Цагаа олоогүй царцаасан шийдвэр

Уул уурхай


Тусгай зөвшөөрөл болгон орд болдоггүй

Уул уурхайн үйлдвэрлэл хайгуулаас эхэлдэг. Гэхдээ тусгай зөвшөөрөл болгон орд болдоггүй гэдгийг сануулахад илүүдэхгүй байх. Орд нээгдсэн ч эдийн засгийн үр өгөөж нь харилцан адилгүй. Ийм дэг жаягтай учраас геологи, хайгуулын ажилд цаг хугацаа, хөрөнгө мөнгө ихээхэн зардаг бас үрдэг. Хамгийн багадаа 10 жилээр үүнийг урьдчилж тооцох шаардлагатай гэж салбарынхан үздэг. Өнөөдөр хайгуулын лиценз авангуутаа маргааш нь ордоо шууд ашиглаж эхэлнэ гэсэн ойлголт байдаггүй. Үүнд тодорхой цаг хугацаа, хүч хөдөлмөр шингэдэг онцлогтой. “Оюутолгой” шиг ордыг олохын тулд мянган удаа өрөмдлөг хийх ч багадах билээ.

Энэ нь хайгуулын салбар аз сорих төдийгүй эрсдэл өндөр болохыг илтгэнэ. Манай улс хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг цахимаар болон сонгон шалгаруулалтын журмаар олгоод хоёр жилийн нүүр үзэж байна. Энэ хугацаанд тусгай зөвшөөрөл тойрсон хардлага, хэл ам ер тасарч байгаагүй. Нөгөө л бие биенээ мэрсэн, тамын тогооны үлгэр шиг зарга үргэлж байсаар.

Алхны тогшилт, өрөмдлөгийн дуу геологи, хайгуулын салбараас холдох нь
Хэдий ийм боловч бараг таван жил зогсчихоод байсан тусгай зөвшөөрлийн олголтыг сэргээсэн нь хөдөлсөн чигтээ урагшилсан. Энэ нь уул уурхайн салбарт төдийгүй хөрөнгө оруулалтын орчинд өдгөө эерэг дохио өгсөн юм. Харамсалтай нь, шинэ сайдын өгсөн чиглэл тус салбарт орж ирэхээр битүүхэн хүлээгдэж байсан хөрөнгө оруулалтыг царцаах хэмжээний эрсдэл дагуулахад ойрхон байна. Тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой системийн доголдлыг бүхэл бүтэн улс хүсвэл дор нь засчих боломжтой.

Гэтэл “нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов” гээч боллоо. Өргөдлийн журмаар лиценз олгох үйл явц техникийн саатлаас болж удааширсан нь үнэн. Гэхдээ төр гаргасан шийдвэрээ зогсоох хэмжээнд хүртлээ доройтсон гэвэл үгүй. Лиценз олгохтой холбоотой одоо мөрдөж буй дүрэм, журмаа сайжруулах нь зөв. Үүнийг хэн хүнгүй дэмждэг. Гэхдээ байнга өөрчлөх нь төдийлэн оновчтой биш гэх байр суурь ч давамгайлах нь бий. Тусгай зөвшөөрлийг түр хугацаагаар “хорих” аянга буулгасан нь гэнэтийн үйл явдал болж байна. Эдгээр нь хувийн хэвшилд дахиад л хүндрэл үүсгэнэ гэсэн үг. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын гаргасан эл шийдвэрт салбарынхан төдийлэн сэтгэл ханамжтай биш байна. Түүхий эдийн үнэ сэргэж, тогтвортой байх цагаар хайгуулын салбар дахь хөрөнгө оруулалт үрждэг.

Хөрөнгө оруулалтын гачигдалд орчихсон төслүүдээ амилуулах боломж дээрх шийдвэрээс болж үргэх талтайг тус салбарт ажиллаж буй хүмүүс дурдаж байсан юм. Монголд шинэ орд илрүүлэх хүсэл өвөртөлсөн хөрөнгө оруулагчид нутаг буцахаас аргагүй байдал одоо үүсэж байгааг мөн учирлаж байв. Үүрэгт ажлаа хүлээж аваад удаагүй салбарын сайдын “бэлэг” уул уурхайнханд таатай санагдаагүй бололтой. 2004 оноос хойш хайгуулын салбарт зарцуулж буй хөрөнгө оруулалт саарч, 2010 оны үед идэвхжиж байсан.

Гэвч төд удалгүй эрдэс түүхий үнийн уналттай хамт уруудсан билээ. Манай улсын хайгуулын салбарт багагүй хэмжээний мөнгө эргэлддэг. Энэ нь эдийн засагт хөрөнгө оруулалт болж тэтгэж ирсэн. Гурван хүн тутмын хоёр нь цагаа олоогүй шийдвэр хэмээн сайдынхаа бодлоготой зөрчилдөж сууна. Д.Сумъяабазар сайд лиценз замбараагүй олгохыг хязгаарлана гэж мэдэгдсэн нь гаднынханд илүү хүчтэй буужээ. Угтаа 2011 оноос хойш хайгуулын тусгай зөвшөөрлийн олголт цэгцэрсэн юм. Тодруулбал, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үед тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглосон билээ. Үүний үр дүнд тус салбарын буглаа гарч, хил, хязгааргүй олгосон болгоныг төр өөртөө эргэж авсан удаатай. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд ажлаа тусгай зөвшөөрлөөс шууд эхэлсэн нь энэ. Түүний шийдвэрийн дараа Монголд хайгуул хийж байгаа Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Erdene Resource Development”-ийн хувьцааны ханш 2.9 хувиар буурч, 0.67 канад ам.доллар болсон байна.

Мөн “Centerra gold”-ийн хувьцааны ханш 0.22 хувиар суларч, 9.02 канад доллар боллоо. “Лиценз олголт ченж маягтай байсан байх магадлалтай” хэмээн салбарын сайд үзэж буй. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа мөртөө гадаадын таван хөрөнгийн биржид бүртгэлтэй 34 компани бий. Эдгээр компанийн хувьцааны ханшид дээрх лицензийг түр зогсоох чиглэлийн “сүүдэр” хэдийнэ уналаа. Олон улсын хөрөнгийн зах зээлд өдөр болгон арилжаанд орж буй хувьцаа хамгийн мэдрэг хийгээд соргог байдаг. Өмнөх Засгийн газар нийт нутаг дэвсгэрийн 31.8 сая га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой солбилцлыг тогтоосон. Үүнээс өргөдлийн журмаар 13.6 сая га талбайд тусгай зөвшөөрөл олгохоор болсон.

Дэлхий дахинд уурхайг олж, нээх хайгуулын ажилд зориулж буй хөрөнгө оруулалтын урсгал Канад, АНУ, Австрали, Африкийг зорих нь их. Үүний тодорхой хэсгийг Монголдоо үлдээх хүсэл салбарынханд үргэлж байсан. Хэдий ийм боловч төр, засгийн гаргасан шийдвэрээс болж дайжиж холдсон нь цөөнгүй. Монголд геологи, хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компаниудад дээрх шийдвэр эдийн засгийн хүндрэл үзүүлж магадгүй нь. Алхны тогшилт, өрөмдлөгийн дуу геологи, хайгуулын салбараас холдох эсэхийг тамга атгаж буй сайдаас гадна УИХ, Засгийн газар шийдэх учиртай. Манай улсын хувьд хайгуулын салбартаа жилд ойролцоогоор 1-2 тэрбум ам.доллар татах боломжтой. Гэвч энэ боломжийг цагаа олоогүй царцаасан шийдвэр үгүйсгээд эхэлчихлээ.



САНАЛ БОЛГОХ