"Хөнгөн жингийнхэн" хөлдүү зах зээлийг гэсгээв
Хөрөнгийн зах зээл
Хоёр ч IPO хөрөнгө оруулагчдын хүртээл болоход бэлэн байна
Хөрөнгө оруулагчид завгүй байна. Энд ч танилцуулга, тэнд ч захиалга өрнөж, үнэт цаас тойрсон үйл явдлууд хөрөнгийн зах зээлд хөвөрсөөр. “Roadshow” буюу танилцуулгын тов, мэдээллүүд нийгмийн сүлжээгээр түгж, үнэт цаасны сурталчилгаа, сургалтууд танхим дүүрэн оролцогчтой үргэлжилж буй. Ингэхэд хэзээнээс ийм болов. Монгол Улсад хөгжиж эхэлсэн 1990-ээд оноос хойш энэ зах зээл илүү бэлгэдлийн шинж чанартай, дайвар салбарын үүрэг гүйцэтгэж өдий хүрсэн юм. Санхүүгийн салбарт эзлэх хөрөнгийн зах зээлийн жин, хэмжээ одоо ч бүүдгэр, бага хэвээр байна. Энэ хэрээр манай үнэт цаасны зах зээл олон улсынхаас алсран холдож, хөндийрсөн.
Дэлхийн санхүүгийн зах зээл бүхэлдээ доргиж, үнэт цаасны үнэ, ханш жирэлзэн, хэлбэлзэж байхад манайд таг чиг. Онцын өөрчлөлтгүй арилжаа өрнөх үе ч олон байв. Харин энэ жилээс эхлэн ховорхон сонсогддог санхүүгийн үг зах зээлээр хөвөрч, шинэ хувьцаа, бонд, бүтээгдэхүүн шил шилээ даран гарсаар. Өчигдөр буюу энэ сарын 25-наас технологийн салбарын “Анд Энерги” компани анхдагч зах зээлээс үнэт цаасны захиалгаа эхлүүллээ. Энэ үйл явдлаас өмнө LED гэрэл үйлдвэрлэгч тус компанийн хувьцааны танилцуулга хэдэн өдөр өрнөж, хөрөнгө оруулагчдын сонирхлыг хэд хоног татсан. Харин одоо танилцуулах үеэ өндөрлөж, захиалгаа эхлүүллээ. Ийнхүү нэг үнэт цаас биржийн лангуу руу шилжиж байх зуур шинэ хувьцааны танилцуулга мөр мөшгин эхлүүлсэн. Программ хангамж, мэдээллийн технологийн "iTools" компани анхдагч зах зээлд хувьцаа гаргахаар төлөвлөж буй бөгөөд үнэт цаасныхаа танилцуулгыг энэ сарын 29-нийг хүртэл хийх аж. Мэдээж, танилцуулгынхаа дараа захиалга эхлүүлэх нь ойлгомжтой. Ингэснээр Монголын хөрөнгийн зах зээлд оршин тогтнож буй хоёр биржид зэрэг шахам хоёр ч IPO гаргах гэж байна.
Бонд гаргасан компаниуд дахин бонд гаргах хандлагатай
2015 онд "Монгол шуудан" компани Монголын хөрөнгийн биржид хувьцаа гаргаснаас хойш нэг ч IPO биржийн лангуу дээр харагдаагүй өдий хүрсэн. Харин одоо сонголт сорьсон хоёр ч IPO хөрөнгө оруулагчдын хүртээл болоход бэлэн байна. Зөвхөн IPO-оор зогсохгүй бусад бүтээгдэхүүний сонголт ч энэ онд цөөнгүй байсан. Энэ оны дундуур барилгын салбарын “Орчлон” констракшн нэг тэрбум төгрөгийн компанийн бонд гаргалаа. Үүнээс хэдэн сарын дараа хүнсний салбарын тэргүүлэгчдийн нэг "Сүү" хувьцаат компани Монголын хөрөнгийн биржээр дамжуулан зургаан тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бас татав. Хамгийн сонирхолтой нь харьцангуй их хэмээгдэж байсан "Сүү" бондыг сонирхогчдын тоо өндөр байснаас хөрөнгө оруулах захиалга төлөвлөснөөс давсан байна.
Ийнхүү компанийн бондын идэвхжил эхэлсэн юм. Монголын бизнесийн салбарт олон жил оршин тогтнож буй "Сүү", "Орчлон" констракшнаас гадна шинэ тоглогчид ч өөрсдийгөө сорив. Хамгийн ойрын жишээ гэвэл "Урбан" брэндээр нь бидний мэдэх "Денимон" компани дотоодын зах зээлээс санхүүжилт татсан юм. Бэлэн хувцас үйлдвэрлэгч тус компани босгосон мөнгөөрөө шинэ цувралаа цогцлоохын тулд хөрөнгийн зах зээлийн хаалгыг тогшжээ. Хариуд нь 750 сая төгрөг босгож чадсан юм. Бас гарааны бизнесийн голлох төлөөлөл болох "Натурал Эссэншлс" компанийг дурдаж болно. Органик гоо сайхны бүтээгдэхүүний "Lhamour" брэндийг үйлдвэрлэгч тус компани дотоодоос 100 сая төгрөгийн санхүүжилт татсан. Хамгийн гол нь энэ мөнгийг нэгхэн цагийн дотор босгосон гэвэл та итгэх үү. Тэгээд бүр хөрөнгийн бирж, ямар нэгэн талбараар дамжилгүй шууд хувь хүмүүст санал болгоод босгочихсон.
• Энэ оны хөрөнгийн зах зээлийн салхийг хагалсан “Орчлон” констракшн гэхэд дахин 950 сая төгрөгийн бонд босгох гэж байгаа аж.
• “Урбан” брэндийн “Денимон" компани дахин санхүүжилт татах гэж байгаа аж.
• Эдийн засгийн хүндрэл бизнесийн орчныг тамирдуулдаг ч эргээд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлдэг.
Энэ компанийн хөрөнгө босголт аль нэг биржээр дамжаагүй, харьцангуй эрсдэлтэй байж болох ч хөрөнгө оруулагчид тус компанид итгээд шууд л 100 сая төгрөгөө даатгасан. Хөрөнгө оруулагчдад санал болгож буй бүтээгдэхүүн нь компанийн бонд, IPO эсвэл хувь хүмүүсээс татаж буй хөрөнгө оруулалт гээд аль нь байх нь энд хамаагүй. Хамгийн гол нь хөрөнгө оруулагчдын хүсэл эрмэлзэл цаашлаад итгэл ямар байгааг тодорхой харчихаж болно. Эдгээр бүтээгдэхүүн нь хэмжээ, хэлбэр гээд олон зүйлээс ялгаагүй ч дотоодоос хөрөнгө татчихаж байгаа нь харин нийтлэг хандлага. Өөрөөр хэлбэл, хөрөнгийн зах зээлийн мэдлэг дутмаг, сонирхол сул хэмээн үнэлүүлдэг монголчууд энэ салбарыг сонирхож, бас итгэж эхэлсний илрэл гэлтэй.
Сүүлийн хэдэн сар дотоодын хөрөнгийн зах зээлд өрнөсөн үйл явдал, хөрөнгө оруулалтуудаас хэд хэдэн зүйлийг тодорхойлж болохоор байна. Тухайлбал, хөрөнгийн зах зээлийн хөгжилд үндэсний томоохон компаниуд чухал үүрэгтэй. Тэд л энэ зах зээлийг урагшлуулна гэсэн улиг болсон хүлээлт салбарынхны дунд байсан нь нууц биш. Гэтэл өдгөө хөрөнгийн зах зээлийг хөдөлгөж буй компаниудыг харвал үүсгэн байгуулагдаад хэдхэн жилийн нүүр үзэж буй гарааны компаниас эхлээд хоолны сүлжээ ресторан хүртэл энэ зах зээлээс мөнгө босгож байна. Мөн сүүлийн жилүүдэд компаниуд даатгагдсан бонд гаргаж эхэлсэн. Энэ нь эргээд даатгалын салбарт ч эерэгээр нөлөөлж буй нь дамжиггүй. Бас хөрөнгийн бирж өрсөлдөгчтэй болсон.
Монголын анхны хувийн үнэт цаасны бирж үйл ажиллагаа эхлүүлж, анхны IPO- г хэзээ мөдгүй хийх гэж байна. Нэг зах зээлд шинэ өрсөлдөгч бий боллоо. Энэ хэрээр өрсөлдөөн нэмэгдэж, хөгжлийн хурд нь эрчимжих хүлээлт байна. Мөн бонд гаргасан компаниуд дахин бонд гаргах хандлагатай байгаа. Энэ оны хөрөнгийн зах зээлийн салхийг хагалсан "Орчлон" констракшн гэхэд дахин 950 сая төгрөгийн бонд босгох гэж байгаа аж. "Урбан" брэндийн "Денимон" компани дахин санхүүжилт татах гэж байгаа аж. Ийнхүү хөрөнгийн зах зээлийн идэвхжил сэргээж байна. Нэг талаас эдийн засгийн хүндрэл бизнесийн орчныг тамирдуулдаг ч эргээд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлдэг хамгийн тод жишээ энэ.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй