэнэ. Тиймээс бүх эмээ дотооддоо үйлдвэрлэнэ гэсэн амбийц бол Монголын зах зээлд тохирохгүй. Өөрөөр хэлбэл, өргөн хэрэглэдэг болон Монголын онцлогтой эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дэлхийд гаргах боломж бий. Энэ ч үүднээс бид анхнаасаа Монос буюу Монгол оюун санааг дэлхийд гэсэн уриатай үйл ажиллагаагаа эхлүүлсэн. ОХУ-д гаргасан “Нефромон”-оос гадна Япон, БНСУ-ын зах зээлд хүнсний болон биологийн нэмэлт бүтээгдэхүүнээ нийлүүлэхээр ажиллаж байна. Монгол оюун санааг дэлхий таних цаг удахгүй байх гэдэгт итгэж байна.
-Та технологийг дагаж биш угтаж хөгжих шаардлагатай байна гэдэг. Танай салбарын хувьд дэлхийн шинжлэх ухааны оролцогч болоход хэр ойрхон байгаа бол?
-Нобелийн шагнал авсан залгиур эсээр юу хийх үү, био болон нано технологийг яаж хөгжүүлэх үү гэдэгт анхаарч байна гэдэг технологийг угтаж хөгжих оролдлого юм. Харамсалтай нь, тэр бүр санаснаар хөгжихгүй шүү дээ. Монголд боловсон хүчин алга. Тиймээс ч бид био болон нано технологийн чиглэлээр олон хүн гадаадад сургаж байна. Бас маш их хэмжээний өр тавьж байж олон улсын GMP стандартад нийцсэн дэлхийн хэмжээний эмийн үйлдвэр байгууллаа. Маш өндөр үнэтэй босож байгаа учир эм нь бага зэрэг үнэтэй. Гол нь хамгийн сүүлийн үеийн технологиор дэлхийн хэмжээний эм үйлдвэрлэж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Нөгөөтэйгүүр, монголчуудад хөгжихөд Чингис хааны хурд дутагдаж байна. Орчин үед шинжлэх ухааны мэдлэгийг маш хурдтай бүтээгдэхүүн, үйлчилгээ, хүнд хэрэгтэй зүйл болгож байна. Энд нэг нь хэлж дуусаагүй байхад нөгөө нь тэнд ажил үйлс болгоод яриаг нь тасалж байна шүү дээ.
-Боломж хүлээвэл юу ч бүтэхгүй. Харин болно гээд итгэвэл боломжийг олж харна гэж Монголын нэг сэтгэгч хэлж байсан. Та “Монос”-ын ирээдүйг харсан байсан уу?
-Яг ийм ирээдүй, боломжийг хараагүй. Улсын эм хангамжийн хэлтэс Монгол эм, импекс концерн болж хувирахад би нэгдүгээр орлогч захирлаар ажиллаж, эм хангамжаа хариуцдаг байсны хувьд ямар боломж олж харсан бэ гэхээр монголчууд эмээр дутагдах ёсгүй ард түмэн гэж ойлгож байсан. 1990 оны хямрал юун эм байтугай дэлгүүрт хатсан гоймон, шороотой давс л байсан цаг. Орон нутагт эмийн ургамал сонирхож, судалсныхаа дараа Анагаах ухааны хүрээлэнд гурван жил ажилласан хүн. Тиймээс ч Монгол Улс байгалийн гаралтай эм бэлдмэлээр өөрсдийнхөө хэрэгцээг хангах боломж байна гэж харж байсан. Одоо бол дэлхийд гарах боломж гэж хараад, зүтгэж байна.
-Таны “30-40 настай “өвгөчүүлд” хэлэх үг”-ийг уншаад өөрийгөө байтугай эцэг, эхээ өөрөөр харсан л даа. Зорилгогүй залуучууд их харагдаад байгаа шалтгааныг та юунаас хайх вэ?
-Юуны өмнө хүн яах гэж амьдарч буйгаа, амьдралын үнэ цэнэ гэж юу болохыг өөрөөсөө асуух учиртай. Хүн өнөө, маргааш хийх зүйлээ төлөвлөдөг. Гадаадад зорчих гэж байвал зочид буудал, үзэж харах бүх зүйлээ төлөвлөдөг атлаа хамгийн үнэтэй амьдралаа төлөвлөдөггүй, урсгалаараа явдаг, монголчууд. Амьдрал гэдэг хөлгийнхөө зорчигч нь байх уу, жолооч нь байх уу таны л сонголт. Жолооч нь бол хүссэн зүгтээ явна, зорчигч нь бол жолоочийн хүссэн зүгт очно гэх үгийг би залуучуудад хэлдэг. Үүнээс гадна, залуучууд ихэнх нь зорилготой юм шүү дээ, уг нь. Харамсалтай нь, зорилгоо хэрэгжүүлэх сахилга бат байдаггүй. Монголчуудын хувьд энэ л хамгийн том шалтгаан болов уу гэж боддог. АНУ-ын Олимпын аварга тамирчны ярилцлагыг 10 гаруй жилийн тэртээд, уншаад дуу алдаж билээ. Олимпын аварга болсных нь маргааш нэгэн сэтгүүлч “Та маргааш юу хийх вэ” гэж асуухад “Би бэлтгэлдээ гарна” гэж хариулсан. Гэтэл сэтгүүлч “Ийм том амжилтын эзэн болсон хүн амардаггүй хэрэг үү” гэхэд “Нэг өдөр амарч, бэлтгэлээ тасална гэдэг олон өдөр бэлтгэлээ таслахын эхлэл” хэмээсэн байдаг. Ийм сахилга баттай хүн л энэ том амжилтын эзэн болдог юм байна гэж би ойлгосон. Үүнтэй холбогдуулж хэлэхэд Америкийн хүний хөгжлийн мастер Брайн Трейси 2010 онд “Сахилга бат- шалтаг үгүй” гэж гоё ном гаргасан байдаг.
-Та хэр зэрэг шударга хүн бэ. Олон хүн удирдахад шударга байх хэцүү юу?
-Хэцүү. Маш хэцүү. Гэхдээ шударга байхыг хичээдэг. Манай хамт олон намайг мэднэ. Компани жижиг байхад хувь хүний буюу удирдагчийн үүрэг маш чухал. Харин томрох тусам энэ үүргийг компанийн соёл авч явдаг. “Монос” группийн соёлын нэг чухал хэсэг нь шударга байх. Эм бэлдмэл үйлдвэрлэж байгаа хүмүүст ёс суртахуун, хүнлэг чанар хамгийн чухал бөгөөд шударга байдлыг маш хатуу мөрдөх ёстой. Шударга байснаар бэрхшээл их тохиолддог. Тухайлбал, манайх Монголын импортын нийт эмийн 40 хувийг оруулж ирдэг. Эмийн хэрэглээний талаас илүү хэсгийг эмнэлэгт хэрэглэдэг. Тиймээс эмийн худалдан авалтын 40 хувь манайд ногдох учиртай. Гэхдээ эмийн тендерт бөөн булхай ордог тул манайд үндсэндээ 5-10 хувь л ногддог юм. Би ч ийм булхайтай зүйл рүү орохыг боддоггүй. Надад ашиг орлогоос илүү шударга явах нь сайхан санагддаг. Сэтгэл цэвэр байх нь чухал.
-Зарим хүн би энэ салбарт 20, 30 жил амралтгүй зүтгэлээ гэж ярьдаг. Та амардаг уу?
-Миний амралтын хэлбэр бол ажлаа өөрчлөх. Хүнтэй уулзах, судалгаа шинжилгээгээ үргэлжлүүлэх гээд анхаарлаа өөр өөр зүйлд төвлөрүүлэх нь миний хувьд амралт болдог. Гэхдээ оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүст тархины цусан хангамж дутагддаг тул биеийн хөдөлмөр эрхлэх ёстой. А.С.Пушкин “Евгений Онегин” романаа 2-3 цаг бичээд л далайгаас 2-3 цаг гарахгүй сэлдэг, эсвэл хар морио унаад 2-3 цаг давхиж байж оюуны стрессээ тайлдаг байсан гэдэг. Дарамсалад сурч байсан нэгэн лам найз маань хүртэл багш нь тархийг нь амраах гээд маш их сунаж мөргүүлдэг байсан талаар дурсаж билээ. Би зав гарангуут ширээний теннис тоглох, гүйх, усанд сэлэх зэргээр спортоор хичээллэхийг хүсдэг. Ямар ч байсан өглөөд 4-5 км, өвөлдөө гэртээ гүйлтийн зам дээр гүйж байна даа. Яг үнэнийг хэлэхэд, гүйдэг болсноосоо хойш буюу сүүлийн 10-аад жил оюуны бүтээмж маань залуу байснаасаа ч илүү болсон. Тиймээс амрах зөв. Амралтаараа уул хаданд явж, ургамал ногоо ангуучлахаас гадна мод тарьдаг. Одоо 50 гаруй мянган модтой. Тэднийгээ өөрөө арчлах дуртай.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй