Уурхайнуудын олборлолт зогсож болзошгүй байна

Уул уурхай


Тээвэрлэлт нэмэгдүүлэх нь бидний мэдлээс давсан асуудал болчихоод байна

Нүүрс тээвэрлэлтийн замд олон сараар үүсээд байгаа урт дарааллыг хумих зорилгоор хэрэгжүүлж буй квот газар дээрээ бүрэн хэрэгжиж чадахгүй байна. Уг квот Тавантолгойн бүлэг ордоос экспорт хийж буй компаниудад үйлчилж буй. Гэвч урьдын нөхцөл байдал давтагдсаар. Компани болгон ахиу нүүрс гаргахаар хоорондоо битүүхэн өрсөлдөж байна. Харамсалтай нь, БНХАУ-ын тал өдөрт хамгийн ихдээ л 600 автомашин хил нэвтрүүлэх байдлаар нүүрсний экспортыг хязгаарлаж байгаа юм. Ийм байдалтай дөрвөн сарын нүүрийг үзэж буй 7000 гаруй жолоочийн нэг нь Г.Эрдэнэцогт. Хэнтий аймгаас ирсэн тэрбээр Тавантолгойгоос Гашуунсухайтын чиглэлд хүнд даацын автомашин бариад нэг жил болжээ.

Нарийн сухайтын ордоос нүүрс тээвэрлэснийг нь тооцвол түүний сүүлийн дөрвөн жилийн амьдрал нүүрсний зам дээр ийнхүү өнгөрсөн байна. Хил амрах болон Цагаан сар, Шинэ жилээр сая нэг гэрийн бараа хардаг хэмээн өгүүлэх Г.Эрдэнэцогт 41 настай. Түүний мэргэжил жолооч бөгөөд амьдралаа авч явахын тулд Өмнөговьд 2013 онд анх иржээ. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл Хятад эзэнтэй гэх түрээсийн тэрэгний өрүүл мушгиж яваа нь энэ. Г.Эрдэнэцогтынх ам бүл тавуулаа бөгөөд ууган хүүхэд нь энэ жилээс оюутан болсон байна. Гэртээ хариагүй гурван сар болж байгаа тэрбээр Тавантолгойн баруун цанхийн ордоос нүүрс тээвэрлэдэг.

Энэ сар гарснаас хойш хоёр дахь удаагаа хилээр гарах гэж байгаа Г.Эрдэнэцогтын нэг рейсийг 700 мянган төгрөгөөр үнэлдэг байна. Уртын урт тээвэр гэж нэрлэдэг Тавантолгойгоос Гашуунсухайт чиглэлд яваа жолоочийн нэг удаагийн тээврийн хөлс 650-700 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа юм. Квот тогтоосонтой холбоотойгоор нүүрсээ ачих гэж тав хоног зарцуулсан Г.Эрдэнэцогт арав дахь хоног дээрээ хилийн баганын өмнө тулж ирээд байгаа нь энэ. Жолооч нар нүүрсээ ачихын тулд гурав хоног дугаарлаж, дараа нь гаалийн бичиг авах гэж хоёр хонож байна. Тэд өлсөх, цангах, даарах, халах бас хүлээхийн зовлонг мэдэхээрээ нэг болцгоосон.

Экспорт удааширч байгаа тул олборлолтоо сааруулахад хүрээд байна
Гэвч өнөөдөр л хилээр гарчих болов уу гэсэн найдвар дор бүрнээ тээнэ. Орон нутгийн статустай Гашуунсухайт боомт нүүрс, эрдэс баялаг гаргах найман чиглэлийн замтай. Үүний хоёр замыг нь “Оюутолгой” компани “эзэмшдэг” бол үлдсэн нь нүүрсний компаниудад ногддог. Хятадын тал нүүрсний татан авалтаа гурав дахин багасгасан тул зургаан замаас дөрөв нь ажиллаж байна. Монголын экспортын нүүрсний гол үүд болчихоод байгаа Гашуунсухайтын боомтоор өнгөрсөн жил 13 сая тонн нүүрс гарсан бол энэ оны есдүгээр сарын байдлаар 14.1 сая тонн нүүрс экспортолжээ. Үүний 7.2 сая тонныг “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компани нийлүүлжээ. Талын ухаа таван толгойг компанийнхаа нэрийн хуудас болгож мөнхөлсөн “Эрдэнэс Тавантолгой” квотын 45 хувийг эзэмшиж байна. Тодруулбал, тухайн өдөр хилээр гарах нийт 600 тээврийн хэрэгслийн 45 хувь нь “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрс тээвэрлэнэ гэсэн үг. Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш нүүрсний экспорт царцсан. Холбогдох орон нутгийн хил, гаалийнхантай манай талынхан хэдэнтээ уулзсан боловч Гашуунсухайт дээр дорвитой ахиц гарч чадаагүй байна. “Тээвэрлэлт нэмэгдүүлэх нь бидний мэдлээс давсан асуудал болчихоод байна” хэмээн тус боомтын захиргааныхан учирлалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гааль, татвар хариуцсан орон тооны бус зөвлөх О.Амгаланбаатар хэд хоногийн өмнө Гашуунсухайтын боомтын нөхцөл байдалтай танилцсан байна. Ерөнхийлөгчийн сонорт нөхцөл байдлыг илтгэсэн бодит мэдээлэл хэдийнэ хүрсэн болов уу. Экспортод нүүрсээ гаргаж буй компаниуд квотоо зөрчиж байгаа тохиолдол цөөнгүй. Үүнээс болж өдөрт 800-900 машинд нүүрс ачилт хийгддэг байна. Энэ нь урт дарааллыг улам сунгадаг аж. Монголын эдийн засгийн тамир тэнхээг тэтгэж буй Тавантолгойн орд Монгол Улсын экспортын нүүрсний тал хувийг нь гаргадаг. Тус ордод төр болон орон нутгийн өмчит, хувийн хэвшлийн гэсэн гурван өөр статустай компани үйл ажиллагаа явуулж байна. Компани болгоны нөөц, боломж харилцан адилгүй. Гэхдээ нүүрсний татан авалт удааширч эхэлсэн цагаас хойш компаниудын зарим техник сул зогсолт хийх нь нэмэгджээ. Энэ болгонд алдагдал хүлээж байна. Тухайлбал, жижиг гэх тодотголтой, орон нутгийн өмч давамгайлдаг “Тавантолгой” хувьцаат компани дээр дурдсан квотын 15 хувийг эзэмшдэг. Квотынхоо дагуу өдөрт 75 тээврийн хэрэгсэлд ачилт хийж байна.

Энэ нь нийт хүчин чадлынх нь дөрөвний нэгтэй тэнцэх аж. Тус компанийн хувьцааны ханш он гарсаар долоо дахин өссөн билээ. Сүүлийн таван жилийн хугацаанд “Тавантолгой” хувьцаат компани хамгийн бага зардлаар хамгийн өндөр ашиг олох менежментийг хэрэгжүүлснээр алдагдалгүй ажиллаж буй. Хэдий ийм боловч экспортын саад тэднийг тойрсонгүй. Хятадын зах зээлд Монголын нүүрс өдгөө долоон боомтоор гарч байна. Үүний хоёр нь Өмнөговийн Шивээхүрэн, Гашуунсухайт. Тус хоёр боомт нийлээд Монгол Улсын нийт экспортын нүүрсний голыг нугалж ирсэн. Гашуунсухайтын боомтынхон Хятадын талаас татан авалт багассан тул ачааллаа тэнцвэржүүлэх үүднээс дөрвөн замаар нүүрс ачсан авто машиныг нэвтрүүлж буй. Өөрөөр хэлбэл, хүчин чадлаа бүрэн ашиглаж чадахгүй байна.

Экспорт ийнхүү удааширч байгаа тул компаниуд олборлолтоо сааруулахад хүрээд байна. Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” компанийн уурхайн бүсэд үүсгэсэн гүний гаалийн талбайд нийт 10 гаруй томоохон овоолго үүссэн байна. Тус компанийн хувьд энэ онд нийт 11.2 сая тонн нүүрс олборлож, 10.5 сая тонн нүүрс экспортлох зорилт тавьсан. Гэвч хил, гаалийн хүндрэлээс шалтгаалан төлөвлөгөө биелэхгүй байхад хүрчээ. Одоо үүсээд буй нөхцөл байдал хэдий дээрдсэн ч олборлолт 10 сая тонноос хэтрэхгүй гэж байна. Олборлолт зогслоо гэхэд үүнийг дагаж гарах эдийн засгийн хор уршиг их. Тавантолгойн ордод олборлолт хийж буй компани болгоны өмнө дээрх бэрхшээл сорилт болж байна.


САНАЛ БОЛГОХ