Төгрөг эргэн төлөлтийн өмнө
Мэдээ
Аравдугаар сард төгрөгийн ханш 9.5 төгрөгөөр чангарчээ
Голлох валютуудтай харьцах төгрөгийн ханш чангарч байна. Есдүгээр сарын эхээр мэдэгдэхүйц суларсан ам.доллартай харьцах төгрөгийн ханш өнгөрсөн сарын дунд үеэс тогтворжсон. Харин аравдугаар сараас эхлэн ам.долларын ханш суларч, төгрөгийн ханш чангарав. Ялангуяа, энэ сарын дундаас хойш буюу сүүлийн арав гаруй хоногт төгрөгийн ханш тасралтгүй өслөө. Аравдугаар сар гарсаар монгол төгрөгийн ханш 9.5 төгрөгөөр нэмэгджээ. Төгрөг, ам.долларын хослол сүүлийн нэг сард ийн хөдөлсөн бол жил орчим хугацаанд уналт, өсөлт хосолсон байх юм. Энэ оны эхний хагаст “ногоон”-ы ханшид уналт, харин төгрөгт өсөлт давамгайлсан. Тухайлбал, өнгөрсөн нэгдүгээр сарын 10-нд нэг ам.доллар 2498.8 төгрөгтэй тэнцэж байсан ам.долларын ханш зургадугаар сарын 30-нд 2349.9 төгрөгт хүрчээ. Ингэснээр ам.долларын ханш 148.9 төгрөгөөр буюу зургаан хувиар суларсан байх юм.
Гэвч төгрөгийн өсөлт төдий л удсангүй. Долдугаар сараас эхлээд “ногоон”-ы ханш эргэн өсөж эхэлсэн. Энэ өсөлт есдүгээр сараас эрчээ авч, аравдугаар сарын 7-нд УИХ-аас Засгийн газрыг огцруулсны дараа ам.долларын ханш шууд 40 төгрөгөөр өсөж, 2476 төгрөгтэй тэнцсэн юм. Ирэх онд эргэн төлөлтийг нь хийх зээлийн хугацаа дөхөж, Засгийн газрын бүрэлдэхүүн задарснаас зөвхөн ам.доллар гэлтгүй бусад голлох валют ч төгрөгийн эсрэг чангарч эхлэв. Олон улсаас авсан зээлээ төлөх цаг ойртож, хугацаа нь тулсан ч уг өрийг хэрхэн дарах нь тодорхойгүй. Ийм эгзэгтэй үед эргэн төлөлтийн талаар хариулт өгч чадах зарим албан тушаалтныг огцруулсан нь дайран дээр давс нэмэв. Засаг унаснаас үүдэн улирал бүр төсвийн тэнцлийг ундаалахаар тохирсон ОУВС-гийн удаах санхүүжилт гацсан нь нөхцөл байдлыг улам ч хүндрүүлсэн. Хэлхсэн гинж мэт нэг, нэгнээсээ хамааралтай эдгээр үйл явдал төгрөгийн үнийг доош чангааж, “ногоон”-ы ноёрхлыг эргэн сэргээв.
Эхний шатны үр дүнг хянахаар ОУВС-гийн Ажлын хэсэг ажиллаж байна
Уг нь эргэн төлөх хуваарьтай ч өдгөө эх үүсвэр нь баттай болоогүй 660 орчим сая ам.долларыг эс тооцвол төгрөгийн ханшийн “луужин” эерэг зүгийг зааж байгаа. Учир нь монгол төгрөгийн өнгийг тодорхойлох суурь хүчин зүйлүүд харьцангуй сайн байгаа юм. Тухайлбал, суурь хүчин зүйлийн нэг төлбөрийн тэнцэл ашигтай гарсан. Энэ оны наймдугаар сарын байдлаар Монгол Улсын төлбөрийн тэнцэл 215.4 сая ам.долларын ашигтай гарсныг Монголбанк мэдээлсэн. Үүнээс гадна Монголыг чиглэх гадаадын шууд хөрөнгө оруулалт өссөн. Энэ оны эхний хагасын байдлаар гадаадын шууд хөрөнгө оруулалт 355 сая ам.долларт хүрчээ. Энэ үзүүлэлт өнгөрсөн онд хасах үзүүлэлттэй байсан гэдгийг сануулъя. Монголыг чиглэх хөрөнгийн урсгал өсөлттэй байгаатай зэрэгцээд ам.доллар далладаг бараа, бүтээгдэхүүний экспорт харьцангуй өсөлттэй бөгөөд тогтвортой байгаа.
Түүхий эдийн экспорт л гэхэд эхний гурван улирлын байдлаар өмнөх оны мөн үеэс 50 гаруй хувиар өсчихөөд байна. Мөн төв банкны валютын нөөц зузаарч байгаа. Өмнөх оны өдийд 1.1 тэрбум ам.долларт хүрч байсан гадаад валютын албан нөөц сарын байдлаар 1.3 тэрбум ам.доллартай тэнцэж байна. Эдгээр суурь тоонуудтай зэрэгцээд шинэ мэдээллүүд ч төгрөгийн ханшид дэмжлэг болов. Монгол Улс мөнгөний эрэлд гарч, шинэ бондын танилцуулгаа олон улсын санхүүгийн гол төвүүдэд хийж байгаа. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Монгол Улсын Засгийн газрын олон улсын зах зээлд гаргаж буй шинэ бондын ханш ойрын өдрүүдэд тодорхой болох бөгөөд хугацаа нь 5.5 жил байх юм. Үүнтэй зэрэгцээд Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүн тодорхой болж, шинэ сайдууд ажилдаа орлоо. Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн засаг унахад 40 төгрөгөөр суларч байсан төгрөгийн ханш шинэ засаг бүрэлдэн бий болсны дараа өсөж эхлэв. Шууд болон дам байдлаар шинэ засгийн мэдээлэл валютын ханшид нөлөөлсөн нь дамжиггүй.
Мөн ажлаа эхлүүлээд удаагүй байгаа Засгийн газар бодлого, чиглэлээ танилцуулах үеэрээ төрийн бодлогын залгамж халааг үргэлжлүүлж, ОУВС-тай хамтрахаа мэдэгдсэн. Ингэснээр түр хугацаанд саатсан ОУВС-гийн удаах шатны санхүүжилт урагшиллаа. Одоогоор уг санхүүжилтийг олгох, эсэхийг шийдэхийн тулд ОУВС-гийн Ажлын хэсэг төв банк болон Сангийн яаманд ажиллаж байна. Монголын улс төр, эдийн засгийн амьдралд өрнөж буй үйл явдлууд төгрөгийн ханшийг тодорхойлж байна. Ялангуяа, аравдугаар сар гарсаар шийдлээ хүлээж байсан олон сэжүүр тодорхой болж эхэлсэн нь ийнхүү төгрөгийн ханшийг дээш татав. Даваа гарагийн байдлаар төв банкнаас зарласан төгрөгтэй харьцах ам.долларын ханш 2455.14 төгрөгтэй тэнцэж байна.
Харин арилжааны банкууд дунджаар ам.долларыг 2450-2450 төгрөгөөр авч, 2456-2460 төгрөгөөр борлуулж байна. Зөвхөн ам.доллар гэлтгүй есдүгээр сарын сүүлээр 3000 нэгж рүү шүргэж байсан еврогийн ханш хүртэл уруудсаар 2899.14 нэгжид хүрээд байна. Сар гаруйн хугацаанд еврогийн ханш 60 төгрөгөөр суларчээ. Үүнээс гадна Монгол Улсын гадаад худалдааны гол хэрэгслийн нэг болох юанийн ханш аравдугаар сарын 11-нээс эхлэн суларч байна. Ийнхүү голлох валютуудтай харьцах дотоодын мөнгөн тэмдэгтийн ханш чангарч байна. Монгол Улсын өр төлөх хугацаа ойртож, хилийн чанадаас шинэ санхүүжилтын чимээ айсуй үед сайн мэдээ болох нь дамжиггүй.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй