32 төслөөс эхэлж хэрэгжүүлэхээр гурвыг сонгосон
Мэдээ
Төвийн коридорын бүтээн байгуулалтад хамгийн түрүүнд анхаарна
Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал В.Энхболдтой Эдийн засгийн коридорын талаар ярилцлаа.
-Замын зураглал нь хэдийнэ бэлэн болсон Эдийн засгийн коридорын хүрээнд ямар ажил хийж байна вэ?
-Гурван улс экспертийн түвшний уулзалтыг гуравдугаар сард Бээжинд, наймдугаар сарын 29- нд Москвад зохион байгууллаа. Монгол Улсаас Гадаад харилцааны яам, ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яам, БНХАУ-ын Хөгжил, шинэтгэлийн хорооны газрын захирлын түвшинд гурван тал уулзсан. Москвад болсон уулзалтаар Эдийн засгийн коридорыг урагшлуулахад ямар механизм ашиглах талаар хэлэлцсэн. Энэ хүрээнд гурван тал тус бүр үндэсний Ажлын хэсэг байгуулахаар болсон. Монгол Улс Гадаад харилцааны дэд сайдаар ахлуулсан үндэсний Ажлын хэсгээ байгуулаад байна.
Уг Ажлын хэсэгт Зам, тээврийн хөгжлийн яам, Эрчим хүчний яам, Үндэсний хөгжлийн газар зэрэг холбогдох яам, тамгын газрын 20 орчим төлөөлөл багтсан. Мөн Москвад болсон уулзалтаар нэн яаралтай хэрэгжүүлэх төслүүдээ тохирсон. Коридорын хүрээнд хэрэгжүүлэхээр болсон 32 төслүүдийг ач холбогдлоор нь эрэмбэлэн, эхний ээлжинд хэрэгжүүлэхээр гурван төсөл сонгоод байна. Энэ хүрээнд баруун болон зүүн коридорын бүтээн байгуулалтыг түр орхиод, төвийн коридорт анхаарал хандуулахаар болсон.
Төвийн коридорын төмөр болон авто замыг шинэчлэн сайжруулна. Хурдны авто зам барихаар төлөвлөснөөс гадна төвийн коридорын авто болон төмөр зам дагасан эрчим хүчний шугамыг сайжруулахаар тохирсон. Эдгээр төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах, судалгаа шинжилгээг эхлүүлэх, хөрөнгө оруулалт татах хамтарсан төвийг Улаанбаатарт байгуулахаар болсон. Гэхдээ эхний төслөө хэрэгжүүлж эхэлсний дараа тус төвийг байгуулна. Түүнчлэн гурван улсын хамтарсан уулзалт Бээжин, Москвад боллоо. Одоо Улаанбаатарт зохион байгуулахаар хоёр хөршийн төлөөлөгчдийг урьчихаад байгаа. Дараагийн уулзалтаар илүү бодитой, тодорхой зүйлүүдийг хэлэлцэх болов уу гэсэн хүлээлттэй байна.
-Төвийн коридорт аль чиглэлийн замууд багтаж байгаа вэ?
-Төвийн коридорын төмөр замын тухайд Улаан-Үдээс эхэлж, Наушки, Сүхбаатар, Замын-Үүд, Эрээн, Тяньжин боомт хүрнэ. Харин авто зам Улаан-Үд, Алтанбулаг, Замын-Үүдээр дайрч, Хятадын нутагт хүрэхээр байгаа.
• Төвийн коридорын авто болон төмөр зам дагасан эрчим хүчний шугамыг сайжруулна.
• Наймдугаар сард гурван тал санал нэгдэж, эхний төслөө хэрэгжүүлж эхэлмэгц хамтарсан төвөө Улаанбаатарт байгуулахаар болсон.
• Эдийн засгийн коридорын хүрээнд гурван тал тус бүр үндэсний Ажлын хэсэг байгуулахаар болсон.
-Яриа хэлэлцээний түвшинд хэдийнэ тохирсон Эдийн засгийн коридорыг урагшлуулах санхүүжилт татахад хэрхэн анхаарч байна вэ?
-Мэдээж мөнгө чухал. Гэхдээ ямар үед мөнгө олдох уу гэхээр гурван улс гурвуулаа тохирсон үед л хөрөнгө оруулагчид итгэнэ. Тиймээс гурван улсын санал нэгдэж буй төсөл санхүүжилт татах илүү боломжтой гэсэн үг. Энэ хүрээнд Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк, Торгоны замын сангаас санхүүжилт татах боломжтой. Үүгээр зогсохгүй Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк зэрэг олон улсын бусад байгууллагаас санхүүжилт татах нээлттэй. -Монгол, ОХУ, БНХАУ-ын Эдийн засгийн коридорын бүтээн байгуулалт бусад улстай харьцуулахад удааширч буй дүр зураг харагддаг. Та үүнд ямар тайлбар өгөх вэ? -Уг коридорыг урагшлуулахад хамгийн их санаачилга гаргаж буй нь Монгол Улс. Учир нь коридорын дийлэнх төсөл Монголын нутаг дэвсгэрээр дайран өнгөрч байгаа. Гэхдээ бид дангаараа шийдэх боломжгүй, биднээс үл хамаарах зүйл гэж бий. Тиймээс хоёр хөршийнхөө саналыг хүлээхээс аргагүй. Товчхондоо Монгол Улс хоёр хөрштэйгээ хэлэлцэж, гурвуулаа шийдэж байж ажил хэрэг урагшилна гэдгийг санах хэрэгтэй.
-Эдийн засгийн коридорын хамтарсан төвийг Улаанбаатарт байгуулах талаар ярьсан. Энэ тухайд?
-Засгийн газраас эхлээд үндэсний төв байгуулах шийдвэр гарсан. Цаашид үндэсний төв дээрээ тулгуурлан, хамтарсан төв байгуулах боломжтой гэж үзэж буй. Гурван улсын хамтарсан төв байгуулах асуудалд гуравдугаар сард Бээжинд болсон уулзалтаар урд хөршийн тал эсрэг саналтай байсан. Харин наймдугаар сард гурван тал санал нэгдэж, эхний төслөө хэрэгжүүлж эхэлмэгц хамтарсан төвөө Улаанбаатарт байгуулахаар болсон.
-ОХУ, Монголын худалдаа, эдийн засгийн харилцаа эргэн идэвхжиж эхэллээ. Энэ нь Эдийн засгийн коридорын хөгжилд хэрхэн нөлөөлөх бол?
-Зөвхөн Монгол гэлтгүй манай хоёр хөршийн харилцаа ч маш сайн байгаа. Мөн гурван улс Эдийн засгийн коридор хамтран байгуулахаар болсон нь эргээд хөрш орнуудын харилцаа эрчимжих үндэс болсон. Мөн Монгол Улсын бизнесийн орчин сайжирч байгаа нь манайд бизнес эрхлэх сонирхлыг нэмэгдүүлж байна. Үүнээс гадна Улаанбаатар өмөр замыг шинэчлэхээр Монгол, Орос улс олон жил ярьж байгаа. Одоо харин Эдийн засгийн коридорын хүрээнд гурван улс хамтрахаар болж буй нь шинэ шатанд гарч буй хэрэг.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй